Б.Ганзориг: Хот айлууд нэг худгаас малаа усалж байгаа нь өвчин тархах томоохон шалтгаан болж байна

Aдмин / Орон нутаг

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригоос малын гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-БИДЭНД ОДОО 1000 ТУН ВАКЦИН Л БАЙНА. ЭНЭ САРЫН 10-НД ЭХНИЙ 2.5 САЯ ТУН ВАКЦИН ОРЖ ИРНЭ-


-Энэ жил малын шүлхий өвчин газар авч, даамжирч байна. Тэр дундаа баруун аймгуудад өвчний тархалт элбэг байна. Энэ талаар сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юү?

-Өнгөрсөн жил хүндхэн жил болж өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 90 сумын 159 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Бид одоогоор өвчний тархалт судалгааг хийж, тодорхой болгох гээд ажиллаж байна. Энэ өвчний анхны дэгдэлт гаднаас зөөвөрлөгдөн орж ирснийг судалгаа шинжилгээгээр баттай тодорхойлсон. Тодорхой хэлбэл, урд хөршөөс зөөвөрлөгдөн орж ирсэн байна лээ.

2020-2021 оны өвөлжилт хүнд байсан учраас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн малчид маш олноор зүүн бүс рүү орж өвөлжсөн байдаг. Энэхүү малчид өнгөрсөн жилийн зуншлага сайхан болсон учир нутаг буцсан нүүдэл ихээр хийсэн. Иймэрхүү шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалж өвчний тархац идэвхижсэн байгаа юм. Өвчний дэгдэлт өнгөрсөн 2019-2020 онд харьцангуй бага байсан. Тухайн үед жилдээ 12 сая тун вакцин авч, хилийн сумдынхаа нийт малыг тарьж дархлаажуулдаг байгаа. Ингэж байж бид энэ өвчин болон бусад өвчний тархалтыг зогсоодог байсан. Харин өнгөрсөн жилийн зургаадугаар сард зүүн бүсэд вакцинжуулалт хийсэн боловч малчид отор нүүдлээ дагаад мөн нутаг буцсан учир вакцинжуулалт тухайн бүсэд байсан малд бүрэн хийгдэж чадаагүй. Тиймээс долдугаар сард нь аравдугаар сард авах байсан вакцинаа яаралтай татаж хийсэн. Энэ жилийн тухайд нийт 301 гаруй голомт үүссэн. Түүнээс авах ёстой арга хэмжээг авсны эцэст яг одоогийн байдлаар 159 голомт хорио цээрийн дэглэм тогтоочихсон ажиллаж байгаа юм. Үүнийг бид цаашид эрчимтэй бууруулах, авах ёстой арга хэмжээ, вакцинжуулалтаа түргэсэх чиглэл барин ажиллаж байна.

-Шүлхий өвчний тухайд тайлбарлахгүй юу. Хил дамжин халдварладаг гэж байна шүү дээ?

-Энэ өвчин бол вирусийн гаралтай. Тухайн өвчний вирус хөнгөн чанарын вирус байдаг. Тухайн голомтод байсан машин тэрэг, дамжин өнгөрсөн хүний хөдөлгөөн гээд эд материаллаг бүхий л зүйлээр дамжин халдварладаг ийм вирус. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд Ховд аймгийн Булган суманд шинэ голомт гарч ирсэн. Үүнд дэгдэлтийн судалгаа явуулахад тухайн үед шүлхийтэй хар мухар үхэр Хятад улсаас орж ирсэн байсан. Түүнээс болж баруун аймгаар энэхүү өвчин гарсан. Ингээд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар, Улсын онцгой комисст яаралтай мэдэгдэж хойноос 4.5 сая тун вакцин оруулж ирээд хийсэн.

-Шүлхий өвчний тархац баруун аймгуудад яагаад ингэж хурдацтай явагдав. Вакцинжуулалт сул байв уу, өөр учир шалтгаан байна уу?

-Мэдээж халдварт өвчин тархсан шалтгаан олон. Малчид, иргэд ч тэр, төрийн алба ч тэр хаа хаанаа хариуцлага сул байснаас болж өвчин хурдацтай тархлаа. Мал эмнэлгийн ажилчдын чадавх, малчдын хариуцлагагүй байдал, ковид гээд олон шалтгаан байна л даа. Вакцин хийхээр явсан эмч нь ковид тусчихлаа ч гэдэг юмуу. Нөгөөтэйгүүр байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж байна. Баруун аймгуудын нутгаар энэ жил харьцангуй дулаахан цас багатай өвөлжиж байна. Тэр утгаараа хот айлууд нэг худгаас малаа усалж байгаа нь өвчин тархах томоохон шалтгаан болж байгаа юм. Тэгэхээр нэг айлын мал өвчтэй байлаа гэхэд тэр сумын, тэр багийн нийт айл ганцхан худгаас бүгд малаа усалснаас үүдэн өвчин тархах, голомтлох суурь нь үүсчихээд байгаа юм.

