Я.Батхүү: Өвчин тусч байгаа шалтгааны 70-80 хувь нь сэтгэл зүйн гаралтай, далд ухамсрын өөрчлөлтөөс үүдэлтэй
Сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцлаа.
-"Ковид-19" цар тахал Монголд гарч эхлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авч байв. Та сэтгэл зүйчийн хувьд хэрхэн ажигласан бэ?
-Цар тахлын эхний үед хүмүүс гэрийн хорионд ороод маш сонирхолтой байдлаар эхэлсэн. Ажилдаа явах цаг гэрт шилжсэн. Гэртээ хайртай дотны хүмүүстэйгээ байхаар эхэн үедээ маш сайхан. Гэтэл тэр үеийнх нь дараахан Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдлээ гэж мэдэгдсэн. Энэ үеэс нь сэтгэл зүйчид мэргэжлийн үүднээс анхаарал хандуулж эхэлсэн. Энэ мөчөөс цар тахлын анхны асуудлууд үүссэн. Яагаад гэвэл энэ өвчин өөрөө тодорхойгүй. Ирээдүй нь таамаглашгүй байв. Хэзээ дуусах юм, эмчилгээ байгаа юм уу гэдэг нь тааварлашгүй, вакцин ч гараагүй хүнд үе. Үнэн худал нь мэдэгдэхгүй маш аюултай бичлэгүүд сошиалаар явж эхэлсэн. Хятадад зүв зүгээр явж байгаад гэнэт пид пид хийтэл унаад, газар дээрээ үхээд л. Түүнийг хараад хүмүүс маш их цочирдсон. Түүнээс болоод эдгэдэг өвчин үү, эдгэдэггүй өвчин үү, туссан хүн болгон үхээд байх юм уу гэдэг байдлаар маш их цочрол авсан.
Ямар байдалд орохоор хүн гэнэт цочирддог вэ?
-Хүн тодорхойгүй нөхцөл байдалд орохоор маш их айдас түгшүүрийн эмгэг бий болдог. Түүн дээр нэг судалгаа хийсэн байна лээ. Хөл хорионы үе дэх хот хөдөөгийн 4000 хүний дунд явуулсан судалгаагаар 52 хувь нь дэлгэцийн хамааралтай байгаагаас тэдний 64 хувь нь кино үзэх, 36 хувь нь гэрийнхэн болон хүүхдүүдтэйгээ тоглох, 32 хувь нь шинэ зүйл сурах, хоёр хувь нь ажлаа хийх, нэг хувь нь хичээлээ хийж байгаа гэсэн сонирхолтой харьцуулалт бүхий дүн шинжилгээ гарсан. Харин сэтгэл зовоосон асуудал нь тэдний дунд сэтгэл түгшилт 20 хувь, сэтгэл гутрал 22 хувь, нойргүйдэл 23 хувь, амиа хорлох бодол 23 хувь гарсан нь корона вируст халдварт цар тахлын үеийн хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байгааг харуулсан. Амиа хорлох бодол илэрсэн 23 хувийн шалтгаан нь сэтгэл гутралтай гэсэн ба тэдний 60 хувь нь "үхсэн нь дээр" гэж хариулсан байдаг.
-Үүнийг сэтгэл зүйн талаас нь авч үзвэл хэрхэн тайлбарлах вэ?
-Тодорхойгүй байдал нь өөрөө хүнийг айдас түгшүүрт автуулдаг. Энэ байдал нь удаан үргэлжлээд ирэхээр стресс нь депресс болоод депрессээс аффект болоод амиа хорлоё гэсэн улигт бодлууд төрөөд байдаг.
-Хөл хорионы үе хүмүүсийн сэтгэл зүйд тийм хүнд туссан гэж үү?
