Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хөдөө аж ахуй, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Орхон аймгийн иргэн Д.Энхбат:

“…Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний боловсролын асуудал хүндхэн байгааг олон удаагийн сонгуулийн үр дүн, нийгмийн хандлага, нийгмийн хөгжлийн чиг баримжаа хаашаа явж байгаагаас эхлэн бодох ёстой болжээ. Тийм учраас Эрдэнэт хотод иргэдийн дунд иргэний боловсролын хөдөлгөөнийг өрнүүлье гэж шийдсэн. Манай Эрдэнэт хотын залуучууд болон ахмад үеийн төлөөлөл болж би энийг ажлыг санаачилж байгаа. Монгол Улсад иргэний боловсролын аян, хөдөлгөөн өрнүүлбэл ямар вэ? Болж өгвөл энэ ажилд, бүх нийтээрээ монгол бичгээ суралцах ажилд ханцуй шамлан орвол ямар вэ? Мөн орчин цаг үетэй нийцсэн, иргэн хүний заавал эзэмшсэн байх боловсрол байна. Энэ боловсролыг олгохыг хичээж, иргэний боловсрол гэдэг хөдөлгөөнийг орон нутгаас санаачилж, Эрдэнэтээс эхлүүлэх тухай санал солилцсон. Энэ хөдөлгөөнийг хэрхэн яаж зохион байгуулах, улс төргүй, намын харьяалалгүй, иргэдийн боловсролын үндэсний академи байгуулах тухай санал, санаачилгыг гаргасан төсөл байгаа юм. Энэ төслийг Танд танилцуулж, ажлын амжилт хүсье.”

Орхон аймгийн иргэн Батсайхан:

“…Энэ нутгийн фракц гээд аюултай асуудал яригдах юм. Засаг дарга, орлогч, төрийн сангийн дарга, өмчийн албаны дарга нь Архангайнх. Манайд “Эрдэнэт Ус”, хот тохижуулах гээд томоохон хоёр компани байдаг. Хоёулангийнх нь захирал Архангайн хүмүүс. Ийм байж болдог юм уу? Энийг яамаар юм бэ? Би өөртөө л тохиолдсон жишээг ярья. Цэцэрлэгт манаачаар оръё гээд эрхлэгчтэй нь очоод уулзахад надад ингэж хэлсэн. “Та багш юм уу, эмч бол ажилд авч болно. Манаач авах асуудал байдаггүй ээ. Тэрийг захиргаа мэддэг” гэж хариулж байна лээ. Бүр ийм болчихсон байна.”

Орхон аймгийн иргэн Цэцэгмаа:

“…Энэ тэтгэвэр тогтоох аргачлал буруу байна аа. Таван жилээр тогтоодог байсан бол долоон жил болсон. Гайгүй тэтгэвэр тогтоолгох гэж байсан хүний тэтгэвэр улам доошилж, эмзэг бүлэгт шилжихэд маш ойрхон болж байна. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн шинэ бодлогод ийм заалт орчихоод байна.

Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажилласан жилийг нөхөн тооцдог тооцолт байна шүү дээ. Үүн дээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн татвар төлөлтийн бичиг гэж яриад байх юм. Татвар төлөлтийн бичигтэй хүн бараг байхгүй. 1990 оноос бид намын харьяаллаар дөрөв, дөрвөн жилээр алба хашаад явчихсан. Нэг нам гарахад тэр намын хүмүүс ажиллаж, нөгөө нам гарахад нөгөө намын хүмүүс ажилладаг. Тогтвортой ажилласан хүн бараг байхгүй. Хуульд нь өөрчлөлт оруулж өгөөч гэж Танаас хүсмээр байна.”

Орхон аймгийн иргэн О.Отгонтөгс:

“…Залуусаа дэмжих үндэсний хөдөлгөөн бий болгомоор байна. Гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудаа эхний нэгээс хоёр жилд нь татвараас чөлөөлөөд өгчих. Нэгээс хоёр жилийн хугацаанд тэд нар чинь татвараас холдоод шалихгүй. Нэг их мөнгө авахгүй. Гэхдээ 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ жилдээ 20 сая төгрөг болгочих гэхээр татвараас залгаад “Та яагаад татвараа төлөөгүй байгаа юм бэ” гэдэг. Ковид-19 гараад юм зараагүй юм чинь би яаж татвар төлөх юм бэ?”

