Э.Батмагнай: Өрсөлдөгчийнхөө сул талыг мэдэрчихвэл ялалт дөхөм болдог
Үзэгчдийг уран гоё барилдаанаар баясгаж бахдуулдаг бөх бол Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хамгийн залуу начин Э.Батмагнай билээ. Тэрбээр үндэсний бөх төдийгүй чөлөөт бөхийн Азийн аваргын хүрэл медаль хүртэж байсан юм. Үндэсний бөхийн өсвөрийн гурван удаагийн аварга, үндэсний бөхийн “Gen-Z” үеийн төлөөлөл отгон начин Э.Батмагнайтай ярилцлаа.
-Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор улсын цолтны гэр бүлд багтсан. Дөрвийн даваанд энэ цагийн бөхийн өнгөнд байгаа хүчит гарди М.Бадарчийг давсан. Энэ барилдаанаас яриагаа эхлэе?
-Түүхэн, тэгш ойгоороо тав давсандаа баяртай байна. Улсын наадамд анх зодоглоод цол авсан. Наадмаар тухайн бөхийн од, сэтгэл зүй бүх зүйл таарч байж амжилтад хүрдэг. Энэ жил заал танхимын барилдаанд сайн байсан энэ цагийн шилдэг гардитай дөрвийн даваанд учраа таарсан. Барилдааны үеэр М.Бадарч гардийн тухай бодохоос илүү барилдаандаа төвлөрч сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг хичээсэн. Миний барилдаан онцлог нь хурдан шаламгай талдаа. Чөлөөт бөхийн барилдааны онцлог ч байж магад. Дэвжээ рүү гарахдаа л хурдан барилдана, золгооноос өмнө шийднэ гэж төлөвлөсөн. Тэгээд санаснаараа сайхан барилдаад давсан.
-Тавын даваанд аймгийн арслан О.Наранбаатартай таарсан. Арслангийн хувьд мөн л начин цолонд хүрнэ гэж яригдаж байсан. Гарахын өмнө багш тань юу гэж захиж байв?
-Таван даваанд гарахын өмнө багш маань “Чи тайван байх хэрэгтэй. Чиний анхны наадам. Энэ цолыг заавал авах ёстой гэж бодох хэрэггүй. Чамд олон жил барилдах ирээдүй бий. Өөрийнхөөрөө тайван барилдаанаа гаргаарай” гэж зөвлөсөн. Би аль болох сандралаа дарахыг хичээж байлаа. Миний хувьд тавын даваанд илүү ажиллаж, өрсөлдөгч бөхөө ядрааж даваа авна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Төлөвлөснөөрөө ажиллаж барилдаад давсан. Тухайн өдөр миний санаснаар бүх юм болоод байх шиг санагдаж байлаа.
-Начин болоод нулимс дуслуулж байсан. Хамгийн их баярласан мөч үү?
-Тамирчин хүний хамгийн их баярладаг мөч нь хөдөлмөрөө үнэлүүлэх. Бөх хүний хувьд наадмаар цол авах нь том үнэлгээ юм даа. Миний хувьд 11 жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн. Энэ хугацаанд би бэлтгэлээ хэрхэн хийсэн, өөрийгөө хэр дайчилж хуурахгүй хөдөлмөрлөсөн бэ гэдгээ начин болоод ойлгосон. Тиймээс тав даваад огшоод уйлчихсан. Тавын давааны өмнө сэтгэл зүй тогтвортой байсан. Харин тав давчихаар өөрийн эрхгүй огшдог юм билээ. Залуучуудын холбооноос тухайн жилийн хамгийн залуу начинд даага бэлэглэдэг уламжлалтай.
Хурдан удмын даагаа хөтлөөд үзэгчдийн уухайн дуунд цэнгэлдэх тойроод алхах үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж. Дархан аварга Ж.Мөнхбат, аварга Д.Сумьяабазар, арслан Х.Мөнхбаатар, энэ жилийн наадмын үзүүр арслан Б.Орхонбаяр зэрэг том бөхчүүд 21 насандаа улсын начин болж байсан юм билээ. Би эдгээр хүмүүстэй адилхан амжилт гаргасандаа бэлгэшээж, цаашдаа улам хичээнэ. Би наадмаас сарын өмнө аав болсон. Миний хувьд дотроо хүү минь надад энэ цолыг дагуулж ирсэн гэж бэлгэшээж байгаа.
