Татварын орлого 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдэв

Aдмин / Эдийн засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 14.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.8 (36.5 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.2 (34.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 15.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оныхоос 1.5 (34.5 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн 12 дугаар сард 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 4 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 678.2 (49.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 оны 10 дугаар сард 270.3 тэрбум, 11 дүгээр сард 339.2 тэрбум, 12 дугаар сард 1 их наяд төгрөгийн алдагдалтай байв. Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оныхоос 3.8, татварын бус орлого 0.9 нэгж хувиар нэмэгдэж, татварын орлого 2.5, ирээдүйн өв сангийн орлого 2.2 нэгж хувиар багассан аж.

Татварын орлого 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2.8 (32.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 1.1 (48.9 хувь) их наяд, нийгмийн даатгалын орлого 673.1 (42.4 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 628.2 (28.4 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 202.3 (27.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Татварын орлого мөн сард 920 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 19 (2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Татварын орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оныхоос 3.2, нийгмийн даатгалын орлого 1.5 нэгж хувиар нэмэгдэж, харин нэмэгдсэн өртгийн албан татварынх 0.8, онцгой албан татварынх 1.8, бусад татварынх 1.8, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.3 нэгж хувиар багасжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.7 (12.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оныхоос 1.9 (17.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 12 дугаар сард 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 678.2 (49.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд хөрөнгийн зардал 772.9 (4.1 дахин) тэрбум, урсгал зардал 210.8 (19 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь 2021 онд өмнөх оныхоос 10.4, татаас 0.1 нэгж хувиар нэмэгдэж, харин бараа үйлчилгээний зардлынх 8.2, хүүгийн зардлынх 2.2 нэгж хувиар багасжээ.

Хөрөнгийн зардал 2021 онд 3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 12.7 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Хөрөнгийн зардалд бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь өмнөх оныхоос 7.1 нэгж хувиар нэмэгдэж, харин барилга байгууламжийн зардлынх 5.3, тоног төхөөрөмжийн зардлынх 1.3, их засварын зардлынх 0.5, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.1 нэгж хувиар багаслаа. Хөрөнгийн зардалд энэ оны 12 дугаар сард 1 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх сарынхаас 772.9 (4.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.118] 2022-01-21 14:28:43

Төр нь а.а гэгж иргэдээ хэтрүүлэн дээрэмдсэн гэсэн үгшүүдээ татварын орлого нэмэгдэнэ гэдэг нь ...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.