Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын холбооны улсын Дотоод хэргийн яам хоорондын “Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсэг”-ийн ээлжит хурал өчигдөр /2021.12.21/ Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд цахимаар зохион байгуулагдлаа.
Хуралдааныг нээж Оросын холбооны улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод хэргийн орлогч сайд Зубов И.Н үг хэлж, Оросын талын бүрэлдэхүүнийг танилцууллаа. Монголын талаас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо үг хэлж, бүрэлдэхүүнийг танилцуулсан юм.
Энэхүү хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням болон хилийн бүсийн найман аймаг дахь цагдаагийн газрын дарга нар оролцов.
Хуралдаанаар хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх хяналтын арга хэмжээг чангатгах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтэд холбогдсонд сэжиглэгдэж байгаа этгээд болон хоёр улсын нутаг дэвсгэр дээр эргэлтэд оруулахад хориотой бодисын талаарх мэдээлэл солилцооны тухай;
Цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлийн хамтын ажиллагааны тухай;
Хил орчмын бүс нутгийн шуурхай байдлын нөхцөл байдлын тухай;
Мал хулгайлахтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх тухай тус тус хэлэлцсэн юм.
Мөн Монгол Улс болон Оросын холбооны улсын хил орчмын бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл, санал солилцлоо.
Сэтгэгдэл