Судлаач Ганаа: Эзэн биегүй үймээн

Aдмин / Нүүр

Казакстанд болсон үйл явдлыг дэлхий дахинд ч, Монголд ч янз бүрээр тайлбарлаж байна. Тайлбарлах гэж оролдох тутам уг асуудал улам бүдгэрч, битүү хатуу зүйл болж хувирч байна. Энэ талаар логик дүгнэлт хийхийг оролдоё. Гэхдээ энэ бол бүрэн төгс анализ биш нь мэдээж, зүгээр л сэтгэн бодож, эрэгцүүлэхэд нэмэртэй байж магад…

Гэнэт болсон тэсрэлт

Он гармагц л 1-р сарын 2-нд Казактан жагсаал эхлэв. Шалтгаан нь хийн үнэ нэмсэн. Гэхдээ энэ бол шалтгаан биш, шалтаг байв. Жанаозен гэх жижиг хотод гарсан жагсаал тэр өдрөө л өөр хэд хэдэн хотод халдварлав. Тэр дорхноо бослого, үймээн 15 хотыг хамарсан ба Алма-Ата хотод бүрэн хэмжээний байлдааны түвшинд хүрчээ. Байдал үлэмж ноцтой болж, иргэний дайн, төр засаг тогтох эсэх дээрээ тулав.

1-р сарын 6-аас Хамтын Аюулгүй байдлын Гэрээний байгууллагын (ОДКБ) 2500 цэрэг ирж эхлэв. Манай олон баагий Орос цэргүүд орж ирээд жагсагчдыг шууд буудаад эхэлсэн гэж сүржигнэж, геополитикийн “лут лут дүгнэлт” хийцгээв. Үнэндээ ОДКБ-ын цэргүүд армийн объект, нисэх буудал, зэвсгийн агуулах, захиргааны гол гол барилгуудыг хамгаалалтад авсан болохоос ганц ч хүн буудаагүй.

1-р сарын 9-ний байдлаар үймээнээс болж 225-аас багагүй хүн үхсэн ба үүний ихэнхи нь (2 хүүхэд) зөвхөн Алма-Атад үхжээ. Хүчнийхнээс 17 хүн амь үрэгджээ. Одоо Казакстаны байдал тогтворжиж, ОДКБ-ын цэргүүд гарч эхлэв.

Тайлбар хийгээд хадуурал

Үйл явдал эхлээд дуусах хүртэл дэлхий дахин, түүний дотор Монголчууд “манлайлан тайлбарлаж” эхлэв. Казакын үүх түүх, их дунд баг жуз болон овог аймгийн зөрчилдөөн, улс үүссэн түүх, эдийн засаг, баян ядуугийн болон баруун зүүн мужийн ялгаа, гадаад нөлөөлөл, ОХУ-ын алдаа, дутагдал, Назарбаев-Токаев 2-ын зөрчилдөөнийг “шинжилж” зэрэг “үй түмэн” тайлбар хийв. Гэхдээ энэ болгоныг худал, буруу гэж хэлэх үндэслэл тун бага, бүгдээрээ л их бага ямар нэг хэмжээгээр харьцангуй үнэнийг агуулж байв.

Аливаа хувьсгалт тэмцэл мэтийн том үйл явдалд нэг хүчин зүйл нөлөөлдөггүй, харин маш олон хүчин зэрэг зэрэг нөлөөлдөг гэдгийг “мартсанд” дээрх дүгнэлтүүдийн алдаа оршино.

Үймээн самуунд нөлөөлсөн гэж хүчин зүйлс, түүний “үй түмэн” тайлбарыг багцалбал:

Нэг. Казакын ард түмний бослого хөдөлгөөн. Ард түмний олон жил хуримтлагдсан дургүйцэл, эсэргүүцэл тэсэрсэн.

