Бүхнийг чаддаг эмээ нар
Зах хязгаар нь үл харагдах их далай цэлэлзэж, хөл хөдөлгөөн бужигнасан их хотын гудамжаар алхахдаа эх нутаг, ижий ааваа санан бодлоо чилээж суугаа дүр тив дэлхийд тархан амьдарч буй монгол хүн бүрийн сэтгэлд дотнохон буудаг биз ээ. Хэчнээн сайхан газар оронд амьдарч байсан ч сэтгэлд ойрхон нутагтаа гүйгээд очмоор, ижийнхээ чанасан цайг уумаар, аавынхаа дэргэд хэсэгхэн ч болов суухыг хүснэ.
Ийм холын замыг зорьж, харь оронд амьдралынхаа нэгэн хэсгийг өнгөрөөж яваа монголчуудын дунд үр хүүхдийнхээ төлөө тив алгасан нисдэг эмээ нар цөөнгүй. Үр хүүхэд нь “Ээж ээ, хүүхэд хараад өгөөч” гэхэд хувцсаа бэлдээд холын замд гарахад бэлэн тийм агуу, хариу нэхдэггүй хайрын эзэд билээ эмээ нар.
Зарим нь онгоцонд анх удаа сууж, зарим нь ганцаараа хил давна. Хэл мэдэхгүй орны нисэх буудалд хаашаа явахаа асууж, танихгүй хотын гудамжинд замаа олох гэж хичээнэ. Өөр улсад очиход эмээ нарын өдөр хоног ач, зээгийнхээ амьдралын хэмнэлээр өрнөнө. Өглөө эртлэн босож өглөөний цайг нь бэлтгэн, хувцсыг нь өмсгөж, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгнө. Гэртээ ирээд хоол унд, угаалга цэвэрлэгээгээ амжуулж, хүүхдүүдээ тарах цагийг хүлээнэ. Орой нь хичээлийг нь давтуулж, тоглож наадан, унтахад нь үлгэр ярьж өгнө. Хүүхэд өвдвөл шөнөжин дэргэд нь сууж, халууныг нь үзэн, эмийг нь уулгана. Өөр орны дэлгүүрт юу гэж асуухаа мэдэхгүй байсан ч ачийнхаа дуртай амттаныг олж авахын тулд учраа олох гэж хичээнэ.
Ингээд бодоход эмээ нар бүхнийг чаддаг хүмүүс ажээ. Монголдоо байхдаа хэрэглэж үзээгүй утасны аппликейшн ашиглах, гадаад хэлний ганц нэг үг цээжилж, хүүхдүүдийнхээ дуртай хоолыг хийхийн тулд орц найрлагыг нь таньж мэдэх гэж хичээх нь агуу их хайрынх нь илэрхийлэл. Заримдаа ач, зээ нь эмээгийнхээ хэлсэн үгийг ойлгохгүй, эмээ нь хүүхдийнхээ ярьж буйг мэдэхгүй үе гарна. Тэгэхэд инээмсэглэл, гарын хөдөлгөөн, халуун тэврэлтээр учраа ололцоно. Хэл мэдэхгүй ч хүүхдийнхээ юу хүсэж байгааг ойлгож, хаана нь өвдөж байгааг мэдэрч, юу хэрэгтэйг нь ойлгож чаддаг тийм ил бүхнийг чаддаг хүмүүс шүү дээ.
Гэвч бүхнийг чаддаг эмээ нар ч бас ядарна. Өдөржин ач, зээтэйгээ хамт тоглож, хооллож, эрхлүүлж, шөнө нь ч бяцхан үрсийнхээ дэргэд байж, өөрийнхөө амралтыг хойш тавих үе олон. Хааяа нутагтаа үлдсэн хань ижлээ, найз нөхдөө санан, гэрийнхээ хашаа, танил гудамж, өглөө бүр уудаг цайгаа үгүйлнэ. Утсаар ярихдаа Монголд болж буй сонин сайхныг асууж, сайхан хууч хөөрхийг хүсдэг л байх.
Нутаг буцах цаг болоход бас нэгэн гуниг сэтгэлд нь хурна. “Эмээ битгий яваарай” гэж гараас нь зуурах бяцхан үрсээ аргадан, өөрсдөө ч нулимсаа нуух гэж хичээнэ. Нутагтаа ирсэн хойноо ч тэдний бодол ач, зээ дээрээ үлддэг тийм л сэтгэл дүүрэн хүмүүс. Хоолоо идсэн болов уу, хичээлдээ явсан болов уу, даараагүй биз гэж өдөр бүр асууна. Хэсэг хугацааны дараа холын замд дахин гарах, ач зээгийнхээ инээдийг сонсох мөчийг сэтгэл догдлон хүлээнэ.
Хайр гэдэг заримдаа хэлж илэрхийлэх үггүй, бусдын төлөө өөрийгөө умартах сэтгэл байдаг аж. Тив алгасан ач, зээгээ өсгөж, үр хүүхдийнхээ амьдралд түшиг болж яваа эмээ нарт ийм агуу хайр бий.Ач зээгийнх нь дурсамжид эмээгийнх нь дулаан гар, амттай хоол, үлгэр ярьж өгдөг намуухан дуу хоолой насан турш үлдэнэ. Хүүхдүүд нь том болоод өөрийг нь хайрлахын тулд бүхнийг сурч, бүхнийг хийж явсан нандин сэтгэлийг нь санах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин





.jpg)





































.jpg)
































Сэтгэгдэл
Зочин [192.82.64.217] 2026-11-04 13:44:46
Сайхан бичвэр болжээ