ХОЛЧ УХААН, ГОЛЧ ЧАНАРТАЙ НЭГЭН БАЙВ
"ПАРЛАМЕНТ-30"
-Хуулийн зүйл, заалт болгон дээр нягт нямбай ажилладаг сан-
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа өгүүлж байна.
1992-1996 онд Өвөрхангай аймгаас Улсын Их Хурлын гишүүүнээр хамтдаа сонгогдон парламентын танхимд тохой залган сууж байсан Осорхүүгийн Батмөнхийн тухай гавьяат хуульч, доктор Д.Лүндээжанцангийн 2007 онд бичиж, нийтлүүлж байсан хөргийг энэ удаад толилуулж байна.
Би орон нутгийн засаг захиргаатай холбоотой хуулийн төсөл уншиж суулаа. Тэгтэл баг, сум, аймгийн эрх мэдлийн харьцааны асуудлаар тодруулах, зайлшгүй асууж лавламаар зүйл гараад ирдэг юм байна. Тийм үед хүн өөрөө ч мэдэхгүй гар утас руугаа явдаг тохиолдол байдаг даа. Машин, утасны дугаар цээжлэхдээ маруухан миний цээжинд явдаг, чухал үед өөрийн эрхгүй эрэгддэг цөөн хэдэн утас байдаг. Тэдний нэг нь “9549” байсан юм. Тэр дугаарыг би байсан ч болоосой гэж үнэндээ санасан.
Амьд мэнд мөртлөө
Үхсэн хатсан юм шиг хүн байх юм
Үхсэн хатсан мөртлөө
Амьд юм шиг хүн байх юм ... гэж яруу найрагч М.Цэдэндорж яасан сүрхий үнэн бичсэн юм бэ гэж анх удаа ойлгох ч шиг болсон сон.
2006 оны намар манайхан Ираны Тегеран хотод Азийн парламентын холбооны чуулганд оролцож байсан юм. Цагийн зөрөө дөрвөн цаг, уур амьсгал өөр тул нойр алаглана. Нэг шөнө муухай нь аргагүй зүүд зүүдэллээ. Монголд газар хөдлөхөд хоёр гурван хүн бие биенээсээ зуурчихсан, өндөр эрэг нураад байна гэж хар дараад сэрсэн юм. Хаашдаа сэрвэгнүүр байсан нойр дахиад хүрсэнгүй. Гэрээдээ утаствал эхнэр утсаа авч “Бүх юм зүгээр ээ. Санаа зоволтгүй, ажлаа бод” гэлээ. Өглөө цайлцгааж сууснаа гадаад харилцааныхаа хэлтсийн дарга Чойдоржийг буудлын бизнес төвийн интернет рүү очоод ир гэж явуулсан чинь тэрээр “О.Батмөнх гуай автын ослоор өөд болжээ” гэсээр ирэв.
Тэр жил Өвөрхангайнхан их л одтой байсан юмсан. Аваргуудын цолны мялаалга дараа дараалан болж, нутгийн хэдэн ханагар ширээ ширээ дүүрэн баярлаж сууцгаасан юмсан. Гэнэтхэн ... гэж юуны түрүүнд бодогдоно. П.Хорлоо, Д.Пүрэвдорж, Н.Жанцанноров, Ц.Гомбосүрэн, Ц.Өөлд, О.Батмөнх Ши.Батбаяр гээд уул шиг сайхан ах нар минь.
“Эрэг нурсан” нь үнэн байжээ. Хорвоог яалтай билээ. Гэрээдээ дахин ярьсан чинь “Чамд хэлэх гэсэн ч зориг хүрээгүй юм аа” гэж эхнэр минь учирлаж билээ. Ах минь надад хүн хүнээс илүү дотно байсан юм чинь, аргагүй шүү дээ.
1992-1996 оны Улсын Их Хурлынхан түүнийг “О” гэж авгайлцгаадаг байлаа. Дундговиос бас нэг Батмөнх байсан болохоор ялгаж байгаа нь тэр. Түүнийг Содномын гэдэг. Бид гурав дөрвөн жил хамтдаа суусан нэг ширээний гурав. Тэр тусмаа “О” бид хоёр тохой залган суусан хоёр. Нутаг амьсаж, найзархсан хэрэг л дээ. Өмнө маань Ж. Болдбаатар багш лүглийн, биеэрээ ч биш бас оюун сэтгэлгээгээрээ ч лүглэгэр амьтан сууж байж билээ.