Хоёр. Казакийн эрх баригч бүлэглэлүүдийн зөрчилдөөн. Ялангуяа Назабаев, Токаев 2-ын зөрчилдөөн. Хүчний байгууллагуудын хуйвалдаан, өдөөн хатгалга.

Гурав. Гадаадын оролцоо, өнгөт хувьсгал.

Аль нь вэ ? Хэрэв бүгдээрээ нэгэн зэрэг холилдож хутгалдаж нөлөөлсөн байж болох уу ? Болохоор барах уу. Ингэж үзэх бүрэн үндэслэл бий. Ингээд хүчин зүйл нэг бүрийг авч үзье:

Нэг. Ард түмний бослого хөдөлгөөн.

Бүхий л шинж тэмдгээс үзэхэд яах аргагүй ард түмний дургүйцлээс үүссэн бослого, хөдөлгөөн эхэлжээ. Ард түмэн нэг л оч үсрэхэд дэлбэрэхэд бэлэн болоод байжээ. Үүнийг нотлох маш олон баримт бий.

Харин Казакстаны эдийн засгийг арчаагаа алдсан гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Харин ч Назарбаев АНУ, ОХУ, Хятад, ЕХ-ын дунд 30 жилийн турш ёстой тоглох шиг болж, бүгдээс нь “мөнгө сааж” чадсан юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар Казакстан шиг амжилттай яваа улс байхгүй. Энд би тоо баримт дурдахгүй. Та нар ямар тоо тогтоох биш…

Харин баялгийн хуваарилалт хэт шударга бус, эдийн засаг нь бүхэлдээ шахам гадаадын хяналтад орж, баялаг Назарбаевын кланы мэдэлд төвлөрч, ард түмнээ зөнд нь орхисон нь улс төр-эдийн засгийн гол асуудал юм. Ер нь бол баян ядуугийн ялгаа, хэт дарангуйлал 2 юм даа.

Гэвч аливаа хувьсгалыг ард түмэн өлсөхөөрөө хийдэг юм биш. Харин баялгийг хэт шударга бус хуваарилснаас болдог. Үүнийг манай эрх баригчид сайн тогтоож авах хэрэгтэй л дээ. Энэ талаар би хувьсгалын онолоор бичсэн өгүүллүүддээ залхтлаа дурдсан.

Ингээд Казакстанд болсон үйл явдлыг ард түмний бослого хөдөлгөөн гэж дүгнэх шахаж байтал ихээхэн эргэлзээ төрүүлэх өөр үндэслэлүүд гарч ирж байна.

Аль ч улсын аль ч ард түмний ямар ч бослого хөдөлгөөн үүсэлтэй, хэд хэдэн жил дамнан өрнөдөг, үгүй ядаж тавьсан шаардлагатай, урдаа барих уриа лоозонтой, нам ч юмуу, хувь хүн ч юмуу, ямар нэг удирдах байгууллага, удирдагчтай байх ёстой.

Ухаандаа Монголын Юань улсын эсрэг хятадын “улаан алчууртны” бослогыг Хань Шань Тун гэдэг баагий удирдсан ба тэр баагийг монголчууд удалгүй алсан боловч бослого 1351-68 он буюу 17 жил үргэлжилсэн.

Оросын хатан хаан II Екатеринагийн эсрэг тариачны бослогыг (1773-1775) Емелъян Пугачёв гэгч хасаг (казах биш) баагий толгойлсон. Хувь заяаны шоглоомоор Е.Пугачёвын бослого Яицкий гэх жижиг хотоос эхэлсэн ба одоо энэ хот Уралск нэртэйгээр Казахстаны баруун хэсэгт оршдог. Сая ч гэсэн Уралск (Яицкий) хотод хэд хоног нэлээд ширүүн үзэлцсэн сурагтай.

