“Аравт-2022” морин цэргийн уралдааныг олон улсын шүүгч нар хянана
“Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаанд оролцогч орны төлөөлөл бүрийг багтаасан “Олон улсын шүүгчдийн зөвлөл” байгуулагдлаа. Энэ нь уралдааныг маргаангүй, шударга, хардалтгүй, ил тод явуулахад чухал нөлөөтэй гэж зохион байгуулагчид үзсэн байна.
Ерөнхий шүүгчээр уралдаан зохион байгуулах хорооны дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ (Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга), шүүгчийн зөвлөлийн Нарийн бичгийн даргаар хошууч З.Бат-Оргил (Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн) нар ажиллана.
Олон улсын шүүгчдийн зөвлөлд Монгол Улсын талаас хошууч Б.Жанчив (Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн биеийн тамирын офицер), ОХУ-ын талаас хошууч Максим Владимирович Андриевский, Узбекистан Улсын талаас дэд хурандаа Зокир Юсупович Яллакаев, Бүгд Найрамдах Зимбабве Улсын талаас ахлах дэслэгч Тендай Муфамбирви нар сонгогдов. Эдгээр олон улсын шүүгч нар нь тэмцээний явцад нэг нэгэндээ харилцан хяналт тавьж ажиллана. Үүнтэй холбогдуулан ямар баг тамирчдыг дагалдаж ажиллахаа 8 дугаар сарын 12-ны энэ өдөр сугалаагаар тодруулахад Монгол Улс, Зимбабве болон ОХУ, Узбекистан гэсэн байдлаар нэг нэгэндээ харилцан хяналтад тавьж ажиллахаар болов.
Шүүгчийн зөвлөл нь батлагдсан заавар, журмыг хэрэгжүүлж, хяналт тавих, үнэн зөв шүүж явуулах, уралдаанд оролцогчдод шударгаар өрсөлдөх адил тэнцүү нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд тавигдах дэг журам, ёс суртахууны шаардлага, аюулгүй байдлын зааварчилгааг сахин мөрдүүлнэ. Уралдаантай холбоотой асуудлыг хамтын шийдвэрээр гаргана гэж "Аравт-2022" уралдааны хэвлэл мэдээллийн бүлэг мэдээллээ.
Сэтгэгдэл