Г.ТУЛГА: БИД БИОНИК ГАРАА ХҮНИЙ ХЭРЭГЛЭЭГ БҮРЭН ХАНГАДАГ БОЛТОЛ НЬ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Aдмин / Технологи

Монгол Улсад Бионик гарын технологийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа "Сим бионик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тулгатай ярилцлаа.

-“Энгийн мөрөөдөл” гэх төслийг хэрхэн эхлүүлэх болов. Яагаад энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон түүхээсээ яриагаа эхлүүлье?

-Анх Монгол Улсын хэмжээнд 580 гаруй гарны бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн судалгааг хийсний үндсэнд тэдний багахан ч гэсэн хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх зорилго тавьж хийж эхэлсэн. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудлуудыг мэргэжлийнхээ зүгээс хэрхэн шийдэж болох вэ гээд бионик гар хийж үзье гэж бодсон юм. Төслийн хувьд 2019 онд анх санаачилж, судалгаа хийгээд, үндсэн ажлынхаа хажуугаар сайн дурын чиглэлээр уг төслийг давхар авч явах санаачилга гарч байсан. Тухайн үед гурван инженер маань судалгаа, зураг, кад гээд төрөл бүрээр туршиж, судалж үзэж байсан. Одоогоор хөгжүүлэлтийнхээ эхний нэг пазыг дуусгачихсан явж байна. Яг бүрэн бүтээгдэхүүн болоогүй, бүтээгдэхүүн болоход нэлээн ойртчихсон явж байгаа гэж ойлгож болно.

-Та бионик гарыг танилцуулахгүй юу, хэдэн үйлдэл хийдэг вэ?

-Төслийн зорилготой холбоотой гэвэл дэлхийн зах зээл дээр бионик гарын үнэ ханшийг судлаад үзэхэд ерөнхий зарагддаг бионик гар хамгийн доод тал нь 20-45 мянган ам.долларын ханштай байдаг. Энэ үнээр мэдээж жирийн монгол өрх бионик гар авахааргүй өндөр өртөг юм.

Манайх бионик гарыг яаж сайжруулах вэ гээд хямд төсөр аргаар, өөрсдийн боломжоор, ижил үйлдэлтэй хийх гээд үзье гэдэг алсын хараатайгаар эхэлсэн. Манай гарны хувьд үндсэн материал нь 3D принтерээр хэвлэгддэг, гадна карбон бүрэлтийн хувьд Монголд хийдэг. Бионик гарт хэрэгтэй тоног төхөөрөмжийг АНУ, БНХАУ, Хонконг гэх зэрэг олон жилийн туршлагатай брэнд үйлдвэрлэгчдээс чанартай гэсэн эд ангиудыг авдаг.

Энэхүү гар нь үндсэн найман хөдөлгөөн хийх боломжтой. Хөдөлгөөний ялгалт нь 2-3 хөдөлгөөн байсан ч тухайн хүүхдэдээ их хэрэгтэй байгаа. Удирдлагын арга нь булчингаас ирж буй дохиог хүлээж авч түүнд нь тааруулаад хөдөлгөөнүүдээ ангилаад үзүүлдэг гэсэн үг юм. Манай үйлдвэрлэж байгаа бионик гар ерөнхийдөө булчингаас мэдээллээ авдаг. Булчин яаж ажилладаг вэ гэвэл тархинаас долгион очиж тэр хэсгийн булчинг агшааж тэлж хөдөлж байгаа, тэр агшиж тэлж байгаа жижигхэн хүчдэлийн өөрчлөлтийг нь бид өөрсдөө ямар нэг сенсор ашиглаж уншиж түүнд нь ямар нэгэн шүүлтүүр, боловсруулалт хийж ялгаатай хөдөлгөөнүүдийг үүсгэхээр моторуудаа программчилж байна гэсэн үг.

-Та бүхний бүтээж байгаа гар хэр хэмжээний өртөг шаардаж бүтэж байгаа вэ?

-2021 оны байдлаар нэг бионик гарыг таван мянган ам.доллараар үнэлнэ гэж гаргасан. Энэ нь яг одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр борлуулагдаж буй гартай харьцуулахад бараг таваас арав дахин хямдхан болж байгаа юм. Тэдгээр гартай харьцуулахад даах чадлын хувьд арай бага боловч хийх үйлдлийн хувьд боломжийн. Тухайлбал, тэр хүүхдийн хувцсаа бариад явах, цүнхээ өргөчих хэмжээний даацтай гэсэн үг. Ерөнхийдөө хямд төсөр аргаар өөрсдийнхөө мэддэг чаддаг зүйлээр дээд мөчдийн асуудалтай хүүхдүүдэд туслах гээд явж байна.

-Та бүхний хувьд нэг бионик гарыг ямар хугацаанд хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

-Нэг гар гэхэд хоёр сарын хугацаанд үйлдвэрлэлийн 11 шат дамжлагын дарааллаар бүтдэг. 3D принтер ашиглан PLA гэх пластик материалаар 3D хэвлэх технологиор хийдэг. Бусад хиймэл гартай харьцуулахад өртөг бага, үйлдвэрлэх хугацаа богино, хүүхдийн төсөөлөлд тааруулан хүссэн өнгө хэлбэрээр бүтээх боломжтойгоороо онцлогтой.