Казакстаны ардын хөдөлгөөн гэв гэнэт, нэгэн зэрэг, ямар ч удирдах нам, хөдөлгөөн байгууллагагүй, ямар ч толгойлогчгүйгээр ердөө л 10 хоногт болоод өнгөрчээ. Үгүй ядахдаа нэг ширхэг “согтуу” казак “бүгдээрээ тэмцэе, ингэе тэгье” гэж уриалж дуудсангүй. Тэр ч байтугай уриа лоозон, шаардлага бараг байхгүй. Ганц нэг хүн “Өвгөн (Назарбаев) зайл” гэж хашгирснаас өөр зүйлгүй…

Назарбаевын хаанчлалын улмаас Казакстанд сөрөг хүчний олигтой нам байхгүй, сөрөг байр суурь баримтлах хөдөлгөөн, ТББ-ууд байхгүй, түүнийг удирдах лидер байхгүй гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл Казакстанд эсэргүүцлийн хөдөлгөөн гэнэт үүсэх нөхцөл байхгүй, иргэд нэгдэн зохион байгуулагдах боломж тун хомс. Гэтэл гэв гэнэт, нэгэн зэрэг, маш өндөр зохион байгуулалттай хөдөлгөөн бараг бүх хотуудад зэрэг үүссэн нь яагаад ч тохиолдол биш юм.

Яахав, ард түмний хөдөлгөөн дунд гэмт хэрэгтэн, рецивистууд холилдон орж, машин шатаах, дэлгүүр дээрэмдэх г.м. балмад үйлдэл хийх нь бараг “зүй тогтол” юм.

Үйл явдал, түүний өрнөл хэтэрхий өндөр зохион байгуулалттай, эрх мэдлийг булаан авах зорилготой байсан нь тодорхой байна. Эндээс Казакстаны үйл явдалд зохион байгуулалттай ямар нэг хүчин оролцож, өдөөгчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл гарч ирнэ. Сүүлийн жилүүдэд Казакстанд радикал исламизмын янз бүрийн урсгал, ялангуяа салафизм ихэд дэлгэрч, залуучууд олноороо автах болсон нь ихээхэн нөлөөлсөн байх маш өндөр магадлалтай. Шашны асуудлын хорооны дарга Галим Шойкин 2016 онд Казакстанд 15 мянган салафит байна гэж дүгнэж байжээ. Энэ нь өнөө айхтар ваххабизм-тэй их төстэй, “ариун дайныг” номлодог, цэрэгжсэн (боевик) бүтэцтэй, гадаад дэмжлэг сайтай гаж урсгал аж.

Ямар ч гэсэн энэ үйл явдал ард түмний хөдөлгөөн мөн боловч “цэвэр” биш, “хольцтой”, “цаанаасаа өдөөсөн” хөдөлгөөн гэдэг нь тодорхой байна.

Хоёр. Казакийн эрх баригч бүлэглэлүүдийн зөрчилдөөн

Энэ үндэслэл дээр маш олон хүн тогтож ярьж байгаа, тэгэх ч олон шалтгаан, баримт байгаа. Ямар ч гэсэн Назарбаев, Токаев хоёрын эвлэрэл, зөрчил холилдон байгаа нь тодорхой. Энэ байдлыг Ван хан Нялх Сэнгүм хоёртой дүйцүүлэн үзвэл хол зөрөхгүй л байх…

Өнгөц харахад нэг талаас Токаев л ганцаараа ярьдаг, нөгөө талаас “террористууд” үймүүлээд байгаа зураглал харагдана. Гэтэл Токаев ганц ч “террористын” нэр хэлээгүй. Тэгэхлээр Казакстаны үймээн эзэн биегүй болж таарч байна. Хачин шүү…

Ухаандаа Казакстаны зэвсэгт хүчин Дундад Азидаа хамгийн хүчирхэг нь юм. Казакстаны арми 39 мянган хүнтэй. Энэ арми таг чиг болов. Тэр нь ч зөв байх. Ийм юманд арми оролцвол бүр ч заваарна. За яахав армийг больё гэхэд нийгмийн дэг журмыг хамгаалах шууд үүрэг хүлээсэн Үндэсний гварди гэж бий. Гэтэл тэр нь бас таг чиг…

