Монголд буй гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй болжээ
2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан А/08 дугаар тушаалын дагуу “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан байна.
Тодруулбал, 2016 оноос хойш салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын баталсан тушаалаар зохицуулж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ийнхүү шинэчлэн батлагдаж, нийтээр дагаж мөрдөхөөр болжээ.
Уг шинэчлэн батлагдсан журмаар салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах хугацаа, зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, хяналт тавих зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан бөгөөд үүнд зөвшөөрлийн хугацааг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилт, цар хүрээ, ажлын байр бий болгосон байдал зэргийг харгалзан гурав хүртэл жилээр, Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ, Монгол Улсад 10 жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан зэрэг нөхцөл, шаардлагыг харгалзан тав хүртэл жилээр сунгах боломжтой боллоо.
Ингэснээр Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад дахь төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд олон тооны баримт бичиг бүрдүүлж жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж буй нь үйлчилгээний чирэгдлийг багасгах чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 79 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар байгааг үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл:
- хүмүүнлэгийн 17
- улс төрийн 2
- боловсролын 17
- халамжийн 12
- эрүүл мэндийн 8
- хөдөө аж ахуйн 3
- байгаль, орчны 10
- эдийн засгийн 10 салбар, төлөөлөгчийн газар ажиллаж байна.
Сэтгэгдэл