-Гэр бүлтэйгээ хөл хорионд байна гэдэг эхэндээ хөгжилтэй сайхан. Нийгмээс тусгаарлагдаад ажил албандаа явж чадахгүй гэрийн хорионд ороод эхэлж байна шүү дээ. Удаан хоорондоо харилцаад эхлэхээр залхалт үүсдэг. Ярих яриа байхгүй болчихдог. Эхэндээ бүх зүйлээ сайхан ярьдаг байсан бол хэдхэн хүрээний хүнтэй харьцаад эхлэхээр ярих яриа нь дуусна. Тэгээд ирэхээр хүний сэтгэл зүйд уйдах, залхах процесс явагддаг. Түүний хажуугаар бас нэг аюултай зүйл нь нөгөө хүмүүстэйгээ байнга харьцаад харилцаад ирэхээр дутагдалтай талууд нь харагдаж эхэлнэ. Ингээд түүнд нь уурлаж, уцаарлаж эхэлдэг. Засч, залруулах гэж оролддог. Шүүмжлэлтэй хандлагаар хандана. Тэр хүний төрсөн темперамент хэзээ ч хувьсан өөрчлөгддөггүй. Тэр байдалд нь уурлаж уцаарлаад эхлэхээр нөгөө хүн нь хариу эсрэг үйлдэл хийнэ. Хариу эсрэг үйлдэл үзүүлээд эхлэхээр гэр бүлийн зөрчилдөөн үүсээд эхэлж байгаа юм. Зөрчилдөөнөө хэрхэн дарах, стрессээ даван туулах арга барилд суралцаагүй, энэ талын мэдлэг дутуу байх юм бол зөрчилдөж, зөрөлдөөд хүчирхийлэл үйлддэг. Хүчирхийллийн тоо нэмэгдсэн нь тийм учиртай. Тэгэхээр энэ ковидын үеийн сэтгэл зүй буюу пандемик стресс гэж дэлхий даяар яригдаад байгаа асуудал юм.
-Анх вакцин орж ирэхэд бас л хүмүүсийн сэтгэл зүй хоёр хуваагдаж хийлгэнэ, хийлгэхгүй гэх хоёр талтай байсан. Вакцин хийх үеэр хүмүүсийн сэтгэл зүйг хэрхэн ажиж байв?
-Нэг хэсэг нь эрс эсэргүүцсэн. Тийм хүмүүс одоо ч байна. Тэр байтугай одоог хүртэл нэг ч вакцин хийлгээгүй хүмүүс байдаг юм байна лээ. Үнэмшихэд хэцүү. Тухайн үед баталгаагүй эх сурвалжууд их байсан. Манай төрийн байгууллагууд байнгын сурталчилгаа хийж байсан боловч гаднаас орж ирж байгаа санаатай санаандгүй янз бүрийн мэдээллийн урсгалуудаас шалтгаалаад хүмүүсийн үзэл бодол их өөрчлөгдөж байсан. Вакцин гэдгийг бид маш олон жил хийж, судалж байж бүтээгддэг эд юм байна. Гэтэл үүнийг хоромхон буюу хэзээ ч хийж байгаагүй богино хугацаанд хийлээ. Ийм хугацаанд вакцин бүтээсэн гэдэгт хүмүүсийн итгэл үнэмшил төрөхгүй байсантай холбоотой. Дээр нь хоёр талын эсрэг байр суурьтай хэтэрхий их гуйвсан мэдээлэл ороод ирэхээр хүмүүс дунд нь төөрөлдчихсөн. Энэ төөрөгдлийг сэтгэл судлалд сүргийн инстинкт гэж нэрлэдэг. Хүн өөрөө энэ үнэн үү, худлаа юу гэдэг логик бодомж хийхгүйгээр туйлширчихдаг. Иймэрхүү байдлаар явагдсан.
-Дараагийн хоёр талд гарсан зүйл өнгөрсөн Цагаан сарын баяр. Зарим хэсэг нь хөл хорь, мал шиг бэлчинэ гээд л. Зарим нь зүгээр орхичих. Амьдрах чадвартай нь үлд, чадахгүй бол өвчнөө тус л гэж хандсан?
-Ганцхан манай төр засаг ч биш олон улс орон үүн дээр өөр өөр байр суурьтай байсан. Швед гэх мэт европын улсууд иргэдээ задгай тавиад сүргийн дархлаа үүсгэнэ гээд орхичихсон. Глобалчлагдсан өнөөгийн үед бид бүх мэдээллийг шууд авч байна шүү дээ. Улс орон болгон өөр өөр арга хэмжээ авсан. Нэгдэж тогтсон стандарт байхгүй явсан учраас хүмүүс ойлголт муутай байлаа. Нэгдүгээр хүчин зүйл нь тэр. Бид ч нэгэнт сүргийн дархлаа үүссэн юм чинь эвлэрье гэсэн. Хүний сэтгэл зүйд өөрийн тогтворгүй байдал байдаг. Өөрийн хүслээрээ байх, дур хүслээрээ гарч орох, нийгэмтэй харилцах хэрэгцээнүүд байдаг. Хүмүүсээс мэдээлэл авах, солилцох. Харилцааны гурван элемент байдаг. Бид хүмүүстэй харилцана гэдэг нэгдүгээрт, мэдээлэл солилцож байдаг. Хоёрдугаарт, өөрийнхөө хэрэгцээг хангадаг. Гуравдугаарт, хүмүүсийг ойлгох харилцаа гэж бий.
-Цар тахлын үеийн хамгийн сөрөг тал нь юу байв?
-Хөл хорионоос болоод маш олон бизнесүүд дампуурсан. Олон хүн ажил орлогогүй болсон. Маш олон хүн орлогын чадваргүй боллоо. Үнэнийг хэлэхэд, хүмүүсийн хуримтлал дуусч, тэр хэрээрээ сэтгэл зүйн тэнцвэргүй байдалд оруулсан. Бас нэг зүйл нь энэ вирусийн дараагийн шинэ шинэ хувилбарууд гарч ирээд байсан. Дельта, омега, омикрон гээд юу юу ч боллоо. Тэр нь хүмүүсийг бас тодорхойгүй байдалд оруулсан. Маш их айсан. Хүний сэтгэл зүйд нь хэнэггүй байх, эрх чөлөөнд тэмүүлэх, дураараа байх гэсэн адгууслаг чанар нь байгаад байдаг. Нөгөө талд нь ухамсарт оюун бодол нь байна. Энэ нь тэнцвэргүй байдалд орохоор бухимдаж, уураа гаргах байдал үүсдэг. Нэг хэсэг оюунлагууд нь нөгөө хэсгээ загнан тэвчээргүй, арчаагүй гэж үгүйсгэж байсан. Энэ бол нийгэмд байдаг хэвийн үзэгдэл. Энэ юунаас болж байгаа вэ гэхээр тухайн үед гэр бүл болгоны нөхцөл байдал өөр. Боломжтой хэсэг нь байна, боломжгүй хэсэг байна. Боловсролын ялгаа, хувь хүний өөрийнх нь итгэл үнэмшил, хүний төлөвшил, аливаа асуудалд хандаж байгаа хүний сэтгэл зүйн дархлаа гэж байна. Зоригийн мэдрэмж, төрөлх өгөгдөл гэж байна. Юу ч болсон энгийнээр хүлээж авдаг хүн байна. Аливаа асуудлыг эмзэгээр хүлээж авдаг хүн байна. Дээр нь хувь хүний наснаас авахуулаад амьдралд таарсан хязгааруудыг давсан мэдрэмжүүд гэж хүнд байдаг. Ковид болохоос өмнө маш хүнд өвчин тусаад эдгэсэн хүмүүс юу ч биш гэж хүлээж авч байхад, хүнд өвчин тусч байгаагүй, эмнэлгийн орон дээр очиж үзээгүй хүмүүс хүндээр тусгаж авдаг. Ийм ялгаатай хүчин зүйлүүдээс болоод хүн болгон өөр өөрөөр даван туулсан. Үүнээс харин нэг зүйлийг манай ард түмэн ойлгох шаардлагатай. Дэлхий дээр маш олон төрлийн өвчин байна. 4000-5000 гэж би сонсож байсан санагдаж байна. Үүнд харин нэг л баталгаатай зүйл бий. Өвчин тусч байгаа учир шалтгааны 70-80 хувь сэтгэл зүйн гаралтай, далд ухамсрын өөрчлөлтөөс үүдэлтэй гэдгийг баталсан. Ер нь бол өвчин сэтгэл зүйгээс болдог юм байна. Сэтгэл зүй гэдэг аливаа өвчнийг даван туулах ерөндөг юм байна гэдгийг хүн төрөлхтөн баталсан. Хүн нэгэнт өвчин туссан бол клиникийн болон уламжлалтын ямар ч эмчилгээ хийгээд хүний үзэл бодлыг өөрчлөхгүй.
-Үзэл бодол нь яавал өөрчлөгдөх вэ?
-Хүний үзэл бодлыг өөрчилдөг ганц зүйл байдаг нь хүн өөрөө. Тэгэхээр түүн дээр л хүний харилцаа хандлага, итгэл үнэмшил төвлөрдөг. Үүнд нь туслах зүйл бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухааруулж сэнхрүүлж, соёлжуулах, сэдэлжүүлэх, сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйчидтэй харилцах л юм. Тийм болохоор сэтгэл зүйн маш олон төвүүд нээгдэж, сургууль дүүрэг бүр сэтгэл зүйчтэй болсон. Энэ нэг талаараа сайн хэрэг. Аливаа юм сайн муу хоёр талтай байдаг. Хоёр тал ч биш маш олон талтай байдаг. Сайн юм дагуулдаггүй муу зүйл гэж байхгүй. Муу зүйл дагуулдаггүй сайн зүйл байхгүй. Хямрал гэдэг үгний хятад ханз боломж гэсэн утгатай байдаг. Үүнийг хятадууд мэдээд байна. Тэгэхээр манай монголчууд ч гэсэн аливаа зүйлийг угтаж мэдээд, тосч аваад, давж гардаг байх шаардлагатай. Сэтгэл зүйн нэг техник байдаг. Өөрт чинь хүнд зүйл тохиолдсон бол түүнээс хүнд зүйл тохиолдвол яах вэ гэж төсөөлөөд үзээрэй. Тэр үедээ хүн тухайн зүйлдээ бодитой хандаж эхэлдэг. Энэ өвчнийг боломж гэж харсан маш олон хүмүүс бас байна.
-Тэр нь юу байв?
-Бид чинь энэ үеэр онлайн худалдаа, онлайн харилцаа, онлайн ажил төлөвлөлт гэдэг систем рүү ороод эхэлчихлээ. Үүгээрээ бидэнд цахим харилцаа үүсгэлээ. Төрийн бодлого ч гэсэн тийш чиглэх боллоо. Бид амьдралын цоо шинэ хэв загвар руу орж эхэлж байгаа юм. Заавал биечлэн уулзаад, цаас үйлдвэрлээд, түгжирч цагаа барах шаардлагагүй боллоо. Гэрээсээ ажиллаж болох юм байна гэсэн шинэ хөгжил дэвшил рүү оруулж байгаагаараа таатай зүйл болж байна л даа.
-Нэгэнт энэ өвчний хүнд үеийг даваад гарлаа. Зовлон үзсэн ард түмэн ухааждаг гэдэг. Манай монголчууд энэ цар тахлын дараа хэр ухаажсан бол. Ухаарал авч чадсан болов уу?
