Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй 9411 иргэн байна

Aдмин / Хууль

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёрдугаар сарын 26-нд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Хэвлэлийн хурал зохион байгуулж, цаг үеийн шуурхай асуудлаар хэвлэл, мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгөв. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ГХЯ идэвхи санаачилгатай ажиллахыг мэдэгдээд ГХЯ-ны вэб хуудасны шинэчлэлийн талаар ярив.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээлэл нь иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай байх шаардлага тавьж байгаа. Засгийн газрын дэвшүүлсэн цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс ГХЯ өөрийн вэбсайтаа шинэчиллээ. Манай яамны вэбсайт нэгдүгээрт, мэдээллийн, хоёрдугаарт иргэдэд консулын үйлчилгээг шуурхай хүргэх ёстой гэсэн байдлаар агуулгыг сайжруулсан. Мөн иргэдэд хялбар дөхөм байх үүднээс гар утас, таблетнаас хэрэглэхэд зохимжтой байхад анхаарсан.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэддээ консулын үйлчилгээг найдвартай хүргэх үүднээс 90 хоногоос дээш хугацаагаар гадаадад зорчиж буй иргэдээ бүртгэх бүртгэлийг цахим хуудсаараа дамжуулан хийх бөгөөд энэ бүртгэлд хамрагдснаар иргэд маань консулын үйлчилгээг шуурхай, найдвартай авах нөхцөл нэмэгдэнэ гэж үзэж байна.

Бид хэвлэл мэдээлэл, олон нийтэд хийж буй ажлаа шуурхай хүргэж нээлттэй байдлаар хүргэх үүднээс 7 хоног тутам тойм хөтөлбөр бэлтгэж, гадаад харилцааны салбарт болсон гол үйл явдал, айлчлал, уулзалтын үр дүнгийн талаар мэдээлж ажиллахыг тэмдэглэв.

Б.Батцэцэг сайд түүнчлэн хилийн чанадаас иргэдийг татан авах ажлыг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр гадаад улсаас ирэх иргэдийг тусгаарлах хоногийг багасгах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нислэгийн хуваарийг эрт зарлах талаарх саналаа УОК-т танилцуулж, тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэв. Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 20 дугаар тушаалаар 2 сарын 19-ний өдрөөс хойш эх орондоо ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаж, үлдсэн 4 хоногийг гэрийн ажиглалтад байх журам хэрэгжиж эхэллээ. Ингэснээр нислэгийн тоо 8-аас 13,14 болж нэмэгдэж, сардаа 2000 гаруй иргэн эх орондоо ирэх боломжийг бүрдүүлж байна. Мөн иргэдэд тулгарах санхүүгийн дарамт ч буурч буйг хэлэв.

Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 9411 иргэн байна. Эдгээр иргэн нутаг буцах хугацаа харилцан адилгүй байгаа ч шинэ Засгийн газрын хувьд гадаадаас буцах хүсэлтэй иргэдийн дийлэнхийг 5 дугаар сарын 1 гэхэд эх оронд нь ирүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улс 29385 иргэнээ дэлхийн 93 улсаас зохион байгуулалттайгаар эх оронд нь ирүүлээд байна. Үүнд: агаарын замаар 126 удаагийн нислэгээр 22675 иргэн, автозамын боомтоор 6710 иргэн байна.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар 2021 оны эхний 2 сард 65 иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхэд 75,106,737 төгрөгийн зарцуулаад байна.

Коронавируст цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон монгол иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх үүднээс НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-тай 2020 оны 4 дүгээр сараас хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 941 иргэнд 3.4 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Энэхүү тусламжийг Их Британи, Чех, Европын Холбоо зэрэг хандивлагчдын дэмжлэгтэйгээр олгосон гэдгийг онцлон тэмдэглэв.

Иргэдэд туслах сангийн зарцуулалтын тайланг олон нийтэд нээлттэй болгосныг Б.Батцэцэг сайд тэмдэглээд энэ талаар мэдээллийг Консулын газрын эрхлэн ажиллуулдаг consul.mn цахим хуудсаар дамжуулан харах боломжтойг хэлэв.

Түүнчлэн манай улс гадаадаас авч буй Ковид-19-ын вакцины талаар Б.Батцэцэг сайд ярив. Тухайлбал, Энэтхэг улсын Серум хүрээлэнд үйлдвэрлэсэн 150,000 тун Английн Оксфорд/АстраЗенека вакцин, Хятад улсын Синофарм компанид үйлдвэрлэсэн 300,000 тун Вероселл вакциныг хүлээн авсан, 27-ны өдрийн Сеүл-Улаанбаатарын онгоцоор ОХУ-аас Спутник вакцины эхний хэсгийг хүлээн авах гэж байгааг мэдээлэв.

КОВАКС хөтөлбөрийн эхний нийлүүлэлтээр 25740 тун Файзер вакцин, Өмнөд Солонгост үйлдвэрлэгдэн нийлүүлэх 163,000-276,000 тунгийн хооронд хэлбэлзэх тооны АстраЗенека вакциныг 3 дугаар сард багтаан хүлээн авах чиглэлээр ажиллаж байгааг, тус хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хувь буюу 600,000 орчим иргэнийг вакцинжуулах 1,200,000 тун вакцин авах гэрээ хэлцэл хийн ажиллаж байгааг тэмдэглэв.

ГХЯ-наас зохион байгуулсан энэхүү Хэвлэлийн хуралд төрийн өмчит МИАТ компаний коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд оролцож нислэгийн тийзийн хямдралын асуудлаар мэдээлэл өгөв.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.69] 2021-03-01 00:50:35

АНУ руу нислэг хийх хэрэгтэй.Тийз нь боломжийн үнээр.Ирэх явах иргэд зөндөө байгаа

Иргэн [122.201.21.212] 2021-03-01 00:29:30

Өрсөлдөх компани байхгүй болохоор үнэ-ээ хэд ч болгосон МИАТ-ын дур, гэхдээ үнэ их байгаа нь толгой нь дэндүү томоос болж байгаа, захиргааны хэрэгтэй хэрэггүй ажилтан олонтой, эдгээр хэрэггүйчүүдийг зайлуулбал тийзний үнэ буурна.

Иргэн [124.60.114.164] 2021-02-27 12:47:46

Миатын хямдарсан тийз үнэ 1180.0 талдаа уг нь 2 талын үнэ 1180.0 байсан короногоор далимдуулж ядарсан эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдээ Мөн ч их шулж байнадаа.Тэр цахимаар хянах юм бол буудалд тусгаарладаг нь бас бизнес эрүүл шинжилгээтэй хүмүүс ийг басл дэлхийд байхгүй тусгаарлалт.

Баяр [64.119.23.216] 2021-02-26 19:09:06

Австралиас иргэдээ татан авмаар байна шүү, шууд нислэг хиймээр байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.