Казакстаны Үндэсний Гвардийн хүний тоо нууц боловч багцаагаар армитайгаа тэнцэнэ. Миний олсон “нууц тоогоор” Үндэсний Гварди 30 гаруй мянган хүнтэй. Казакстаны Үндэсний Гварди: Карагандад байрлах ”Төв” бүлэг, Алма-Атад байрлах “Өмнөд” бүлэг, Уралск-д байрлах “Баруун” бүлэг, Усть-Каменогорскод байрлах “Дорнод” гэсэн бүсийн бүлгээс (1 буюу хэд хэдэн батальон) бүрдэнэ. Мөн тусгай ажиллагааны “Бүргэд” нэгтгэл бий. Ингээд Казакстаны арми, үндэсний гварди, цэрэгжсэн бүлгүүд нийтдээ 70.500 хүнтэй хүчирхэг хүчин болно.

Үүний дээрээс английн “The Indeperent”-ын мэдээгээр Казакстан 1 хүнд ногдох цагдаагийнхаа тоогоор дэлхийн ТОП-10 орны тоонд багтдаг. 100.000 казак иргэнд 445 цагдаа ногдож байгаа нь дэлхийд 6-рт орох өндөр үзүүлэлт юм.

Ийм хүчирхэг атлаа ОДКБ-ээс цэргийн туслалцаа авна гэдэг бол арми, үндэсний гварди “ажиллагаагүй болсон” гэх дүгнэлтэд өөрийн эрхгүй хүргэнэ. Өөрөөр хэлбэл Казактаны Үндэсний Гварди, цагдаа хоёр “төвийг сахих” байр суурь баримталсан буюу хүлээсэн үүргээ бараг биелүүлсэнгүй. Барьц алдсан, самгардсан, айсан, яах учраа олоогүй г.м бол тайлбар биш л дээ. Бас ийм том бослогыг мэдээгүй сууж байдаг дүүрчихсэн тагнуул гэж баймааргүй. Мэдэж л таараа ш дээ. Санаатайгаар улс төрийн удирдлагадаа хэлээгүй л байхгүй юу. Энд ч том учир байна…

Одоо бол хүчний байгууллагын системд цэвэрлэгээ хийж, системийн өөрчлөлт хийх нь гарцаагүй.

Зарим нь “Назарбаевын хаанчлал, эрин үе дууслаа” гэж томъёолж буй. Назарбаев ч өөрөө эрх мэдлээ “зөөлөн” шилжүүлэх гэж Токаевыг сонгож авсан. Угаасаа нас нь ч ингэхийг шаардаж буй. Назарбаев өөрөө “хонь хариулдаг” их жузын хүн бөгөөд “төр барьдаг” дунд жузын эхнэр авсан тулдаа төрийн эрхэнд гарсан гэж ярих…

Одоо Токаевыг Назарбаевын залгамжлагч гэж үзэх үү ?, эсвэл Назарбаевыг түлхэн унагагч гэж үзэх үү ? гэсэн асуултад хариулахад нэн түвэгтэй.

Токаевыг Ерөнхийлөгч болоход Назарбаев түүнд бүрэн эрх мэдэл олгоогүй. Үүний улмаас Токаев “өвгөнтэй” зохицохгүйгээр ганц ч шийдвэр гаргаж чадахгүй нөхцөл байдалд анхнаасаа орсон юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд Токаевтай өрсөлдөж байсан Амиржан Косанов: “Ерөнхийлөгчийн засаглалтай улсын сонгогдсон лидер улс орны улс төрийн амьдралд нөлөөлөх бүх хөшүүргийг хянаж чадахгүй байгаа нь тэнэг бөгөөд аюултай (!!!) нөхцөл байдал юм” гэж тухайн үед дүгнэж байжээ. Тэнэг бөгөөд аюултай нөхцөл байдал…

