АБГББХ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх салбарын сайдуудын мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.08.23) хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүчний нөөц, эх үүсвэр нэгдсэн сүлжээ болон түлш шатахууны хангамж, нөөц, үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайдуудын мэдээллийг сонсов.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгааг тодотгосон.
Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 63 зуухнаас өнөөдрийн байдлаар ажилд 23, 43 турбогенератороос 22 нь ажиллаж байна. Бэлтгэлд 26 зуух, 15 турбогенератор, засварт 14 зуух, 7 турбогенератор байгаа ба өнөөдрийн байдлаар системийн горим ажиллагаа хэвийн байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад эрчим хүчний салбарын 33 үйлдвэр, компанийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл дунджаар 68.4 хувьтай байна. Үлдсэн хугацаанд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангахаар ажиллаж байна. Дулааны цахилгаан станцуудын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 60, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хэмжээнд 69, дулааны станц, дулааны сүлжээний хэмжээнд 81, уурхай, Тавантолгойн түлшний хэмжээ 58 хувьтай байна гэв.
Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станц 294 мянган тонн нүүрс, 1460 тонн мазутын нөөцтэй байна. Энэ нь өвлийн их ачааллаар тооцвол 6-28 хоногийн нөөцтэй байна гэсэн үг. Холбогдох дүрэм, журмын дагуу бид өвлийн бэлтгэлд нүүрсний нөөцийн хэмжээг 14 хоногтой байлгах шаардлагатай байдгийг дурдаад “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн (мидлинг) нөөц 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 149.1 мянган тонн, барьцалдуулагч бодис 3.9 мянган тонн нөөцтэй байна. Сайжруулсан шахмал түлшний нөөц өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 90 мянган тонн байна. Энэ жил Засгийн газрын тогтоолоор 150-200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх шаардлагатай. 2022-2023 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 670 борлуулалтын цэг ажиллуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 430 цэг гэрээ байгуулсан, 140 цэгийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна гэж байлаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаарх мэдээлэлдээ, цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөг, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллахаар байна. Иймд цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28.0-30.0 хувиар нэмэгдүүлж бодит өртөгт нь нийцүүлэх шаардлага үүсээд байгааг онцлов.
Мөн хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаагаас дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам сүлжээний гэмтэл, саатал нэмэгдэж байна. Тухайлбал, Дулааны IV цахилгаан станцын зуух 2021 онд 66 удаа зогссон бөгөөд энэ нь зуухны экран хоолойг 1997 онд шинэчилснээс хойших хугацаанд засвар, шинэчлэл бүрэн хийгээгүйгээс ажиллах нормт хугацаа 14.2 хувиар хэтэрсэнтэй холбоотой байна. Мөн оройн оргил ачааллыг давахын тулд бэлтгэл тоноглолгүйгээр 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа нь системийн хэмжээний аваар саатал үүсгэж улсын хэмжээнд цахилгаан тасрах, эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх, зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүй болох нөхцөл үүсээд байна. БНХАУ-ын хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан “ДЦС-3 болон ДЦС-4” ТӨХК-уудын үндсэн тоноглолын их засвар, “Чойбалсангийн дулаан цахилгаан станц”-ын 50 МВт-ын өргөтгөлийн төсөл, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үндсэн магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлуудын тоног төхөөрөмж, материал сэлбэгийн тээвэр хилээр нэвтэрч чадахгүй байгаа нь засварын ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж байна. Оросын холбооны улс болон Украйн улсын хооронд үүссэн нөхцөл байдлын улмаас Европын улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас шалтгаалан 2022 оны 03 дугаар сараас эхлэн ОХУ-ын банкууд хоригт орж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг боломжит валютаар төлж байна. Монгол банкнаас гаргадаг ам.долларын ханш оны эхнээс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 10.5 хувиар өссөн. Үүнээс шалтгаалж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөхдөө валютын ханшийн зөрүүнээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2022 оны эцэст 29.1 тэрбум төгрөг, Баруун бүсийн эрчим хүчний системд 6.3 тэрбум төгрөг буюу нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгааг Эрчим хүчний сайд мэдээлэлдээ тодотгосон.
