Токиогийн олимпын оролцогчид энгэрийн тэмдэг авна
Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос энгэрийн тэмдэг гардуулдаг уламжлалтай.
“Токио-2020” олимпод оролцсон Монголын тамирчдад энгэрийн тэмдгийг нь гардуулж өгөх ёслол 2021 оны 12 дугаар сарын 1-ний лхагва гарагт МҮОХ-ны байранд болно. Энэхүү ёслол цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа хойшилсоны эцэст ийнхүү гардуулахаар болов.
Олимпын медальтан болон олимпод оролцогчдод энгэрийн тэмдэг гардуулан өгөх уламжлал 1980-аад оны сүүлээс эхтэй юм байна. Тухайн үед ОУОХ-г удирдаж байсан Хуан Антонио Самаранч амьд сэрүүн байгаа олимпын медальтан, олимпод оролцогчдоо алдаршуулах зорилгоор энгэрийн тэмдэг дурсгах санаачилга гаргаж байжээ. Тухайн үед гаргасан тэмдэг нь “Стокгольм-1912”-оос “Сөүл-1988” хүртэлх зуны олимп, “Шамоне-1924”-өөс “Калгари-1988” хүртэлх өвлийн олимпын бүх медальтан, оролцогчдыг хамарч байв.
Үүнээс хойш олимп бүрийн дараа медальтан болоод оролцогчид өөрийн орны Үндэсний олимпын хороогоор дамжуулан энгэрийн тэмдгээ авдаг болжээ.
Энэхүү энгэрийн тэмдгийг Италийн Милан хотод төвтэй “Бертони” компанид урладаг. Тус компани олимпын энгэрийн тэмдгээс гадна хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом, UEFA-гийн цом (тухайн үеийн нэршлээр), UEFA-гийн супер цом зэргийг урладаг, энэ чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан компани юм.
Сэтгэгдэл