Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийг соёрхон баталлаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна хэмээн танилцуулгын эхэнд дурдав.

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна.

Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн хамтарсан санхүүжилт юм гэлээ.

Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Баделхан зээлийн хэлэлцээрийн төслийн эх үүсвэрийн нөхцөлийн талаар, УИХ-ын гишүүн Д.Ганбат зээлийн төслийн зарцуулалт, зориулалт, вакцины хадгалалт, тээвэрлэлт, үр дүн, чанарын талаар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан КОВИД-19-ийн цар тахлын вакцины нийт зарцуулалт, хэдэн хувийг зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн, мөн зээлийн хэлэлцээрийн төслийн зарцуулалт, вакцины чанар, аюулгүй байдлын талаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зээлийн хүүгийн талаар, вакцины үнэ, цаашид авах вакцины хэмжээ, төрлийн талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бага хүүтэй, хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авах хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Засгийн газрын өрийн тааз зээл авах бололцоотой байгаа, Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд шинжилгээ авахад ашиглаж байгаа оношлуур, техник, төхөөрөмжийг бусад боомтод ашиглаж байгаа оношлууртай ижил болгох, авч байгаа шинжилгээний хариу үнэн, зөв гарч байгаад хяналт тавих, баталгаажуулах, мэдээ, мэдээллээр хангахад анхаарах, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй, бага хүүтэй, урт хугацаатай зээл авч байгаад талархал илэрхийлээд хэлэлцээрийн төсөлд тусгасан заалтуудыг эргэн нягтлах, зээлийн зориулалт, зарцуулалт, боомтууд дээр ашиглаж байгаа техник, тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, төсөлд тусгасан тээвэрлэлтийн нөхцөл дээр анхаарах, УИХ-ын гишүүн Н.Энхболд зээлийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, вакцины талаарх мэдээллийг иргэдэд үнэн зөв ойлгуулахад анхаарах, Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын эсрэг эм гарч байгааг эртнээс судлах, эмийг захиалахад анхаарах, вакцин хийж эхэлснээс хойших бүх зарцуулалтын тайлангаа тавих, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яам вакцины бодлогоо тодорхой болгох, эмийн худалдан авалтыг эмийн компаниудад олгохгүйгээр төр өөрөө худалдан авалт хийдэг байх, УИХ-ын гишүүн Д.Ганбат КОВИД-ийн хуулийн хэрэгжилт, өмнө авсан зээлийн зарцуулалтын тайланг нээлттэй сонсох гэсэн саналыг тус тус гаргасан хэмээн танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, энэ банкнаас өмнө нь зээл авч байсан эсэхийг лавлаад зээлийн хэрэгжилтийн талаар тодруулсан. Мөн ковидын өвчлөлтэй холбоотой АХБ-наас зээл авч байсан. Ковидтой холбоотой олон улсын байгууллагуудаас авсан зээлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн.

Сангийн сайд Б.Жавхлан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хувьцааг Монгол Улс эзэмшдэг гээд тус банктай олон төсөл, хөтөлбөр дээр судалгааны түвшинд хамтран ажиллаж байгаа, цаашид хамтын ажиллагаа өргөжинө гэж бодож байна гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АХБ-наас авсан зээлийн санхүүжилтээр ковидын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах чиглэлээр 21 аймаг, есөн дүүрэгт эмнэлгийн багаж хэрэгсэл худалдан авсан, эмнэлгүүд ашиглаж байгаа. Вакцины иж бүрэн агуулах ашиглалтад оруулсан, эм эмнэлгийн хэрэгслийн агуулах баригдаж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч байгаа. Зээлийн хэрэгжилт сайн явж байгаа гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Одоо ямар хэмжээний вакцин авахаар төлөвлөж байгаа, үүнд хэдэн төгрөг зарцуулах вэ. Ямар вакцин худалдан авахыг хэн шийддэг юм бэ гэсэн асуулт тавьсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, вакцины төлөвлөлтийг ЭМЯ мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргадаг хэмээн хариулав. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хувийг вакцинжуулах бөгөөд төлөвлөлтийг Засгийн газраас батлуулж, төлөвлөлтийн дагуу вакцинаа татаад явж байгаа гэлээ. Нөөцөд 1 сая 700 мянган тун файзер вакцин, 890 мянган тун веросел вакциныг агуулахад хадгалж байгаа. Цаашид гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй хийхээр төлөвлөөд явж байна гэсэн мэдээллийг өгсөн.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Т.Аюурсайхан, Ц.Туваан, Х.Болорчулуун, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Б.Бейсен нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.101] 2021-10-14 19:24:59

Баттулга ерөнхийлөгч маань бүрэн эрхийнхээ хугацаанд биечлэн хөөцөлдөж бүтээсэн ганц ажил, 30 мянган хониороо авсан Хятад вакцин л хэрэг болж байна даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.