Хүннүгийн язгууртны булш бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоов

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаныхан “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэхүү төслийг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй юм.

Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд оршдог. Төслийн хүрээнд тус дурсгалыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх юм. Төслийн судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна. Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд малтлага, судалгаа хийж, морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлжээ. Өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм.

Тус судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, язгууртны зургаан булш, дагуул дөрвөн булшны дэвсгэр зургийг хийж байна. Судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метр гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлжээ. Цаашид хамгийн том хэмжээтэй булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэж байна.

Малтлага судалгааны үр дүнд Туул голын саваар нутаглаж асан Хүннүгийн язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээлэл өгөхүйц олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал илэрч байгаа юм. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Ажлын хэсэг уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг хийж эхэлжээ.

Мөн албаныхан Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт орших улсын хамгаалалтын зэрэглэлд байдаг түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн уг дурсгалыг сэргээн засварлах, орчин нөхцөлийг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад тусгай төсөл боловсруулж, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах чиглэл өглөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.