Шүүх хэргийг буцаах нь зөв үү, буруу юу

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулгыг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Хуулиар нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон гэж тодотгож буй. Гол өөрчлөлт нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласан.
Ингэснээр хууль зөрчигдөж, алдаа эндэгдэл гарвал хэргийг бүрэн шийдвэрлэж дууссан хойно бус шүүхээс хэргийг урьдчилан цаг алдалгүй прокурорт буцаах замаар алдааг залруулах тусгайлсан үе шатыг бий болгосонд оршиж байгаа хэмээсэн.
Намрын чуулганы эхэнд орж ирж байнгын хороо, парламентаар дэмжигдээд байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай холбоотойгоор хууль санаачлагч, тус хуульд шүүмжлэлтэй хандаж буй болон практикт хэрэгжүүлэх хөндлөнгийн талуудын байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: БУЦААХ ЗААЛТААР ХЭЛМЭГДҮҮЛЖ, ЭСВЭЛ ЯЛ ЗАВШУУЛЖ БАЙНА

-Дээд шүүхээс 2020 онд мөрдөн байцаалтад буцаасан 22 хэрэг байгаа. Анхан болон давж заалдах, Дээд шүүхээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 267 хэрэг буцаагдаж, хэрэгсэхгүй болсон. Гэмгүй байсан хүмүүсийг шийтгэсэн үү, эсвэл гэмтэй хүмүүс ял завшсан уу гэдэг асуулт байгаа юм. Буцаах заалтыг ашиглаад хүнийг хэлмэгдүүлж, эсвэл хэрэгтэнд ял завшуулж, эсвэл мөрдөн байцаалтад байгаа гээд хүнийг шантаажлаад байна.
Шүүхээс хэргийг буцаадаг байдал ОХУ, манай улс хоёрт л үлдлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах эсвэл цагаатгах гэж бичсэн мөртлөө дотор нь мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурав дахь шийдвэрийг бичсэн. Гурав дахь шийдвэр нь хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлж, хүний амьдралыг амьдын там болгож байна. Хуулийн “А” ч байхгүй хэрнээ нэг л их Франц, Герман ярьсан хүмүүс байх юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ: БОДИТ ҮНЭНИЙГ ТОГТООХГҮЙГЭЭР ШҮҮХ НЭГ ТИЙШ НЬ ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛЗОШГҮЙ

-Ордон дотор хэрэг уншиж, хэрэг шийдэж үзсэн хүмүүс байхгүй. Хуульд өөрчлөлт оруулах юм бол мэргэжлийн хүмүүсийн саналыг заавал авах ёстой. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит үнэнийг тогтоох гэсэн зарчим бий. Энэ нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гээд бүгдэд нь байдаг үүрэг. Ялгаатай нь шүүх хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтооно. Хууль хэрэгжвэл хуулийн ерөнхий зарчим алдагдах магадлалтай. Бодит үнэнийг тогтоохгүйгээр шүүх нэг тийш нь шийдвэр гаргаж болзошгүй.
Захиалгаар ял үйлддэг, хэрэг үүсгэдэг, шүүхийн шийдвэр гаргадаг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын асуудлыг хэзээ шийдэх вэ. Эдгээр хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож, эдлэх ёстой ялыг нь эдлүүлэхгүй бол хуульд хэчнээн ч өөрчлөлт оруулаад нэмэргүй. Хариуцлагыг ил тод тооцоод, бусдад нь харуулах хэрэгтэй.

