Ц.Оюунбаатар: Хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулийг өөрчлөх ёстой

Aдмин / Хууль

Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр энэ сарын 10-нд тохионо. Та энэ асуудлаар судалгаа шинжилгээ хийж, олон жил дуу хоолойгоо хүргэж яваа хүн. Энэ жил ямар мэдээ мэдээлэлтэй угтаж байна вэ?

-Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлснээс хойш 85 жилийн хугацаа өнгөрлөө. 1937 оны есдүгээр сарын 10-ны энэ өдөр тухайн үеийн ОХУ-ын Дотоод явдлын яамны орлогч сайд тэргүүтэй хүмүүс Монголд ирсэн. Ирэхдээ “Хуйвалдаан” гэсэн бичигтэй 115 хүний нэрийг заасан хуудас авчирсан. Ингээд эдгээр 115 хүнийг баривчилснаар Монгол Улсад хэлмэгдүүлэлт эхэлсэн түүхтэй. Тэд бол Монгол Улсын цэргийн болон улс төрийн том албан тушаал хашиж байсан хүмүүс байлаа. Мөн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд лам нарыг давхаргын хувьд бараг бүрэн устгасан. Язгуур, угсаа гаралтай тайж болон, октябрын хувьсгалаас зугтсан эсэргүү гэдэг үндэслэлээр буриад эрэгтэйчүүдийг баривчлан буудсан байдаг. Хэлмэгдүүлэлтэд нийтдээ 35-45 мянган хүн өртсөн бөгөөд энэ нь Монгол Улсын тухайн үеийн хүн амын 8-10 хувийг эзэлсэн ийм харамсалтай хэлмэгдүүлэлтийн он жил байлаа. Олон улсын хэмжээнд хүн амыг давхарга, ястан угсаатных нь хувьд устгасан ноцтой асуудал. Тэгэхээр хэлмэгдүүлэлтийг болоод өнгөрсөн түүх, хэмээн харж, дурсаж ерөөсөө болохгүй. Орчин цагт ч ийм асуудал үргэлжлэхээс сэргийлж, хүний эрхийн салбарт ажилладаг манай төрийн бус байгууллагууд иргэд олон нийтийн дунд хараат бус судалгаа дүгнэлт хийж, монгол хүний эрхийг хамгаалах үйлсэд идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын төр хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн шинэчлэлийг одоог хүртэл хийж чадаагүй байна.

-Хүний эрхийг хамгаалах талаар хууль эрхзүйн олон шинэчлэлүүдийг хийж байгаа гэж ярьдаг. Та яагаад ингэж дүгнэх болов. Ямар асуудлууд байна вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг 1998 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр батлан гаргасан. Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 12-нд нэмэлт оруулсан байдаг. Ингэхдээ хуулийн 13 дугаар зүйлд, Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш арван сараас илүүгүй хугацааны дор төрсөн хүүхдэд 20 болон 40 сая төгрөгийг олгохоор заасан нь бодит амьдралд нийцэхгүй байна. 1951 он хүртэл манайд үрчлэлтийн бүртгэл, гэрчилгээ огт байгаагүй. Өрхийн тэргүүний асрамжинд тэжээн тэтгүүлж байсан ач, зээг хүүхдүүдийг хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүмүүсийн асуудал шийдэгдээгүй байна. Мөн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд олгох нөхөх олговор“ гэсэн гуравдугаар бүлгийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалтад заасан нөхөх олговрыг тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд олгохоор хуульчилсан. Энэ нь хууль зүйн ялгаатай ойлголтуудыг өөр хооронд нь адилтган дурьдсанаар хураалгасан гэр орон, сууцаа буцаан авч хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгасныг нөхөн олговор олгосонд тооцох нөхцлийг бүрдүүлжээ. Хууль тогтоогч уг зохицуулалтаар холбогдох этгээдэд нөхөн олговор олгох эсвэл хэлмэгдүүлтийн үр дагаврыг арилгасан юм уу. Үүнийг тодорхойлох боломжгүй болгосон байна. Мөн хэлмэгдсэн 45 мянган хүнээс 2000 орчим нь шүүхийн тогтоол байхгүй учраас нөхөн олговроо авч чадахгүй байна. Мөн хуульд нөхөн олговор авах субъект хоёр янзаар батлагдсан. Өмнөх хууль дээр хэлмэгдэгчийн ач, зээ нь нөхөн олговор авч болохоор баталсан бол сүүлд нэмэлт оруулахдаа тэр заалтыг хассан. Энэ нь өөрөө маш том гажуудал. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхсан хууль болсон. Тэгэхээр энэ хуулийг парламент яаралтай засах ёстой.

-Хуульд өөрчлөлт оруулах асуудлаар парламентад хандсан уу?

Удахгүй хүний эрхийн төлөө дуугардаг байгууллагууд УИХ-ын дарга Г.Занданшатар болон хууль тогтоогч нарт хуулийг яаралтай өөрчлөх асуудлаар хандана. Уг нь төсвөөс олон тэрбумын татаас авдаг ХЭҮК гээд байгууллага байна. Орчин цагт хэлмэгдүүлэлт үргэлжилж, хүний эрхийн зөрчлүүд олон гарч байна. Гэвч ХЭҮК-оос өнөөдрийг хүртэл хүний эрхийнхээ төлөө дуугарахгүй байгаа нь харамсалтай. Харин Цагаатгалын улсын комиссоос ОХУ-д буудуулсан 249 төрийн өндөр албан тушаалтан хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэх, хөшөөг босгох асуудлыг шийдэж байгаа юм билээ.