Хүмүүс “О”-г Батмөнх дарга гэхээсээ багш гэх нь олон байсан. Алтанбулагийн ХАА-н техникум, Хужиртын арван жилд багш, хичээлийн эрхлэгч хийж байгаад аймгийн боловсролын хэлтсийн даргаар нэлээд хэдэн жил ажилласан, ер нь боловсролын салбар, тэр тусмаа ерөнхий боловсролын асуудал ярихад Их Хурлынхан түүний л амыг голлон хардаг байсан даа. УИХ-аар боловсролын багц хууль ороход О.Батмөнх дарга бага, дунд боловсролын хуулийн ажлын хэсгийг ахалж байлаа. Сургуулийн амьдралыг арван хуруу шигээ мэддэг, бас ирээдүйн чиг хандлагыг шинжлэх ухаанчаар авч үзэж чаддаг нь бидэндээ их хэрэг болсон.
Нийслэл Улаанбаатар хотын хилийн цэсийг тогтоох маргаантай асуудал УИХ-аар яригдахад Улаанбаатар, Төв аймгийн аль алиных нь лоббид орохгүйгээр нь мөн л “О”-д энэхүү ярвигтай асуудлыг хариуцуулсан. Дараа нь энэ асуудлаар миний бие Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд Үндсэн хуулийн Цэц дээр маргаан шийдэхэд хариуцагчаар оролцоход бүх бүрдүүлсэн баримт сэлт нь хуулийн дагуу нягт нямбай, хий зайгүй байж Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсанд найдвартай хүнд юм даалгахад мөн сайхан аа гэж тэр үед бодогдож байж билээ. Ийм жишээ ганц биш л дээ.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийг буруу зөрүү зарцуулсан асуудлаар яриа гарч, бүр тусламж зогсоохдоо хүрлээ. 1995 онд энэ асуудлыг илааршуулах даалгавартайгаар миний бие Япон Улсад ажлын айлчлалаар О.Батмөнх, Ж.Болдбаатар багш нартай хамт явав. Бид Япон Улсын Ерөнхий сайд асан Накасонэ, парламентын Дээд танхимын дарга зэрэг төрийн нэрд гарсан зүтгэлтнүүдтэй уулзаж, санал бодлоо солилцож билээ. Айлчилсны зорилгоо ч биелүүлцгээлээ. Буцахынхаа орой Токио дахь Монгол Улсынхаа Элчин сайдын яаманд бөөн баяртай улс сууцгааж байсан чинь газар хөдөлдөг юм байна. Нэлээд хүчтэй хөдөлж, гэрлийн бүрхүүл савлаж байв.
О.Батмөнх, Ж.Болдбаатар багш бид бие биенээ ажсан шиг сууж байлаа. Бусад хүмүүс болохоор амандаа үглэцгээж, ихэд түгшиж байв. Бидний хувьд хэн нэгнийхээ яаж сандрахыг ажиж, дараа нь бие биенийгээ шоолж, явуулж, цаашлуулахыг л бодож байсан санагдана. Тэр үед “Тансан лам өмнөд этгээдэд зорчсон нь” гэдэг кино гарч байснаас бид өөрсдийгөө сармагчин багш, гахай багш, шороо багш гэж нэрлээд инээлдэж явснаа санахад одоо ч гэсэн сайхан байна.
1990-1991 онд МАХН их хурлаа гурвантаа хуралдуулж, үзэл баримтлал, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа үндсээр нь өөрчлөн шинэчлэх эрэл хайгуул хийгдэж байлаа. Тэр үед Өвөрхангай аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан О.Батмөнх намын Төв Хороонд шинэчлэлийн асуудлаар бодитой чухал саналууд бүхий томоохон захидал илгээж, түүнийг нь Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, намын гишүүдэд танилцуулахаар орон нутгийн намын байгууллагуудад илгээж байв. Тэр эрс шинэчлэлийн талд хатуу зогсож байсан учир намын дээд байгууллага түүнийг шууд л дэмжиж байсны илрэл юм даа, энэ нь.