ХУУЛЬЧ Ж.ЭРХЭМБААТАР: БУЦААСАН ХЭРГИЙНХЭЭ АЛДААГ ЗАСАХ ЭРХ МЭДЛИЙГ ШҮҮХЭД ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Хүний гэм бурууг тогтоож нотлох ажиллагаа маш нарийн төвөгтэй процесс. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхээс, гэм бурууг тогтоох хүртэлх бүхий л процесс дэс дараатай, хуулиар нарийвчлан тогтоосон журмын дагуу явагддаг. Нэг алдааг ч зөвшөөрдөггүй. Нэг баримт ч хууль бусаар хэрэгт авагдаж, ашиглагдаж болохгүй.
Эрүүгийн хэрэгт мөрдөгчийн урьдчилан цуглуулсан баримтыг үндэслэн шүүх хэргийг хянан гэм буруутай эсэхийг дэнсэлдэг. Эрүүгийн хэргийг уншихад тухайн шүүгдэгчийг гэм буруутайг нотолсон болон цагаатгасан тал бүрийн л баримтууд авагдсан байдаг. Баримт ямар ч агуулгатай байхаас үл хамаарч нотлох баримтанд тавигдах хуульд заасан шаардлагад нийцэх ёстой. Процесс ажиллагаа бүрт хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй байх ёстой. Тиймээс шүүх цагаатгах болон яллах аль ч тохиолдолд өөрөө алдаа гаргахгүй байх, алдаатай буюу хууль бус баримтыг үндэслэн шийдвэрлэхгүй байх нь туйлын зорилго. Гэвч амьдрал дээр янз бүрийн шалтгаанаар алдаа гарах тохиолдол байдаг. Хэрэв алдаа гарсан бол засах ёстой, тийм биз? Шүүх, шүүгч мөрдөн шалгах ажиллагааны явцад алдаа гарч, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, хууль бусаар нотлох баримт цуглуулсан, хэргийн талаар нотолбол зохих үйл баримтыг шалгаж, тогтоогоогүй болох нь тогтоогдвол яах вэ? Засах ёстой. Гэвч тийм эрх хэмжээ, процесс одоогийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шүүхэд байхгүй. Тиймээс тэдгээр алдааг засуулах зорилгоор прокурорт буцаадаг. Тийм л хуультай.
Шүүхэд процесс ажиллагааны алдааг засах эрх хэмжээ олголгүйгээр “алдааг үл хэрэгсэн ял өг эсхүл цагаатга” гэж тулгах нь буруу. Зарчмын хувьд шүүхээс яллах эсвэл цагаатгах шийдвэр гаргах ёстойг дэмжиж байгаа ч хуульд ганц зарчмын заалт тусгаснаар асуудал шийдэгдэхгүй. Цагаатгуулах үр дүнг хүсэн зориуд алдааг хэрэгт “шургуулж” ял завших байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангасан цогц өөрчлөлт хийгдээсэй гэж хүсэж байна. Мөрдөгч, прокурор, шүүч, өмгөөлөгчдийн ур чадварыг дээшлүүлэх, хараат бус бие даасан байдлыг хангах, ажлын ачааллыг бууруулах, техник хэрэгсэл, арга барилыг сайжруулах зэрэг олон сэдэв хөндөгдөх учиртай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Иргэн [43.242.243.118] 2021-10-20 09:36:21

Хэрэг шүүхээс буцвал хэргийг шалгасан цагдаа, прокурорт хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд хэрэг шийдвэрийг санаатайгаар удаашруулах зорилгоор шүүхэд дутуу дулмаг материал шилжүүлдэг.

Зочин [66.181.171.35] 2021-10-20 05:23:30

Энэ Эрхэмбаатар гэж дүр эсгэсэн хоосон толгой нэг байнаа

Zochin [172.58.43.78] 2021-10-20 03:15:11

Ene zuun ailiin hujaagiin jaal mondoo bi baina gesen aytai yarzaigaad

Зочин [119.40.98.177] 2021-10-20 01:05:45

Шүүхээс буцаавал анх мөрдөж, хянаж, нотлох баримтыг бүрдүүлсэн мөрдөгч, прокурор, шүүгч нарт хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин [103.80.210.183] 2021-10-20 01:05:17

худалч шүүгчтэй байхад байн байн буцааж авилгаа авах нүх гаргадгаа больмоор байна. буцаагада байвал олон түмний дунд илээр шийдэж хуралд.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.