Орхон аймгийн иргэн Т.Соёл-Эрдэнэ:

“…Манай Орхон аймгийг Үндсэн хуулиар Эрдэнэт хот болгосон. Зарим хүмүүс нь Эрдэнэт хотын иргэд гэж ярьж байгаа байх. Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг, мөн жар, жаран нэгдүгээр зүйл гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн хууль, Үндсэн хуульд оруулсан заалтууд зөрчилдөөд байна. Зөвхөн орон нутаг гэдэг заасан ч бусад хуульд хот гэсэн статус байхгүй. Эрдэнэт хот сүүлдээ тоглоомын хууль болох гээд байна уу гэж санаа зовж байна. Таны өргөн барьсан хуульд энэ заалт байсан боловч батлагдахдаа энэ заалтууд алга болчихсон байсан. Тэгэхээр хот гэдэг асуудлыг Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд баараггүй зөв заасан уу гэдгийг танаас асуумаар байна.”

Орхон аймгийн иргэн Ч.Алтан-Оргил:

“…Би Эрдэнэт хотод амьдраад 24 жил болж байна. 22 жил үйлдвэрлэл эрхэлж, улсад нийтдээ 30 жил ажилласан хүн. Ажлаа хийж байгаад тэтгэвэрт гарсан чинь өнөөдөр монгол хүмүүсийн унаган дархлаа байхгүй болчихож. Бид яагаад дархлаагүй болчихов оо гээд би өөрийн эрхгүй эмзэглэж байна. Би ээж хүн. Ээж гэдэг нэрээс халиад эмээ болсон. Би гурван ач, зээтэй. Коронавируст халдвар гарснаас хойш энэ асуудал миний толгойд харвасан сум шиг орж ирсэн. Монгол хүний унаган, төрөлх дархлаа хааччихав аа? Дөчөөс дээш насны бидэнд унаган дархлаа байна. Гэтэл бидний хүүхдүүд нэг настай ишиг, хоёр, гурван настай ямаа гэж нэрлэж байна. Бид хүүхдүүдээ яаж өсгөх ёстой вэ? Энэ эмзэгхэн хүүхдүүдэд эх орноо яаж үлдээх вэ гэж бодохоор миний авах, гээхийн ухаан арилсан. Монгол хүний унаган, төрөлх дархлааг үүсгэхгүй бол хойшдоо үр хүүхэд минь яах вэ? Бид яагаад ийм залхуу ард түмэн болчихов оо?”

Орхон аймгийн иргэн Тунгалагтамир:

“…Төрийн албан хаагчдын тал дээр ярихад хүнд суртал арилаагүй байгаа. Би гучин настай залуу хүн. Иргэн хүний 0.7 га газраа авах гэхээр мэддэг хүн байхгүй байна. Ямар ч газарт ороод бичиг хэргээс нь юм асуугаад, хөөцөлдөөд явж байгаа юм аа гэхээр мэддэг хүн алга. Тэр хүмүүс тэнд юу хийж суугаа юм бол? Дипломтой, мэргэжилтэй, хүн дайрч унагаах нь холгүй хүмүүс байх юм. Төрийн албан хаагчдын шалгалт гэдэг зүйл дүрмийн дагуу явдаг юм уу? Үнэхээр боловсролтой, урдах ажилдаа эзэн болсон, би энэ ажлыг хийж чадна гээд ажилд орсон хүн байдаг юм болов уу? Эсвэл ах, эгч нь хөтөлж аваачаад оруулчихсан юм болов уу? Би энэ талаар одоог хүртэл ойлгодоггүй.”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ, “Цаашид би хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсож, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж ажиллана. Үүнд Та бүхэнтэй хийж буй уулзалт маш чухал. Иргэд Та бүхэн босоод төрийн бодлогыг хатуу шүүмжилж байвал бүгдээрээ санаа нэгтэйгээр Улсын Их Хурал, Засгийн газарт Та бүхний саналыг уламжилж, хамтран ажиллана” гэлээ. Мөн иргэдийн бусад асуултад хариулт өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа есдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгаас эхлүүлсэн. Улмаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймгийн иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх цуврал уулзалтууд үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.172] 2020-09-29 03:43:14

дахин сонгогдох гэж яваад байгаа юм байлгүй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.