Шинэ Ерөнхийлөгч Токаев анхныхаа зарлигаар нийслэл Астаныг Нур-Султан болгосон нь ихээхэн дургүйцэл, эсэргүүцэл төрүүлсэн юм. Казакстаны 19 сая хүн амын 0,001% буюу 162 хүн улс орны баялгийн 55%-ийг эзэмшдэг ба тэдний олонхи нь Назарбаевтай цусан төрлийн болон ажил хэргийн холбоотой гэж дэлхийд томоохон аудитын KPM фирм тооцож гаргажээ. Одоо Назарбаевын энэ клан задарч, эрх мэдлээ алдах нь ойлгомжтой. Тэдний эрх мэдлийг задлахаас өөр арга байхгүй. Харин “зөөлөн”, “хатуу” задлах нь өөр асуудал юм.

Назарбаев, Токаев 2 зөрчилтэй, амь тэмцэн өрсөлдөж байж болох авч “ардын бослого”, “эсэргүүцлийн хөдөлгөөн”, “иргэний дайн”, “террорист ажиллагаа”-нд хүртлээ муудалцана гэж баймааргүй. Яагаад гэвэл энэ хоёр салшгүй нэг цулаас гадна системээ нураавал хэн хэн нь хохирно.

Тэгвэл энэ хоёрын хооронд яс хаяж, хоёуланг нь зайлуулах гурав дахь хүчин байж болох уу ? Болно. Энд гадаад хүчин зүйл орж ирж байна.

Гурав. Гадаадын оролцоо, өнгөт хувьсгал

Террористууд “үйлдвэрлэж” гадагш “илгээдэг” Йордан, Кувейт, Саудын Арав, Ирак, Пакистан гэх мэтчилэн “хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд” хангалттай олон бий. Эдний дундаас хамгийн “тохиромжтой” нь “муу нэртэй, луу данстай” Афганы талибууд юм. Мөн АНУ бол Оросыг загнана, ОХУ бол АНУ-г заах нь мэдээж хэрэг. Ингээд бантан болж байгаа юм…

Сүүлийн мэдээгээр үймээний үеэр 9,9 мянган хүн баривчилсан гэж Казакстаны Дотоод Яам мэдэгдсэн. Мөн 500 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж Прокурорын Газар мэдээлсэн. Энэ тоо цаашид нэмэгдэх байх. Хачирхалтай нь одоо болтол ганц ч “террорист” нэрлэсэнгүй.

Эндээс үймээн гаргагчдын дунд”террорист“ байхгүй буюу байсан ч тоотой цөөхөн баагий байсан гэж дүгнэж болно. Эсвэл үүний урвуугаар маш өндөр зохион байгуулалттай, цөөн тооны “зааварлагч”, “зохицуулагч” нар үймээнийг мэргэжлийн өндөр түвшинд удирдсан гэсэн дүгнэлт хийж болно. Аль нь вэ ?

Үүний тулд болж өнгөрсөн үйл явдлыг ТВ-ын мэдээгээр биш, бүхэлд нь шинжилж үзэх ёстой. Асар том үйл явдал ердөө л 10 хоногийн дотор, үнэндээ бол 5 хоногийн болов. Одоо дэлхий дахинд ч, Казакстанд ч “юу болоод өнгөрчихвөө ?” гэсэн асуулт тавьж байна.

Үйл явдлын хамгийн бүрэн зураглалыг ОДКБ-ын зөвлөгөөн дээр Токаев мэдээлсэн юм. Түүний үгийг өөчилж шүүмжилж болох авч тэр холбоотнуудынхаа өмнө оргүй худал яриагүй гэж бодож байна. Иймээс тэр үгнээс иш татъя:

“Би үйл явдлын бүрэн зураглалыг мэдэж байгаа учраас энэ жилийн эхнээс авахуулаад бүх үйл явдал нэг гинжний цагирагууд юм гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Эдгээр нь удаан хугацаанд бэлтгэгдсэн нэгдмэл нэг сүйрүүлэгч санаархалд захирагдаж байв. Энэ бэлтгэл хэр удаан, нэг, хоёр, гурван жил үргэлжилсэн гэдгийг мөрдөн байцаалт л харуулна…

…Шашны радикалууд, эрүүгийн элементүүд, дүүрсэн дээрэмчин, тонуулчид, жижиг хулиганууд нэг дохиогоор гарч ирсэн. Нийгэм-эдийн засгийн болон нийгэм-улс төрийн шаардлагууд хоёр, гуравдугаар байранд хойшлогдсон. Үүний дараа халуун үе эхэлж, хөдлөх цагаа хүлээж байсан зэвсэгт боевикууд ажиллаж эхэлсэн…

…Тэдний гол зорилго нь үндсэн хуульт байгууллыг эвдэх, удирдлагын институтуудыг сүйрүүлэх, засгийн эрхийг булаан авах байсан нь тодорхой. Одоо бол байлдааны энэ бүх ажиллагааг нэг төвөөс зохицуулж, сайтар төлөвлөсөн ажиллагааг шийдвэрлэх үед эхлүүлсэн гэдэг нь илт байна…

Энэ үед орон нутгийн засаг, хууль сахиулах байгууллага, мөрдөн тусгаарлах газруудын байшин барилга, стратегийн объектууд, банк, телевизийн цамхаг, теле сувгууд руу зохицуулсан, давтаад хэлье, зохицуулсан дайралт хийсэн…Нисэх буудлыг булаан эзэлж, авто болон төмөр замуудыг хааж, түргэн тусламж болон галынхны ажлыг саатуулсан…

Цэргийн ангиуд, армийн блокпостууд руу дайрах үеэрээ дээрэмчдийн бүлэг зэвсэг, байлдааны техник булаан авахыг оролдсон. Алта-Ата болон бусад хотуудад жинхэнэ тулалдаан болсон. Жишээлбэл, Алта-Ата хотын Дотоод хэргийн Департаментын барилгын эргэн тойронд байлдаан 2 шөнө үргэлжилсэн. Цагдаа нар террористуудын атакыг няцааж байлаа. Зөвхөн Алма-Ата хотод зэвсгийн 7 дэлгүүрийг эзлэн авсан. Энэ бол тусгай винтовоор зэвсэглэсэн мэргэн буудагч нарыг оролцуулсан сайтар дасгалжсан мэргэжлийн хүмүүсийн атак байсан…

Террористууд өөрийн гэсэн холбоо ашиглаж, цэргийн албан хаагч, хууль сахиулах байгууллагуудын дүрэмт хувцсаар хувцасласан байв. Тэд нийтийн эмх замбараагүй байдалд оролцогсод мэт ичгүүргүй нуугдан, тэднийг амьд бамбай болгон ашигласан. Тооны хувьд наад зах нь 5 дахин их хүчтэй болмогцоо дээрэмчид цагдаагийн болон цэргийн албан хаагчид руу дайрч, тэднийг харгис хэрцгийгээр зодож нүдэн, цэргийн хоёр ч албан хаагчийн толгойг тасалсан. Эмнэлэг рүү зэрлэгээр дайрсан явдал ч гарсан…

Улс орон даяар бизнесийн 1270 объект нэрвэгдэв. 100 гаруй худалдааны төв, банкийг дээрэмджээ. Зөвхөн цагдаагийн машин гэхэд л 500 орчмыг гэмтээж, шатаажээ.

