БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР”-ИЙН МЭНД ДЭВШҮҮЛЛЭЭ
БОАЖ-ын сайд Н.Уртнасан: "Аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх, хэвийн нөхцөлд оруулахад бид олон асуудлаас сургамж авч, цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, орон нутгийн иргэд, нийгмийн зорилтот бүлгүүдийн оролцоог хангасан, соёлын өвийн хамгааллыг бэхжүүлсэн, инновац, цахим технологийн дэвшлийг нэвтрүүлсэн “тогтвортой аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй юм.
Байгалийн унаган төрхөө хадгалсан, өргөн уудам нутаг, нүүдэлчдийн байгальд ээлтэй соёл, ахуй маань дэлхийн жуулчдыг татах брэнд, маркетинг болох давуу тал бидэнд байна гэж үзэж болно.
Гадаадын жуулчдын урсгал сэргэх хүртэл бид дотооддоо үйлчилгээний чанар, стандартаа сайжруулж, шаардлагатай олон улсын стандартуудыг нутагшуулах, хот, хөдөөгийн үйлчилгээний чанарын ялгааг багасгах, хүний нөөцийг хөгжүүлэх ажлуудыг цогцоор авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжин, олон улсын нислэгийн суудал, чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, Увс, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймгуудын нисэх буудлуудыг олон улсын 4С, 4D ангиллын нисэх буудал болгон өргөжүүлэх ажлуудыг Зам, тээврийн хөгжлийн яам, авиа компаниудтай хамтран шат дараатай хэрэгжүүлэх юм.
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Соёлын яам хамтран анх удаа нэгдсэн бодлогоор Монгол Улсыг дэлхийд сурталчлахаар ажиллаж байна. Манай орны унаган байгаль, нүүдэлчин ахуй соёл, уламжлал, агуу түүхийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд таниулах чиглэлээр сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх нь бидний цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гол ажлуудын нэг билээ.
Цар тахлын дараа жуулчдын урсгалыг сэргээж, олон улсын болон бүс нутгийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, эхний ээлжид хагас сая жуулчин хүлээж авах зорилтоо хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл, нэгдмэл зорилго, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе.
Хамтдаа цар тахлыг даван туулж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх бодлогыг тодорхойлон, үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Та бүхний санал, санаачилга, хамтын ажиллагаа хамгийн чухал юм."
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.195] 2021-09-27 07:07:07
энэ хүүхэн баяр хүргэх гэж сайд болсон бололтой байгаль цөлжөөл