-Та бөхийн ертөнцөд анх хэрхэн хөл тавьж байв?
-Би 2011 онд Баянхонгор аймгийн төвд одоогийн чөлөөт бөхийн эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Мөнхдуулдах багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Бага байхад тэмцээнд их оролцоно. Дэвжээ рүү гараад 10 секундэд л ялагдчихна. Ялагдах бүрт багш “Бэлтгэлээ хийгээд л бай. Нас нь болохоор ялна” гэдэг байлаа. Би ч олон ялагдсаар байгаад хэзээ ялах юм бол гэж боддог болсон. Харин 2016 онд Өсвөрийн олон улсын тэмцээний сорилд оролцож түрүүлж байлаа. Тэгээд анхны олон улсын тэмцээндээ явсан. Эхний барилдаандаа Оросын бөхийг 10:0-ээр хожсон. Дараагийн тойрогт ялагдсан. Миний ялагдсан хүүхэд алтан медалын төлөө шалгарч би дагаж барилдахаар болсон. Дагах барилдаанд ялж хүрэл медалийн төлөө Киргизстан улсын бөхтэй барилдаад найман секунд дутуу байхад нэг оноогоор ялагдаж байлаа. Тухайн үед багш дайраад давхар хам гээд орилсон.
Би ч нүдээ аниад л дайрч давхар хамаад хоёр оноо авсан. Шүүгч босгоход хоёр секунд үлдсэн байв. Тэгээд хоёр секунд хамгаалаад ялсан. Энэ барилдаан миний санаанаас огт гардаггүй, хамгийн сайхан ялалт. Тухайн үед би барилдаад ямар ч медаль авч үзээгүй байсан. Бөхөөр хичээллээд таван жил болж байж анхныхаа тэмцээнээс медаль авсан нь тэр. Тухайн ялалт, хүрэл медаль надад шантрахгүй байхад амжилт ирдэг гэдгийг ойлгуулсан. Багш минь ч намайг ирээдүйд амжилт гаргана гэдгийг мэддэг байсан юм шиг байна лээ.
-Чөлөөт бөхийн амжилт ингэж эхэлж байж. Тэгвэл үндэсний бөхөөр анх ямар цол хүртэж байв?
-2017 онд аймгийн шилдэг дэвжээ шалгаруулах тойргийн барилдаан Шинэжинст суманд болсон юм. Тухайн үед би 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ захиалах гээд сумандаа очсон байсан. Энэ үед 64 бөх дөрвөн хэсэгт хуваагдаж хэсэг тус бүрээс дөрвөн бөх гарч дахиж тойргоор барилдахад би түрүүлсэн юм. Олон бөх тойргоор барилдаж чанартай барилдаан болсон учраас түрүүлсэн бөхөд цол олгосон. Ингэж би 16 насандаа сумын заан болж байлаа.
-Та үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргын тэмцээнд гурав түрүүлсэн цөөн бөхийн нэг. Тойргоор барилдахдаа дандаа уналгүй түрүүлсэн үү?
-2017 онд Өмнөговь аймагт үндэсний өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх оролцож байсан. Энэ тэмцээнд хоёр унаж түрүүлсэн. Тухайн үед өрсөлдөгчид чанга санагдаж байлаа. Тэмцээнд явахад багш “Түрүүлээд ирээрэй” гэж захисан. Одоо бодоход намайг түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан юм билээ. Харин 2018 онд аймгийн начин цол хүртсэн. Тухайн жилийнх нь намар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход өмнө жил нь түрүүлчихсэн учир хүүхдүүд жаахан жийрхсэн байх. Би өөрөө ч түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Энэ тэмцээнд Б.Цогтод нэг унаж түрүүлж байлаа. Харин 2019 онд Баянхонгор аймгийнхаа наадамд үзүүрлээд аймгийн заан цол хүртсэн. Сүүлийн жилээ уналгүй түрүүлсэн.
