Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо таван удаа хуралдаж, 21 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хуваарилагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт:

Хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо таван удаа хуралдаж, 21 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

“Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо ээлжит хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Архангай аймгийн Жаргалант, Чулуут, Өндөр-Улаан сумдын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулснаар байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэхэд чиглэсэн тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлээд байна.

Мөн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Байнгын хорооны 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, хэт халалт, эрт цочир хүйтрэлт зэргийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас тариаланг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрхлэхэд хүндрэл учирч, бусад улсаас Монгол оронд соригдоогүй, үрийн чанар, ургалтын хугацаа, сортын нэр төрөл нь баталгаагүй үрийг хяналтгүй оруулж тариалснаас шалтгаалан ургац алдан тариаланчид эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй хүн амын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байгаад анхаарч, таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлээд байна.

Хяналт, шалгалтын ажлын талаар:

Байнгын хороо 2021 оны 02 дугаар сарын 26 болон 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хаврын тариалалтын бэлтгэл, хаврын тариалалтын явцын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, тариаланчдад үзүүлсэн дэмжлэг, санхүүжилтийн чиглээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонссон байна.

Мөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар салбарын сайдын мэдээллийг сонсож, үүнтэй холбогдуулан Байнгын хорооноос “Чиглэл өгөх тухай” тогтоол баталсан.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2021 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 41, 2020 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46, 2020 оны “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 47 дугаар тогтоолууд болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн биелэлт болон “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын мэдээллийг тус тус сонссон.

Мөн Байнгын хорооны мах бэлтгэл, махны үйлдвэр, махны экспортын үйл ажиллагааны тухай 2020 оны 10 дугаар тогтоолын биелэлтийн талаар болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн бүтэц, зохион байгуулалт, зээл олголт болон хаврын тариалалтын явц, малчид, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлттэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол баталсан..

Бусад ажлын талаар:

Байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Г.Ганболд, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нар 2021 оны 04 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах усны нөөц, ашиглалт, ойн нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээ, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, аймгуудын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа, говийн аймгуудын цөлжилт, хөрсний доройтлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ зэрэг асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасан болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийхийн зэрэгцээ газар дээр нь очиж ажлын явцтай танилцсан.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.