Түүнчлэн эрчим хүчний нүүрс олборлогч (Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол) уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэсэлгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уурхайнууд мөнгөн урсгалын дутагдалд орж, улмаар уулын ажил зогсох нөхцөл үүсэхээр байна. Тухайлбал, ”Багануур” ХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд хөрөнгө оруулалтын ажилд 8.7 тэрбум, нийгмийн даатгалын өр төлбөрийг бууруулахад 6.0 тэрбум, түлшний нөөц бэлдэхэд 15.0 тэрбум , тэсрэх материалын нөөц бэлдэхэд 1.0 тэрбум, сэлбэг материалд 2.0 тэрбум төгрөг буюу нийт 32.7 тэрбум төгрөг, мөн нүүрсний үнийг нэмэгдүүлээгүй тохиолдолд 2022-2023 оны халаалтын улиралд дулааны цахилгаан станцуудад 2.5 сая тонн нүүрс нийлүүлэхэд 33.7 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн дутагдал үүсэхээр байна. “Шивээ-Овоо” ХК нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан ба дизель түлш, тэсрэх материал болон бусад сэлбэг материал, түүхий эд, ажил үйлчилгээний зардал өсч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд дизель түлшинд 12,3 тэрбум, тэсрэх хэрэгсэлд 1.6 тэрбум, тос тослох материалд 0.28 тэрбум, цалинд 4.0 тэрбум, сэлбэг материалд 7.0 тэрбум төгрөг нийт 25.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүнээс дизель түлш, тэсрэх материал, тос тослох материалын зардал болох 14.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. “Шарын гол” ХК нь үнийн өсөлтөөс шалтгаалан дизель түлшний үнэ 2.5 дахин, сэлбэг материалын үнэ 60 хувь хүртэл өсч дизель түлшний 6.7 тэрбум төгрөг, сэлбэгийн 7.9 тэрбум, татварын 7.1 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байна. 2022-2023 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг хангахын тулд 1.7 сая.м3 хөрс хуулж 800 мянган тонн нүүрс нээгдэх байсан ч дизель түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил зогсоход хүрээд байна гэж байв.
Эрчим хүчний салбарын төрийн өмчит 24 компанийн хэмжээнд 2022 онд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 1264 тендер зарласнаас 192 нь амжилтгүй болсон. Тоног төхөөрөмж, бараа материал болон тээвэрлэлт, шатахууны үнийн өсөлтөөс хамаарч худалдан авах ажиллагаанд компаниуд орохгүй байгаа нь тендер амжилтгүй болох үндсэн шалтгаан болж байна. Хөрөнгө санхүүгийн боломжиндоо тааруулан өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх байсан 52 нэр төрлийн ажлыг бүрэн хассан, одоо хийгдэж буй засварын ажлуудын эзлэхүүнийг багасгаж аюулгүйн нөөцөнд зайлшгүй байх шаардлагатай сэлбэг материалаа ашиглан хийж байна. Хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосноос шалтгаалан дулааны цахилгаан станцуудын хувьд аюулгүйн нөөцөнд зайлшгүй байх шаардлагатай (труба хоолой, насос, салхилуурын ажлын дугуй, холхивч, зуухны өрлөг дулаалга гэх мэт) сэлбэг материалаа бүрэн ашиглаж үндсэн болон туслах тоноглолуудынхаа засварыг хийж байгаа боловч энэ нь тухайн ажлыг бүрэн дуусгах боломжгүй байна гэлээ.
Цаашид авах арга хэмжээний талаар сайд мэдээлэлдээ, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай гадаад улсаас импортоор худалдан авах сэлбэг материал, тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийг яаралтай зохион байгуулах ажлыг Засгийн газраас холбогдох яамдад үүрэг даалгавар өгсөний дагуу арга хэмжээг эрчимжүүлэх, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан импортоор худалдан авах цахилгаан эрчим хүчний төлбөртэй холбоотой үүсэж буй 35.2 тэрбум төгрөгийн алдагдлыг 2023 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс монгол” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-иудаас гаргах талаар тодорхой санал гаргаж шийдвэрлэх шаардлагатай гэж байлаа.
Мөн тоног төхөөрөмж, бараа материал болон тээвэр, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цаг үеийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйл үүсэхээс урьдчилан сэргийлж, нэн шаардлагатай сэлбэг материалын нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас нэн яаралтай шийдвэрлүүлэх, Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, томоохон зангилаа дэд станцууд бүрэн хүчин чадлаараа нөөц тоноглолгүй ажиллаж байгаа үед системийн хэмжээний томоохон гэмтэл, саатал гарч аймгийн төв суурин газруудыг бүхэлд нь эрчим хүчээр хязгаарлах, цаашлаад төвлөрсөн дулаан хангамжийн системтэй хотуудад хөлдөлт үүсч гамшгийн хэмжээний давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх эрсдэл өндөр байна. Иймд Улс орны нийгэм, эдийн засагт их хэмжээний хохиролтой цаг хугацааны хувьд нөхөж баршгүй хүндрэл бэрхшээлийг үүсгэхгүй байх, эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжүүдийг Улсын стратегийн нөөцийн жагсаалтад оруулж, бүрдүүлэх шаардлагатай байна гэж байлаа.
Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийсэн.
Тэрбээр мэдээлэлдээ, өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэглээг 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд 2021 онд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон хэрэглэсэн. Улсын хэмжээнд 2022 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензин 43 хоног, Аи-92 автобензин 28 хоног, Аи-95 автобензин 38 хоног, дизель түлш 30 хоног, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна гэв.
“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 95.52 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 89.45 ам.доллар/баррель байгааг салбарын сайд тодотгохын зэрэгцээ өнгөрсөн 07 дугаар сар БНХАУ-ын эдийн засаг удааширч, газрын тос боловсруулах үйлдвэрийн гарц өдөрт 12.5 сая баррель болтлоо буурч, 2020 оны 03 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлттэй болсныг тус улсын Засгийн газрын мэдээлэлд нийтэлсэн. “ING” банк тус улсын 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалыг 4.4 хувь байсныг дөрвөн хувь болгон бууруулсан ба цаашид инфляцын өндөр байдал, удаан үргэлжилж буй “COVID-19” цар тахлын хязгаарлалт, ажилгүйдэл, экспорт зэргээс хамааран цаашид бууруулах боломжтойг тус банк анхааруулсан гэдгийг сайд мэдээлэлдээ дурдлаа.
Түүнчлэн ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд 2022 оны 07 дугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллар, Аи-95 автобензин 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллароор тус тус нэмэгдсэн бол, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллароор нэмэгдэж 1230 ам.доллар болсныг онцолсон.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, 2022 оны 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензинийн хил үнийг тонн тутамд 840 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрснээр 2022 оны 04 дүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 автобензинийн жижиглэн борлуулалтын үнийг 2,390 төгрөг болгон тогтворжуулсан. 2022 оны 07 дугаар сард ОХУ-ын Роснефть компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензинийн үнийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах талаар тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензинийн хил үнийг 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 хүртэл бууруулж, Аи-92 автобензинийн жижиглэнгийн үнийг литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломж бүрдээд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.
2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай” 160 дугаар тогтоолыг батлуулсныг Г.Ёндон сайд тодотгоод Засгийн газрын 2022 оны 160 дугаар тогтоолоор 2022 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны банкнуудаас аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн үнийн дүнгийн 85 хүртэлх хувийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, зээл олгуулах ажлыг Сангийн яам болон Монголбанк, арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн.Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор дээр дурдсан 161 дүгээр тогтоолд заасан хугацааг сунгаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэж өөрчилсөн гэв.
Дээр дурдсан тогтоолуудын хэрэгжилтийг хангах, дотоодын зах зээлд борлуулж буй шатахууны хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох ажлуудыг зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнэ сүүлийн саруудад нэмэгдээгүй, тогтвортой байна гэж байлаа.
Салбарын сайдуудын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр Н.Наранбаатар, Н.Энхболд нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс таван толгой” ХК-д Даланзадгадын дулааны цахилгааны станцын өвлийн хэрэгцээний 60 мянган тонн нүүрсний үнийг чөлөөлөх чиглэл өгүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ногоон эрчим хүчийг ашиглах зөв зорилготой эхлүүлсэн ажил буруу чиглэлрүү явж Монгол Оросын эрчим хүчний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа бол асуудлыг өөрөөр авч үзэх ёстой. Энэ хүрээнд байгуулсан гэрээнүүдийг Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, салбарын яамтайгаа ярилцаж, энэ талын оролдлогоо зогсоохгүй байхыг хүсэж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Байнгын хорооноос чиглэл өгөхдөө Ашигт малтмалын тухай хуулийн талаарх төслөө яаравчлуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын лицензийг шилжүүлэх боломжийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Энхболд өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад эрчим хүчний үнэ тарифт гар хүрэлгүй ирснээс болж энэ салбар хүнд байдалд ороод байна. Иймд УИХ үнэ, тарифын асуудалд тодорхой шийдэл гаргахгүй бол улсын төсвөөс эрчим хүчний алдагдлыг нөхөөд байвал энэ салбарын нөхцөл байдал цаашид улам амаргүй болно гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Мэдээллийн хүрээнд тодорхой асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэгтгэж, Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай талаар Байнгын хорооны даргад танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл