Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүүхдийн байгууллагын удирдлага, эмч, багш нарт зөвлөмж болгон хүргэж байна. Үүнд:
- Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж томуу, томуу төст өвчин /ТТӨ/, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, өвчилсөн багш ажилчдыг хичээл, сургуулиас 7 хоног хүртэл чөлөөлж, өвчний хүндрэлээс сэргийлэх, гэрт нь тусгаарлах, эмчилж эдгэрүүлэх
- Сургууль, цэцэрлэгийн анги танхим, биеийн тамирын заал, хурлын танхимд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийж анги, танхимын дулааныг 18-20 хэмд байлгах
- Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийг аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх, бага насны хүүхдүүдэд аньс, чацарганы шүүс, аарцыг халуун бүлээнээр нь уулгах
- Ам, хамрын хөндийг цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал, цэгэн иллэг хийлгэж сургах, хүүхдийг тогтмол цагт унтуулж, хэвшүүлэх
- Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулах үйл ажиллагааг /өдөрлөг, уулзалт, тэмцээн гэх мэт/ зохион байгуулахгүй байх
- Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийх, халдвараас сэргийлэх энгийн арга /гарын ариун цэвэр, амьсгалын замын халдвартай үед ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах гэх мэт/-ыг зааж сурган, хэвшүүлэх
- Эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчилсөн бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандаж зөвлөгөө авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг зөвлөх
- Хүүхдийг улирлын байдалд тохируулан хувцаслах, олон нийтийн газар авч явахгүй байх, өвчилсөн бол гэрт нь байлгаж, бусдад халдвар тараахгүй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл