IPO хийх үйл явц үргэлжилж буй ч хугацааг сунгах шаардлага үүссэн
Өнөөдрийн байдлаар Голомт болон ХААН банк хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахад бэлэн гэдгээ илэрхийлж, хүсэлтээ СЗХ-нд гаргаад байгаа. Энэ хоёр нь банкны салбарын, системийн нөлөө бүхий таван банкинд ордог. Эдгээр банкыг энэ оны зургадугаар сарын 30-нд багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат компани болох буюу IPO хийх төлөвлөгөөг хуулийн дагуу хэрэгжүүлж буйг Монголбанкны удирдлага мэдэгдээд байгаа. Гэвч энэ хугацааг ирэх оны зургадугаар сарын 30 болгон нэг жилээр хойшлуулах талаар УИХ хэлэлцсэн. Тодруулбал, банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах, хэлэлцэн шийдвэрлэх талаар саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод буй. Хугацааг хойшлуулах, сунгах ялгаатайг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж, “Энэ нь хугацааг хойшлуулах бус сунгаж буй явдал юм. Ингэснээр банкуудад хувьцаагаа гаргахад бэлтгэн, активын чанарын үнэлгээг бүрэн хийлгэж, дотоодын болон олон улсын шаардлагыг бүрэн хангахад боломж өгөх ёстой” хэмээн учирлаж байна. Олон улсын жишгээс харахад IPO хийх зөвшөөрлөө авсан даруйд олон нийтэд энэ талаар мэдээлж, сурталчлах үйл явц явагддаг. Энд дор хаяж нэг сарын хугацаа шаардлагатай аж. Энэ талаар Төвбанкны зүгээс тайлбарлахдаа “Энгийнээр хэлэхэд IPO хийх нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлийн жижигхэн хаалгаар орцгооно. Хаалга энэ оны долдугаар сарын 1-нд хаагдана. Түүнээс хойш IPO хийх асуудал байхгүй. Гэтэл одоогийн нөхцөл байдалд хаалгаараа ч багтахгүй төвөгтэй байдалд байгаа учраас хаалга хаах хугацааг 2023 оны долдугаар сарын 1 болгож сунгая гэж байна” хэмээн тодотгож байгаа юм.
ОУВС банкуудын IPO хийх хугацааг хойшлуулах саналыг Монголбанк, СЗХ гэсэн холбогдох байгууллагад өнгөрсөн намраас эхлэн тавьж ирсэн. Ингэхдээ чанарын үнэлгээг хийх шаардлагыг сануулсан. Үүнийг харин IPO хийхээс өмнө хийх үү эсвэл дараа нь гүйцэтгэх үү. Эсвэл зэрэгцэн хийх үү гэдэг дээр манай тал ОУВС-тай хэлэлцээд өмнө нь хийхээр тохиролцжээ. Гэвч энэ хугацаанд Орос-Украины байдал мөн дотоодод Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудал, БНХАУ COVID-той холбоотойгоор хил, гаалийн хатуу бодлого барьж буй эрсдэлтэй байдал гарч ирсэн. Эдгээр нөхцөл байдалд банкуудын гаргасан зээл хэр эрсдэлтэй байх вэ гэсэн асуудал гарч ирж байна. Ямартай ч Төвбанкнаас УИХ-д хүсэлтээ тавиад байна. Ингэхдээ хувьцаа гаргах үйл явдцыг активын чанарын үнэлгээ болон дотоод аудиттай зэрэг хийх боломжтой байдлаар танилцуулж байна. Банкуудыг компанийн хэлбэрт оруулахад эхний ээлжинд том таван банк заасан хугацаанд заавал IPO хийсэн байх шаардлагатай. Аль нь ч бай банкуудын эх үүсвэр юунаас эхтэй, хэрхэн бүрдүүлсэн болон дутагдалтай эсэх нь чухал асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талын хяналт шалгалт, хэрэгжүүлэлтийн хөтөлбөр одоо ч хэрэгжээд явж буйг тодотгов. Банкуудын хяналтыг олон улсын түвшинд хүргэх нь чухал байгааг Монголбанкны удирдлага тодотгосон. “Хууль гарсан, судалгаа хийж байна. Хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай дүрэм журам гарч хэрэгжиж буй. Энд санхүүгийн сүүлийн тайлан, хөндлөнгийн аудит хийх шаардлага тавигдаж буй” гэж Монголбанкны ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн байдаг. Үнэлгээ хийлгэхэд тайлангийн хугацаа чухал хүчин зүйл болон нөлөөлж буйг тэрбээр онцолсон юм. Тодруулбал, одоо AQR буюу активын чанарын үнэлгээг хийх санхүүгийн тайлангийн он сарыг хэдэн гэж тавих нь чухал байгаа аж. Оны эхний улирлын тайлан гарч байгаа учраас гуравдугаар сарын 30-ны тайлан дээр AQR хийх гэрээ зурагдах болоод байгааг хэлж байсан. Ингэхээр системийн нөлөө бүхий таван банкинд нийтдээ хоёр сарын хугацаанд IPO хийж дуусах төлөвлөгөөтэй байгааг Монголбанкнаас мэдэгдсэн.
Банкууд чанарын үнэлгээ хийлгэхэд хэдий хугацаа шаардагддаг вэ гэсэн асуултад Төвбанкны тэргүүн хоёр сарын дотор амжиж хийх боломжтойг дуулгалаа.
Тэгэхээр эхний ээлжинд хүсэлт гаргаад буй Голомт, ХААН банк долдугаар сарын 1-ний дотор хувьцаа гаргаж амжих аж. Харин чанарын үнэлгээ болон хөндлөнгийн аудит хоёрт ялгаа бий юу гэдгийг тодруулахад зөрүү байхгүй гэсэн юм. Арилжааны банкууд хувьцаагаа олон нийтэд гаргахад хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөг эргэлдэх тооцоо гарчээ. Системийн нөлөө бүхий таван банкны IPO хийх нийт дүн 500-700 тэрбум төгрөгт хүрэх тооцоотой байна. Банкны салбар нээлттэй болсноор санхүүгийн салбар тэгш хөгжих боломж бүрдэнэ хэмээн судлаач, мэргэжилтнүүд хэлж байна. Дотоодын бонд, төрийн өмчит компаниудын шинэчлэл, банкуудын өөрчлөлт нь ирэх онд манай улсын хөрөнгө, санхүүгийн салбарт том өөрчлөлтийг авчирахаар хүлээж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.126.94.26] 2022-05-27 06:10:52
IPO гаргах эсэх асуудлаа хурдан шийдээсэй, яах эсэх нь тодорхойгүй, бүгд хүлээлтийн байдалд орсон
Зочин [192.82.92.151] 2022-05-26 05:19:53
сахалтын явуулга биз дээ банзны хувьцаа авах гээд хүлээж байгаа хүн зөндөө байна наана чинь хэдий болтол сахалтаар удирдуулж авах улс вэ?