-Одоо энэхүү өвчний тархалт хэзээ намжих вэ. Тархалтыг хэрхэн хумих юм бэ?

-Мэдээж тодорхой болоод үр дүнтэй авах арга хэмжээ ганцхан вакцинжуулалт. Уг нь өнгөрсөн жилийн төлөвлөгөөгөөр дөрөв болон аравдугаар сард вакцин хийхээр төлөвлөж байсан. Гэвч дөрөвдүгээр сард вакцин авах захиалгаа өгснөөр зургадугаар сард орж ирсэн. Угтаа вакцин захиалгаа дор хаяж зургаан сарын өмнө өгөх ёстой. Вакцин гэдэг бол өөрөө биохимийн бараа бүтээгдэхүүн. Тэр утгаараа шууд үйлдвэрлэгдээд нийлүүлэгдэнэ гэж байхгүй. Урьдчилж захиалга өгч байж тодорхой хугацааны дараа олон шалгалт, сорилт хийгдэж байж орж ирдэг. Тэр утгаараа шүлхий өвчин тархсан нэг хүчин зүйлийн нэг нь вакцинжуулалт хойшилсон явдал юм.

-Вакцинаа яагаад урьдчилаад түргэн шуурхай татаж болдоггүй юм бэ. Өвчин гарлаа гэхээр захиалга өгөөд оруулж ирэх биш, өвчнөөс урьдчилан сэргийлээд түрүүлж оруулж ирээд хийгээд байж болдоггүй юм уу?

-Бид дахиад л төсөвтөө баригдаж байгаа юм л даа. Ганцхан шүлхий өвчин биш. Бид Биогоос найман нэр төрлийн вакцин авч, дархлаажуулалтын ажлыг явуулдаг. Малчдын вакцины зардлыг төсвөөс гаргадаг шүү дээ. Улсын хэмжээнд нийт салаа туурайтан малын 20 орчим хувьд л хийх вакциныг захиалан оруулж ирдэг. Хүмүүс ярихдаа сүргийн 80 хувьд нь вакцин хийж байж дархлаа тогтоно гэдэг. Гэхдээ бид байгаа боломжоороо л дархлаажуулалтаа хийж байна. Тиймээс өөрсдийнхөө нөөц боломж дээрээ тулгуурлаад голомтыг яаж тогтоох вэ, яаж тархалтыг хумих вэ гэдэг тактик барин ажиллаж байна. Мэдээж бүх малдаа вакцин тарьчихвал өвчлөхгүй гэж хүмүүс ярьдаг. Гэвч тийм боломж байхгүй. Энэ жил л гэхэд 67 сая мал тоологдлоо. Үүнээс өвчлөхгүй мал нь тав орчим сая мал л байгаа шүү дээ. Тэр нь адуу. Ингэхээр цаана нь 60 гаруй сая мал вакцинжуулах шаардлагатай болж байгаа юм. Бидний авч байгаа вакцин 12 сая тун. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол бид аль аль талдаа хариуцлагатай л байх хэрэгтэй. Мал эмнэлгийн газар цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хүн хүчний дутагдалд орж байна. Тиймээс бүх талын оролцоо жигд байж бид энэ өвчнийг хумьж чадна.

-Шүлхий өвчний гол аюул нь ер нь юу юм бэ?

-Энэ өвчин малаас малд халддаг өвчин. Малаас хүнд халддаггүй. Тэглээ гээд бид уг өвчнийг хаях учиргүй. Хамгийн гол аюул бол эдийн засаг, экспортын аюул л байна. Өөрөөр хэлбэл, энэ өвчин бол худалдааны хорио цээрт өвчин. Энэ жил бид Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаар баруун бүсийн зургаан аймгаа эрүүл бүсээр зарлуулчих зорилготой явж байсан. Гэтэл Ховдын Булган суманд өвчин гараад үүнээсээ дамжаад явчихлаа. Угтаа зарлуулчихсан бол хилээр түүхий мах гарах боломжтой болдог. Зарлуулж чадаагүй болохоор бид урагшаа түүхийгээр нь гаргаж чадахгүй, дулааны аргаар боловсруулж гаргаж байна. Дулааны аргаар боловсруулна гэдэг бол тухайн түүхий махыг 80 хэмийн халуунд оруулж байж гаргаж байгаа юм. Гол аюул бол энэ.

-Одоогийн байдлаар хэдэн тун вакцин байна. Дараагийн вакцин хэзээ орж ирэх вэ?

