Орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлцгээе!
УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ УЛААНБААТАР ХОТОД ҮЙЛДЭГДДЭГ
2020 оны 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 3856 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бол өмнөх жилийн мөн үед энэ тоон үзүүлэлт 4962 үйлдэгдэж бүртгэгдсэн. Энэ нь 1106 нэгжээр буюу 22.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг Улаанбаатар хотод үйлдэгддэг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд авч үзвэл 2020 оны эхний хагас жилд 9064 гэмт хэрэг бүртгэгдсэний 2795 буюу 30.8 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Урьд оны мөн үеийнхээс 854 хэргээр буюу 23.4 хувиар буурсан. Хулгайлах гэмт хэргийн 2463 буюу 88.1 хувийг хувийн өмчийн хулгай, 225 буюу 8.1 хувийг халаасны хулгайн гэмт хэрэг, 46 буюу 1.6 хувийг мал хулгайлах, 69 буюу 2.5 хувийг авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг байна
Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлүүд болон нэгдсэн зохион байгуулалтгүй байдал нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг дагуулдаг. Мөн оршин сууж буй байр, гэр, гудамжны ойролцоо камер эсхүл дохиоллын систем хангалтгүй байдгаас орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл нэмэгддэг.
ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ ГЭМТ ЭТГЭЭДҮҮД НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРСОН
Түүнчлэн баяр наадам болж иргэд хөдөө гадаа явж аялж, амарч зугаалахаар тодорхой хугацаанд орон гэрээ удаан хугацаагаар эзэнгүй, хараа хяналтгүй орхиж явснаас хулгайд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цахим сүлжээ их хөгжсөн өнөө үед иргэд маань сошиалд энд явж байна, тэнд явж байна, ийм газар, тийм зүйл үзээд явж байна гэх мэтээр өөрсдийнхөө хаана байгааг олон нийтэд дэлгэж нийтлэх үзэгдэл их болсон. Энэ нь заримдаа гэмт этгээдүүдэд өгөөш болж өгдөг. Одоо үед хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нарийн зохион байгуулалтад орсон, тэд хулгай хийх айлуудаа тодорхойлж, сайтар судалсны үндсэн дээр эл гэмт хэргээ үйлдэж байна. жишээлбэл, 2019 онд цагдаагийн байгууллагаас орон байрны гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг барьсан байдаг. Тэдний ярьж байгаагаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ цахим олон нийтийн сүлжээг ашигласан байдаг. Бүгд хийж гүйцэтгэх үүргээ тодорхойлж, нарийн зохион байгуулалтад орсон байсан.
ЗАХЫН ДҮҮРГҮҮДИЙН ГЭР ХОРООЛЛООР ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ИХЭЭР ҮЙЛДЭГДДЭГ
Улсын хэмжээнд авч үзвэл, энэ төрлийн гэмт хэргийн гаралтын дийлэнх хувь нь Нийслэл Улаанбаатар хотод үйлдэгддэг. Улаанбаатар хот дотроо аваад үзэхээр, Нийслэл хотын захын дүүргүүдийн гэр хорооллоор орон байрны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж, бүртгэгдсэнийг статистик дүн мэдээ харуулж байна. Улсын хэмжээнд Илрүүлэлтийн хувийг авч үзвэл, орон байрны хулгайн үйлдэгдсэн гэмт хэргийн 50-с илүү хувийг халуун мөрөөр нь илрүүлсэн тоо баримт байдаг. Илрүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илрүүлэлт 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙГ 14-21 ХОНОГИЙН ДАРАА ХУГАЦАА АЛДАЖ ӨГДӨГ
Аливаа гэмт хэргийг гарсан даруйд нь мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулбал хэргийн илрүүлэхэд давуу тал болдог. Гэтэл иргэд орон байраа удаан хугацаагаар, хараа хяналтгүй орхиж явснаас болоод гэмт хэрэг үйлдэгдсэний 14-21 хоногийн дараа, зарим тохиолдолд сарын дараа мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл оройтож, хугацаа алдаж өгдөг. Тэр үед хэргийн газар дээр очиход, янз бүрийн байдлаар гэмт этгээдүүд ул мөрөө баллах, хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт устаж үгүй болох зэрэг хүндрэл бэрхшээлүүд гардаг. Жишээ нь гарын хээ, гутлын улны мөр тоосонд дарагдах, арилж алга болох гэх мэт.Нөгөө талаас орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд хүний хөл хөдөлгөөн бага үед, дохиололгүй, камержуулалтгүй орчинг сонгон гэмт хэрэг үйлддэг тул сэжигтэй этгээдийг харсан үзсэн хүн буюу гэрч байхгүй, хяналтын камерын бичлэг байхгүй тул илрүүлэхэд цаг хугацаа ордог.
ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮД 14-30 НАСНЫ ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ, БОЛОВСРОЛГҮЙ БАЙДАГ
Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн дийлэнх хувийг 14-30 насныхан эзэлдэг, боловсрол мэргэжлийн хувьд бага, бүрэн бус дунд, тусгай дунд, боловсролгүй, тодорхой эзэмшсэн мэргэжилгүй этгээдүүд байдаг.Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд сайн дураараа барагдуулахыг санал болгодог. Мөн шүүгчийн захирамжаар тухайн этгээдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг хураах арга хэмжээ авдаг. Хохирлоо төлж барагдуулаагүй тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар авах ялын хэмжээ нь их байдаг.
ХАМААТАН САДАН, ХӨРШ АЙЛДАА ГЭРЭЭ САЙТАР ЗАХИХ ХЭРЭГТЭЙ
Иргэд орон гэрээ аль болох удаан хугацаагаар эзэнгүй, орхиж явахгүй байх. Эзэнгүй орхиж явахаар бол хамаатан садан, найз нөхөд, хөрш айл, саахалт айлдаа сайн захиж явах, хаяа даа эргэж тойрч байх хэрэгтэй. Айл өрхүүд хөршийн холбоогоо сайжруулах хэрэгтэй байна. Хуучин айл өрхүүд бие биетэйгээ сайн харилцаатай байсныг бид мэднэ. Нэгнийхээр нь ямар хүн орж гарч байгааг их сүрхий, гярхай ажиглаж хардаг байсан. Гаднын хүн үзэгдвэл, юун хүн болох талаар нь, ямар айл сураглаж яваа талаар асуудаг байсан. Өнөө үед энэ байдал бага зэрэг алдагдчихаад байгаа. Өөрөөр хэлбэл нийгмээ дагаад хүний мөс чанар бас арай өөр болж байна л даа.Жишээ нь та хөдөө орон нутагт амьдардаг бол хол явахдаа саахалт айлууддаа захих, хотод орон сууцад оршин суудаг байлаа гэхэд, хажуу хөрш айлдаа гэрээ захиад явах хэрэгтэй. Өөрийн холбоо барих утасны дугаарыг үлдээх, шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний дугаарыг гэх мэт. Энэ нь дан ганц хулгайн гэмт хэргээр зогсохгүй, үер ус, гал түймрийн аюул боллоо гэхэд түргэн шуурхай гэрийн эзэнд нь мэдэгдэж учрах эрсдэлээс сэргийлэх, хохирол багатай даван туулах ач холбогдолтой байдаг.Оршин сууж байгаа газартаа аль болох камержуулалт, дохиоллын системийг бий болгох талаар санал санаачилга гаргах, байгаа бол чанарыг нь сайжруулах, тоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй.
ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ ХЭРЭГЛЭЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ
Удаан хугацаагаар гэр, орон байраа орхиж явлаа гэхэд, ядаж тэрийгээ олон нийтийн сүлжээнд мэдэгдүүлэхгүй байх, өөрсдийн байршлыг цахим ертөнцөд дэлгэхгүй байгаач ээ гэж хүсмээр байна. Та л өөрөө дэлгэхгүй бол хэн ч таныг гадуур гэрээсээ хол, гэртээ байхгүй байгаа гэдгийг мэдэх бололцоогүй шүү дээ. Мөн орон байр, гэрийн доторх байдлаа гэрэл зураг эсхүл видео хэлбэрээр аль болох цахим ертөнцөд дэлгэж тавихаас зайлсхийх хэрэгтэй. Иргэд өөрсдийн гэртээ байдаг эдэлж хэрэглэж буй алт мөнгөн эдлэл, хөөрөг, үнэт эдлэлээ харуулсан гэрэл зургийг цахим ертөнц, сэтгүүлд нийтэлж, энэхүү үйлдэл нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдэд олз болж байсан тохиолдлууд ч байдгийг бодууштай.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:00
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:59
Зочин [202.9.46.193] 2020-07-27 00:10:22
Дээр суугаа хулгайч пизда нартай тэмцээч.
Зочин [103.10.21.34] 2020-07-25 19:06:13
Гэрт хөдөлгөөн илрэнгүүт утсанд SMS явуулдаг авсаархан, жижигхэн зайгаар ажилладаг төхөөрөмж байдаг юм билээ. Үйлдэл дээр нь цагдаа нар пижигнээд ороод ирнэ гэсэн үг.
Зочин [202.9.46.193] 2020-07-25 10:30:43
Хүмүүжил бол хамгийн том боловсрол
Зочин [202.126.90.101] 2020-07-25 03:43:39
Порчикоо сайн хамгаалаарай 1,2давхарынхан төмөр хамгаалалт хий