-Орчин үеийн хэлмэгдүүлэлтийн асуудлыг та хөндлөө. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ардчилсан гэх тодотголтой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн, хэлмэгдүүлсэн. Улс төрийн захиалга үүрэг даалгавар өгч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуульд байхгүй, зохиомол гэмт хэргээр хилсээр шийтгэсэн. Түүнтэй хамтран ажилласан гэх үндэслэлээр хэдэн арван хүнийг хорьсон. Мөн дараагийн Ерөнхийлөгчийн үед сайд асан М.Энхсайханыг ажлын албандаа худалдан авсан автомашины үнийг 55 саяар илүү төлсөн гэж 4.6 жилийн хорих ялаар шийтгэж илт хэлмэгдүүлсэн байхад өнөөг болтол цагаатгаагүй байна. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад гарсан хүний эрх зөрчсөн, хэлмэгдүүлсэн асуултад олон нийтийн шаардлагын дагуу хариуцлага тооцсоноос өөр зүйл хийгдсэнгүй. Тийм учраас бид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хэлмэгдүүлэлт, хүний эрхийн асуудлаар халз мэтгэлцээнд дуудаж байна.

-Ер нь орчин үед хэлмэгдүүлэлт нь хүний эрхийн зөрчил хэлбэрээр үргэлжилж байх шиг байна?

-Тийм ээ. Өнгөрсөн хугацаанд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хангах зорилгоор МАНАН бүлэглэлийн эсрэг 2018, 2019 оны өвлийн сүрт жагсаал, 2022 оны МАН-ийн Их хурлаас хүний эрхийг хангах улс төрийн хэлмэгдүүлэлт гаргахгүй байх, хүний эрх зөрчсөн 847 хуулийн заалтыг өөрчлөх тухай гаргасан тогтоол өнөөг хүртэл хэрэгжээгүй, үр дүн гараагүй байна. АТГ, Прокурор, Шүүхийн байгуулагад бодит шинэчлэл хийгдээгүй хүний эрхийг зөрчдөг, нөлөө бүхий улстөрчдөд үйлчилдэг, хөрөнгөлөг этгээдэд тал засдаг хүний эрхийн боловсролгүй олон хүн өндөр цалин авч төрийн алба эрх мэдэлдээ эрдэж жирийн иргэдэд дээрэнгүй хандаж байгааг олон нийт шүүмжилж байна. Төрийн албан хаагч, хууль хяналт байгууллагын ажилтнуудын мэдлэг боловсрол ажил хэргийн чадварыг гурван жил тутам үнэлэлт өгч аттестачилж байх албан тушаал, цалинг уян хатан тогтоох шаардлагатайг харуулж байна. Энэ бол нэг хэлбэрийн хүний эрхийн зөрчил юм. Манай байгууллагад хүний эрхийг зөрчилтэй холбоотой бодит баримтууд ирсээр байна. Нийслэл дүүргийн газрын алба иргэдийн алга дарам газрыг элдэв шалтаг заан булаан авч зарим шүүхийн байгууллагатай тохироо хийн шийдвэрлэж газрыг нь цааш өндөр үнэ хүргэж зардаг бизнес цэцэглэж байна.

Нэг жишээ дурьдахад, ХУД-ийн Засаг дарга Ж.Адаржавхлан иргэн Ц.Оюунболдыг гадаад спортын дасгалжууулагчаар ажиллаж, цар тахлын хязгаарлалтад орсон хугацаанд нь 0.7 га газрыг өөрт нь мэдэгдэлгүйгээр хураан авч худалдан борлуулсан. Тэдний гар хөл болсон этгээдүүдэд олон арван газар буюу бүхэл бүтэн уулын ам хөндийн газрыг хашиж эзэн суусан. Түүнчлэн Монголын газар нутгийг гадаадын иргэд авилгаар авч цааш дамлан худалдах болжээ. Ийм тохиолдол Хан Уул , Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гарсан бодит баримт манай байгууллагад ирсэн бөгөөд БНХАУ-ын иргэд Улаанбаатар хот болон хилийн бүс, төмөр зам, засмал зам дагуу олон арван га газрыг аймаг орон нутгийн засаг дарга нартай хуйвалдан хээл хахуулиар авч өөр хоорондоо олон тэрбум төгрөгөөр худалдаж байна. Энэ мэтчилэн асуудлуудыг шалгахгүй хааж, монгол хүний наад захын эрх эрх чөлөө хангагдахгүй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.44] 2022-09-12 17:13:10

1990 онд ардчилалын буянаар Элбэгдоржийн буянаар дахиад үй олноор хомроглон устгахгүй байх хууль батлагдав.ДАХИН ТИЙМ ӨДРҮҮД БҮҮ ТОХИОЛДООСОЙ. Харин Хууль өмгөөлөгч нэртэй МАНын ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ ОЮУНБААТАР ЧИНИЙ 101 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ МАНы ҮЙЛДСЭН ЯРГАЛАЛ ШҮҮ ДЭЭ.ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГЭЭ ХАЛЗ МЭТГЭЛЦ ДЭЭ МАНгар аа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.