PLA материалын хувьд эрдэнэшишийн цардуулаас гарган авч, үйлдвэрлэгддэг учир ямар нэгэн хор нөлөөгүй. Бионик гарыг хэрэглэж буй хүүхдэд гаж нөлөө, харшил өгөхгүй зэрэг давуу талуудтай.

-Нэг жилийн дотор 50 хүүхдийг бионик гартай болгоно гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа гэсэн. Одоогоор ямар үе шатан дээрээ явж байна вэ?

-50 хүүхдийг бионик гартай болгоно гэсэн ч бидэнтэй холбогдож манай хөгжүүлэлттэй таарч байгаа хүмүүсийн тоо их цөөхөн

байгаа. Тухайлбал, дээд мөчдийн бэрхшээлтэй гэж байгаа ч гэсэн дотроо олон төрөл байдаг, шуунаас дээш, шуугаар, сарвууных гэх мэт. Бидний хувьд бол шуунаас доош хэсэг буюу тохойноос бугуй хүртэлх гэмтэлтэй хүүхдүүдэд таарч байгаа. Бидэнтэй холбогдсон хөгжүүлэлтэд таарч байгаа бүх хүүхдүүддээ ерөнхийд нь 3-4 жилийн хугацаанд үргэлж холбоотой байж, зөвлөх эмчтэй болгосон байгаа. Цаашдаа бионик гартай болсон хүүхдүүдээ түлхүүр хэрэглэгч болгож, тэднээсээ эргүүлэн санаа авч сайжруулах зүйлүүдийг сайжруулаад явна.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүүхдийг бионик гартай болгосон бэ?

-Бид давхардсан тоогоор 12 хүүхдийг бионик гартай болгосон. Давхардсан тоо гэдэг нь цэвэр механик удирдлагатай, мөн электрон удирдлагатай гээд хоёр төрлийн гар байгаа. Механик нь энгийн тохой хэсгээр нугаларахад шууд базах хөдөлгөөн хийдэг төрлийн гар юм. Монголд болохоор яг ийм бионик гар хийдэг газар байхгүй. Протез үйлдвэрлэлийн хоёр газар байдаг. Гадна харагдац байдлаар дутагдлыг нь нөхөх зорилгоор хүний арьстай ижил байдлаар урд хөрш БНХАУ руу захиж хийлгэдэг. Үнэ нь ойролцоогоор нэг сая орчим төгрөг, агаарын солилцоо ерөөсөө байдаггүй хүүхдийн биед их харшилдаг, улайлгадаг, ямар ч үйлдэл хийх боломжгүй. Мөн тухайн хүүхэд өснө тэгэхээр дахиад худалдаж авах шаардлагатай болдог. Тухайн газар нь хүүхдэд зориулсан байдлаар өөрсдөө хийж өгдөггүй.

-Хүүхдүүдэд бионик гарыг өгөхөд тэд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Бидний хувьд бол үзэг, аягаа барих зэрэг нь маш энгийн мэт санагдаж байгаа. Гэтэл эдгээр үйлдлүүдийг хийж чадахгүй хүүхдүүдэд тэр үйлдлийг хялбарчилсан чухал зүйл нь болж байгаа юм. Тэдний хувьд бол ялангуяа эцэг эхчүүдийн сэтгэл зүйн байдлын хувьд хүлээлт их байгаа.

Бидний хувьд тэр хүлээлтийг улам өндөрсгөх гэж эрмэлздэггүй, анхнаасаа нөхцөл байдлаа яг тодорхой процессоо хэлээд үргэлжлүүлээд явдаг. Тийм болохоор үлгэрийн юм шиг эмоци гаргахгүй ч талархсан мэдрэмжтэйгээр гараа авчихаад бөмбөг зэрэг барьж байхдаа их баяртай харагддаг.

-Танай компанийн хувьд цаашид бионик гар шиг өөр бүтээгдэхүүн хийх зорилт байна уу?

-Бионик гар шиг ийм хөгжүүлэлт нь урт хугацааны хөгжүүлэлт байдаг. Нэг компанийн олон жилийн туршлага дээр цаашид ахиж дэвшиж байдаг зүйл. Тэгэхээр бид өөрсдийнхөө хэмжээнд 3D принтертэй анх эхэлж байсан яг тэр хүрээндээ бүтээгдэхүүн болоход нэлээн ойртчихсон байгаа гэж бодож байна. Гар бол бүтээгдэхүүн болоход ойртчихсон боловч зах зээл дээр худалдаалагдахуйц гэж хэлэхэд хэцүү. Ер нь үүнтэй адилхан хөлийг ч юм уу хийхэд хэцүү, урт хугацаа хэрэгтэй. Тиймээс эхлээд бионик гараа хүний хэрэглээг бүрэн хангадаг болтол цааш нь үргэлжлүүлээд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:30

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:30

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.126.89.93] 2022-10-03 08:30:55

yasan sain hvv ve, ajliin amjilt husii

ok [202.126.89.40] 2022-10-03 00:20:10

sain bnshde mundag zaluu bn


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.