-Таныг Баянхонгорын “Том гуталт” хэмээх П.Нямжанцан начны удмын бөх гэж сонссон. Тэр хүн тантай ямар ураг төрлийн холбоотой вэ?
-Манай удамд улсын идэр, шаламгай начин П.Нямжанцан гэж хүн байсан. Миний ээжийн аавын буюу өвөөгийн маань ах. Аархуу, онгироо хүн байсан гэж нутгийнхан одоо ч ярьдаг. Наадамд явахдаа ээждээ “Би гурав давах юм бол тав давна. Хэрэв долоо давбал түрүүлнэ” гэж хэлдэг байсан юм билээ. Тухайн үеийн зарим улсын том цолтой бөхчүүд Баянхонгорын “Том гуталт”-ыг дээш нь гаргаж болохгүй. Тэгвэл дийлдэхгүй” гэж ярьдаг байсан гэдэг. Тэгэхээр сайн бөх байж гэж би боддог.
-Энэ жил чөлөөт бөхийн ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тухайн барилдаанд хожигдож байгаад ялсан. Энэ барилдааны талаар дурсвал?
-Миний хувьд насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд олон оролцож байгаагүй. Амжилт ч тааруу. Анхныхаа Азийн аваргад оролцож эх орондоо хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа. Энэ нь одоогоор миний чөлөөт бөхөөр гаргасан хамгийн том амжилт. Хүрэл медаль хүртсэн барилдааны хувьд эх орондоо заавал медаль авах ёстой гэсэн сэтгэл зүйтэй дэвжээнд гарсан. Тактикийн алдаанаас болж олон оноо алдсан тал бий. Цаг дуусахад минут дутуу байхад 6:12-оор ялагдаж байлаа. Тухайн үед би ялагдахыг үнэхээр хүсээгүй. Барилдаан зогсоод эргээд шүгэл дугарахад давхар хамж оноо авсан. Тэгэхэд өрсөлдөгчөө нэлээн муудсаныг мэдэрсэн. Тиймээс дайрч ажиллаад ялсан. Ер нь өрсөлдөгчийнхөө сул талыг мэдэрчихвэл ялалт дөхөм болдог.
-Шигшээ багийн тамирчид үндэсний бөхийн бэлтгэл хийх боломж хэр байдаг вэ. Таны хувьд өдөрт хэдэн цагаар ихэвчлэн ямар бэлтгэл хийж байна?
-Их спортын тамирчдад үндэсний бөхийн бэлтгэл хийх боломж, цаг төдийлөн олддоггүй. Би ихэнхдээ чөлөөт бөхийн бэлтгэлээ хийж байгаа. Хааяа бөхийн өргөөнд гарч барилддаг. Наадам дөхөөд тав, зургадугаар сард наадмын бэлтгэлдээ гардаг. Зарим жил зургадугаар сард чөлөөт бөхийн тэмцээнтэй байвал наадмын бэлтгэлд гарч чаддаггүй. Тэмцээн дөхөөгүй үед өдөрт 4-5 цаг бэлтгэл хийж байна. Өглөөний дасгал, өдөр нь заавал дэвжээний бэлтгэл хийдэг. Дэвжээний бэлтгэл гэдгийг мэх давтах барилдаан гэж ойлгож болно. Харин орой дэвжээний бэлтгэл юм уу, биеийн ерөнхий хөгжлийн дасгал хийдэг. Мөн мэдрэмж сайжруулах спорт тоглоом тоглоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
ppp [103.242.47.142] 2022-10-18 03:41:45
Амжилт хүсье
тогтох [202.21.100.210] 2022-10-18 03:16:29
Мөнхдуулдах гэж юм дуулгаад эхэлчихсэн сайн дасгалжуулагчийн мундаг шавь байна өшөө их амжилт хүсье. Тамирчдын алдаанаас сургамж аваарай дүү минь.
Зочин [202.126.88.145] 2022-10-18 02:05:49
Бас нэг орк бөх үү
ЗАЛУУ НАЧИНД [202.179.27.223] 2022-10-18 01:07:38
САЙХАН ХҮҮ БАЙНА. САЙХАН Ч ЯРИЛЦЛАГА БОЛЖ. ХӨӨРХӨН ДҮҮД АМЖИЛТ ХҮСЬЕ.