Тэрбээр бодож боловсруулж байж, нухацтай дуугардаг, хэлсэн үг нь жинтэй, өнөө маргаашийг аргацаах бус алсыг харсан холч, голч байдгаараа онцлог нэгэн байсан юм. Өөрийнхөө шинэлэг санааг өмгөөлж, тун шазруун үздэг сэн. Заримдаа шинэ санаагаа турших гэж оролдох ч тал бий. Хүний хувьд нуруутай, даруу төлөвхөн хүн байжээ. Баянгол суманд явж байгаад Самдан гэдэг өвгөнийд буужээ. Тэднийх отор хийж явж. Эхлээд компанийн захирал Отгон дарга нь орж ирээд отрын өмгөрхөн гэрийн нь хоймрыг дүүргээд сууж байж гэнэ. Дараа нь аймгийн дарга О.Батмөнх орж ирж. Ямар хүмүүс явна даа гэж Самдан өвгөний хөгшин Дэгэдбалжир гуай асуусан гэнэ. Батмөнх дарга байна гэвэл нөгөө “Дарга дээшээ дээшээ, баатар доошоо доошоо” гэдэг онигоонд гардаг шиг “Аймгийн дарга дээшээ дээшээ, манайд байнга ирдгээрээ Отгон дарга доошоо доошоо” гэж инээлдэцгээсэн гэдэг. Тэр үед аймгийн дарга нар цөм жип унадаг байв. Өвөрхангай хүнээрээ ч, малаараа ч том аймаг, аймгийхаа нэрийг бодоод жип авбал яасан юм бэ гэж мань Дэгэдбалжир хөгшин хэлэхэд аймгийн дарга маань бодъё гээд л явж. Гишүүн минь та ч бас хэлээрэй гэж тэр хөгшин надад захиж билээ.
Өвөрхангайн малчид, хичээл заалгаж байсан шавь нар нь, захиргаанд нь ажиллаж байсан төрийн албан хаагчид, багш нар нь цөм л энэ хүнийг тэгж л хэлэх хүн дээ гэж бодож байсан биз ээ. Нутгийн минь ах 1992 онд УИХ-аас өгсөн 3-ын “А”-гийн (УИХ-ын гишүүдийн байр) хоёр өрөө байрандаа унаган багын хань Авиасүрэнгээ, гурван сайхан хүүхдээ үлдээгээд холын холд явжээ. Өврийн сайхан хангайгаа, хөгшин буурал эхийгээ, ахан дүүс, найз нөхдөө үүрд орхин одож.
Гэвч тэр эрхэм сайхан хүн эр хүний ноён нуруу, шударга зан чанараа үр хүүхдэдээ үлдээгээд явсан гэдэгт бат итгэнэ. Хүүхдүүд нь аав шигээ махруу, үнэнч шударга тал руугаа хүүхдүүд. Тэд сайн эцгийн нэрийг үеийн үед өргөж явах буй заа. Нөхөр маань голоо тасартал улс Монголоо, өврийн сайхан хангайгаа гэж бодож, зүтгэж явсан юм шүү. Энэ үгийг би зөвхөн үр хүүхдүүдэд нь ч биш, хэнд ч нүүр бардам хэлэх эрхтэй.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:59
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:59
тогтох [202.21.100.210] 2020-10-19 02:32:40
Өвөрхангайхан бүгд мэднээ ХҮН байсан юм Өвөрхангайд төрийн алба ямар байхыг жинхэнэ утгаар нь үлгэрлэж мөрдөх журам дүрмийг өөрийн биеэр боловсруулж хэрэгжүүлсэн юм Тэр үед хүн эвдрээгүй байсан тэхэд л ховорхон хүн байсан шүү.
Зочин [103.80.210.183] 2020-10-19 02:03:50
байсан байна . энэ хүнээ 76 оронд байлгахгүй дээ. бандааш лефчик архичин тамхичин 76 байсан шүү дээ.
Зочин [66.181.161.42] 2020-10-18 23:07:32
Төрийн өмчийн хороонд байсан Батмөнх гуай жинхэнэ төрийн хүн байсандаа Тэр аймагтаа нэр хүндтэй даруухан тулхтай дарга байсан гэж сонссон
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:31:26
VJ6dHi http://pills2sale.com/ levitra nizagara
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:58:05
gC8d1G http://pills2sale.com/ levitra nizagara
MOGEUH [66.181.161.124] 2020-10-16 13:30:17
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
Х.Сашка [2.72.4.193] 2020-10-16 12:18:55
1972-1977 онд МУИС ийн математикийн ангийг хамт төгссөний хувьд сайн мэднэ.О.Батмөнх бол мундаг сэтгэдэг өө.х.толгой сайтай, хүнлэг чанар сайн,жинхэнэ эр хүн байсан юм.
зочин [103.212.117.32] 2020-10-16 10:43:37
Өнөөгийн байгаа шинж төрхийг бүрдүүлэгч ,намчирхлын гол төлөөлөгч л байсан юуных нь холч ухаан байхав дээ
Сайн хүн, сайн түшээ байсан. [202.131.225.53] 2020-10-16 06:29:45
Даруухан, ухаалаг, асуудлыг эвээр шийдэхийг хичээдэг. Юмны сайн, авууштай зүйлийг эрхэмлэнэ. Хүний хувьд хүнлэг сайн эр байсан.
Зочин [192.82.65.224] 2020-10-16 06:03:09
сайн хүн байсан