Дээрэмчид шөнийн цагаар шарил хадгалах газрууд руу дайрч, үхсэн хамтрагчдынхаа цогцсыг авч явж байлаа. Мөн тэд шууд тулалдааны талбараас цогцсуудаа цуглуулж байв. Энэ бол гарал үүсэл нь тодорхой олон улсын террористуудын практик бөгөөд тэд ингэж ул мөрөө ингэж балладаг.

Казакстан дахь үйл явдал эгзэгтэй шинжтэй болж, Алма-Ата болон 10 мужийн төв дээрэмчдийн гарт орсон. Иймээс бид терроризмын эсрэг ажиллагааны дэглэм зарласан.

Казакстан руу довтолгоог зохион байгуулагсад түрэмгийллийн хэд хэдэн давалгаа үйлдсэн. Эхний шатанд миний дээр хэлснээр тайван эсэргүүцэл болсон. Дараа нь, тухайлбал Алма-Атад улс төрийн жагсаал цуглаан эхлүүлсэн, харин дараа нь хотын гурван талаас зэвсэгт боевикууд чонын сүрэг мэт орж ирсэн. Эхлээд тэд тайван жагсагчид мэт аашилж, хууль сахиулагчид болон хотын иргэдийг төөрөгдөлд оруулсан, дараа нь түүхэнд Алма-Атагийн эмгэнэл гэж ормоор үйл явдал болсон…

…Мөн чанартаа энэ бол манай улсын эсрэг зүсэн зүйлийн аргаар өдөөсөн жинхэнэ террорист дайн байлаа. Казакстаны эсрэг террористууд, түүний дотор гадаадын боевикууд шууд оролцсон гэдгийг итгэлтэйгээр хэлж байна.

Харин В.Путин ингэж хэлжээ:

“…Хийн зах зээлийн асуудлаар жагсагчид өөр хүмүүс бөгөөд тэдний зорилго өөр, харин гартаа зэвсэг барьж, төрийн эсрэг дайрсан хүмүүс бол өөр хүмүүс бөгөөд тэд өөр зорилготой…

…Энэ үед эсэргүүцлийг дэмжих хүчний болон мэдээллийн элементийн “майданы” технологийг идэвхитэй хэрэглэсэн…

…Энэ бол мөн чанартаа улс орон руу, Казакстан руу довтолсон хэрэг, мөн чанартаа түрэмгийлсэн үйлдэл мөн…”

В.Путин өөрөө тагнуулч учраас мэдэж л таараа. Түүнээс гадна В.Путин оргүй хоосон үг хэзээ ч хэлдэггүй. Иймээс нэлээд тооны террорист байсан нь эргэлзээгүй.

Одоо 20 мянган “террористын” асуудал босч ирнэ. Олон хүн, түүний дотор монголчуудын хөх инээд хүрч “20 мянган террорист хаанаасаа гарч ирдэг юм ? Худлаа шаагаад л…” гэж мэдэмхийрэх.

Үйл явдлын өрнөлөөс үзэхэд: энгийн жагсагчид + шашны радикалууд + эрүүгийн элементүүд + дээрэмчин, тонуулчид + жижиг хулиганууд + тэнэмэл люмпенгүүд + террорист, боевикууд гэсэн бүдүүвч илт харагдаж байгаа бөгөөд тэдний нийлбэр 20 мянга элбэг хүрнэ. Харин “жинхэнэ” бөгөөд “гадаад” террористууд үүнээс нэлээд цөөн байх ёстой. Гэхдээ яг “террорист” нь яг хэн бэ ? гэдгийг одоохондоо хэн ч нэрлээгүй…

Токаев ОДКБ-ын өмнө, дэлхий дахинд ингэж амласан:“Ойрын үед урдчилсан мөрдөн байцаалт дууссаны дараа бид дэлхийн олон нийтийн шүүхийн өмнө манай орны эсрэг террорист түрэмгийлэл бэлтгэж, үйлдсэн тухай нэмэлт нотолгоог гаргаж өгөх болно.”