-Бидэнд одоо 1000 тун вакцин л байна. Дараагийн 2.5 сая тун вакцин энэ сарын 10-нд орж ирнэ. Үүний дараа энэ сарын сүүлээр дахин 2.5 сая тун вакцин орж ирэх юм. Эдгээр вакциныхаа нөөц, өөрсдийнхөө боломжийг ашиглаад голомтыг яаж тогтоож барих вэ гэдэг тактикаар л ажиллана. Ингэж ажилласны хүчинд өнгөрсөн оны сүүлээр өвчний тархалт буурч, дахин нэмж голомт илрэхгүй болсон байгаа. Зөвхөн голомт дотроо тархалт явагдаж байна. Тиймээс эдгээр голомтууддаа дархлаажуулалтаа түргэн хийх ёстой. Нөгөөтэйгүүр энэхүү өвчнийг дартал шилжилт хөдөлгөөнийг хатуу хориглох ёстой.

-Вакциныг Оросоос авах биш, бид өөрсдөө дотооддоо үйлдвэрлээд байж болдоггүй юм уу?

-Шүлхий бол хамгийн их судлагдсан өвчин. Монгол Унгар улсын хөнгөлөлттэй зээлээр Биокомбинатын өргөтгөлийн ажлын гэрээ байгуулагдаад явж байна. Мөн л ковидын нөхцөлөөс болж энэ ажил хойшлогдож байна. Хэрвээ энэ өргөтгөл баригдаад ашиглалтад орчихвол жилдээ зургаан сая шингэн, 12 сая хуурай вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Шингэн вакцин гэдэг бол шүлхийн эсрэг. Харин хуурай нь боом, мялзан өвчний эсрэг вакцин гэсэн үг. Бид энэхүү өргөтгөлийн ажлаас нэлээдгүй зүйлийг хүлээж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.120] 2022-01-09 00:54:28

Энэ өмхий гичий шиг амьтан юу хуцаад байна аа.

Зочин [148.60.92.227] 2022-01-08 20:39:38

Demiireed bai,,hot ailuud neg hydagaas malaan yslalgyi eer haanaas yslana gej boddog be?ta gyai!!!!!!!!!!!!!demiirch soliorohoon bolij yz!!!!hedee eer bololzoo bagatai?harin naad ebchinee herheh hazaarlah tyhaid niited iin bodlogo bolgoj tymend dyyrsaga?...

Зочин [192.82.76.98] 2022-01-08 19:55:20

Үгүй ээ харин тийм, ХААИС гээд данхайсан том сургууль өчнөөн салбар ШУ-ны хүрээлэнгүүд улсын төсвөөс цалинжаад санхүүжээд байж байдаг. Мал аж ахуйнхаа эм тариа, вакциныг, газар тариалангийнхаа наад захын бордоо, үрсэлгээг хийчиж чаддаггүй гэж үү? Ямар аймаар юм бэ, Бид ямар нийгэмд амьдраад байнаа, юу хийж чаддаг улс вэ?

Зочин [64.119.25.166] 2022-01-08 18:19:10

Шилхий өвчин монголд илэрснээс хойш 70 гаруй жил болж байна. Нөгөө ХАА-н олон докторууд одоо хүртэл ганц ч вакцин хийж чадахгүй байгаа нь ичмээр юм.

Зочин [64.119.27.246] 2022-01-08 18:12:57

Хэдэн мянган жил нэг худгаас хүн мал ундаалж ирсэн . Юу ч мэдэхгүй нам дагсан маланцарууд

Зочин [66.181.160.99] 2022-01-08 17:42:13

Хариуцлагаас мултрах гэж худлаа битгий шалтаг тооч.Өөрийн чинь маш харицлагагүй ажиллагаанаас чинь болсон.энэ өвчин гараад бараг жил болох гэж байхад тэр хугацаанд юу хийж байсан юм,дуугүй огцор,ажлаа өг. Үгүй бол шууд таслан зогсоо.Ер нь манай сайдууд ялангуяа Халтар,Мэндсайхан нар үнэхээр сэтгэл гаргахгүй байна,хил хаагдах байдал хүндрэхийг мэдсээр байж урьдаас ажлаа амжуулж хийхгүй сууж байснаа гарч ирээд бүгдийг Ковид руу чихдэг арга барилтай болчихож.

Туяа [202.9.41.61] 2022-01-08 16:56:10

Малын халдварт өвчин санаатай тараасан мөнгө угаалт. Эрт дээр үеэсээ нэг гол уснаас услаад ирсэн. Малын халдварт өвчин тарааж айл бүрийн гадна худаг ухуулж байгаад бэлчээрийн мал аж ахуйг устгах зорилго агуулж байгаа харагдаж байна.

Иргэн [202.21.107.60] 2022-01-08 15:43:37

Нэг худгаас малаа усалж байгаа учраас өвчин тархаж байна гэж эгэ Ганзориг ярьж байна. Энэ ер нь амьдрал дээр явж үзсэн нөхөр үү. Ингэж ярихыэ оронд вакцинаа тэр хугацаанд нь албан журмаар хийх асуудлыгярих хэрэгтэй байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.