-Надад бол маш эерэг төсөөллүүд гарч ирж байна. Бид ямар ч байсан хүнд өвчин туслаа. Үхэл хагацал үзлээ. Хүндрэл байлаа. Гэхдээ үүний цаана бид яаж ухаажсан гэхээр мухар сүсэгт итгэж болохгүй юм байна. Бид аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах ёстой юм байна. Дэлхийн инновацид бид итгэх ёстой юм байна гэдэг ухаарал бидэнд суулаа. Муу хэлээд байсан вакцины ачаар бид энэ өвчнийг даваад гарлаа. Хөл хорионы үеэр бид орлого ашиггүй болсон. Тэгэнгүүт хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Би заавал дургүй ажлаа хүчилж хийх шаардлагагүй юм байна. Дуртай ажлаа хийж өөр салбар руу оръё гэдэг байдал руу чиглэсэн. Маш олон хүн бизнесээ өөрчилж байна. Маш олон хүн амьдралынхаа хэв маягийг өөрчиллөө. Сэтгэлгээгээ өөрчилж байна. Гадаадад сурдаг маш олон оюутан онлайнаар сурлаа. Танхимаас цахим хичээл рүү шилжлээ. Түүнээс үүдэн бид цахим хэрэглээний чадварт суралцлаа. Дээр нь цахим хэрэглээ ихсээд ирэхээр бид дэлхийтэй хүссэн хүсээгүй холбогдож эхэллээ. Дэлхийн харилцаа ч ийм боллоо. Хаалттай байдалд ороод эхэлтэл бидний материаллаг хэрэгцээ хязгаарлалтад орж маш түвэгтэй болсон. Хоёр хил хаагдахад бид маш хүндрэлтэй байдалд орох юм байна гэдгээ мэдээд дотоодын үйлдвэрлэл, дотоодын хүнсний хангамжаа 100 хувь өөрсдөө бэлтгэж аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй юм байна гэдэг сэтгэлгээний өөрчлөлтөд орлоо. Үүнийг засаг төр хийчихсэн юм биш л дээ. Ард иргэд хүнсээ өөрсдөө бэлтгэхгүй бол аюултай юм байна. Материаллаг эд зүйлгүй бол монголчууд амьдарч чадах юм байна гэдгийг ойлгосон зарчмын маш том өөрчлөлт боллоо шүү дээ. Миний мэдэхээр социализмын үеэс хүнсийг хаячихсан байсныг одооноос л ойлгож ухаарч байна. Энэ бол ковидын гавьяа.
Сэтгэгдэл
Зочин [202.126.94.205] 2022-05-23 02:38:22
Энэ лаларын монголд хүн ер нь амьдрах сонирхолтой байхгүй байхөө
Зочин [195.46.106.44] 2022-05-23 02:23:18
Соцлизмийн үед хүнсийг хаясан гэдэгнь худлаа. Хүнсний тусгай программ байсан юм. Одоо харин тэр лүүгээ буцаж орох асуудал яригдаж байна. Соц үеийн шпаргалкаа хэрэглэнэ гэсэн үг.
zochin [103.26.194.113] 2022-05-22 09:53:12
Мөнгө олж амьдрах гэж худлаа бүлтэрч байх юм хөөрхий
Юу юу гэнээ хаха [126.156.189.9] 2022-05-21 08:41:36
Хуцдаг халтар вэ
зочин [59.153.86.75] 2022-05-21 07:54:15
манайх дотооддоо вирус алдаагүй үедээ ваецин гараагүй байсан үе тэр үед хязгаарлалт хөл хорио тавьсан нь өвчин судлагдаагүй шинэ түүний айдас түгшүүр байлаа . вирус дотоодод алдсан үед хамгийн эхний хөл хориог маш хатуу чанга тэг зогсолтоор улс орон даяар хийсэн бол хохирол зардал бага байх байлаа . тактикийн алдаа гарсан .анхны халдвартан их тэнэмхий эрүүл мэндийн мэдлэг дутмаг сахилга бат сахидгүй ер нь хэцүү хүн таарсан түүнээс дээр хүн байсан бол эрэгцүүлж бодох дүгнэх хянах гээд олон үйлдлийг хийх байсан .даан ч тэгсэнгүй