Үйл явдал дуусаагүй, одоо л дөнгөж эхэлж байна. Зүйрлэн хэлбэл, гал гарсан, гарах гарахдаа олон газар зэрэг зэрэг дүрэлзсэн, золоор бүгдээрээ шатаад үхчихсэнгүй, хөршүүдийн тусламжтайгаар арай ядан унтраав. Одоо гал гарсан шалтгаан, нөхцлийг судалж, гал тавьсан буруутныг хайх ажил хийж байна. Иймээс элдвийн таамаг цуурхал дэгдээхийн оронд энэ дүгнэлт, нотолгоог хүлээх хэрэгтэй гэж санана.

Эндээс:

1. Орчин үед өнгөт хувьсгалын технологи хэт хөгжиж, “төр эргүүлэх” ажил “нүд ирмэхийн төдий”, “ухаан сэхээ авахын зуургүй” болоод өнгөрдөг болжээ.

2. Хэт төвлөрсөн нэг хүн, нэг кланы мэдэлд орсон дарангуй төр үнэхээр арчаагүй байдаг юм байна.

3. Казакстаны өнөөгийн төрд эвлэршгүй ан цав сууж, суурь өөрчлөлт хийхээс нааш зөрчил, мөргөлдөөн тасралтгүй үргэлжилнэ.

4. Токаев Назарбаевын хуучин системийг эвдэх гэж байгаа юу, эсвэл зүгээр л өөрөө “эзлэж авах” гэж байгаа юу гэдгээс зөрчил, тэмцлийн шинж чанар өөрчлөгдөж, хурц, аядуу явагдах эсэх нь хамаарна.

5. Казакстан асар том өөрчлөлт, улмаар нийгэм-улс төрийн хүчтэй донсолгооны өмнө тулж ирээд байна гэсэн дүгнэлт гарна.

Судлаач Х.Д.Ганхуяг.

2022 оны 01 дүгээр сарын 18.

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.82] 2022-01-20 20:48:08

Энэ с д агын судлаач гэж юу байдгийн эргүү дагз

Цдн [66.181.183.76] 2022-01-21 09:52:11

Чамайг бодвол үсэг мэддэг уншиж чаддаг бололтой?????

Зочин [202.21.109.38] 2022-01-20 13:46:32

Назарбаевын идсэн,тэр олон хаус ард түмний татварын мөнгөөр ард түмнээ ядууруулж байж гадаадад олон хаус авсан байгаа.Тэгээд ард түмнээ террорист гэдэг нэр өгчихөөд орос цэргээр ард түмнээ хядуулчихаад дахин дахин баяжина гэж бодож байгаа.

Зочин [202.9.46.244] 2022-01-20 12:59:13

Монголд алан хядах маш том бүлэглэл бий болж гурван сая үхэрийг МАНАН-ийн пизда нартай нь хамт хядаасай.

зочин [124.158.68.39] 2022-01-20 19:20:48

чи 3 саяд багтаж байгаа шүүдээ Чиний амиа хорлохын өмнө үр хүүхдээ чи өөрөө хядахуу Чамайг харах юмсан.Африктбайдаг Гиена гэж сэг зэмээр хооллодог оцгор чононцор байдаг Чамайг яг тий амьтан байгаа гэдэгт баттай итгэж байна.АН-н хамгийн сүүлчийн могикан нь чи бололтой. Энэ янзаараа чи удахгүй үхэх нь ойлгомжтой.үр хүүхдээ алаад үхэх эсэх нь чиний хэрэг бололтой.Бузар хүн гэж чамаас өөр байхгүй байх

m [202.55.191.130] 2022-01-20 12:20:38

tun zov dvgnej bichjee. bi sanal neg bna. kazakuud asar ih musilmanjij vndeshereg bolood bgaa shuu..busad 120 vndsetendee ih haltai bolood bgaa. zarim neg dvrbeed zugtaj bgaa. orosuudiin too bainga buurch bgaa ch dee..


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.