ТОМИЛОЛТ: ТӨРӨӨС ОЛОН ЖИЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ БАРЬСАН НЬ ӨНӨӨДӨР ГАЛ АЛДАХАД ХҮРГЭЖ, ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАЛД ХҮРЧЭЭ
Дэлхийн геополитикт томоохон суурь өөрчлөлт үүссэнтэй холбоотойгоор олон улс оронд тэр дундаа барууны орнуудад эрчим хүчний асуудал тулгарч эхэлсэн. Бусдыг хэлэлтгүй монголчууд ч өөрсдөө “гал алдахад” бэлэн болчихсон нь нууц биш. Иргэдийн эсэргүүцэлтэй тулахаас айж дараагийн сонгуулиа бодож аргацаасан шийдвэрүүд нь өнөөдөр Монголын эрчим хүчний салбарыг уналтад оруулсан. Өнөөдөр бид тогны хязгаарлалтад орж “лаа барьж” амьдрах уу гэдэг асуудал бодитоор үүсчихсэн учраас л салбар хариуцсан сайдад “Аргална аа” хэмээх үгнээс өөр сонголт үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл, энэ салбарт популизм хийх ч боломжгүй болтлоо асуудал нь тартагтаа тулчихсаны илрэл. Тэгвэл манай сурвалжлах баг эрчим хүчний салбарт бодитоор ямар нөхцөл байдал үүсчихсэн, тулгамдсан ямар асуудал байгааг газар дээрээс нь сурвалжлахаар Эрдэнэт, Дархан аймгийн дулааны цахилгаан станцыг зорьсон юм.
Эрдэнэтийн ДЦС-ын үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баттөр: Эрчим хүчний үнээнэмэхгүй бол манай станц дампуурч байна
1987 онд байгуулагдсан Эрдэнэтийн дулааны цахилгаан станц (ЭДЦС) өнөөдөр гал алдахад тун ойрхон байна. Учир нь тэд ашиг бус алдагдлаа хэдэн тэрбумаар нь тоолж сууна. Тухайлбал, уг станц өнгөрөгч жил 12 тэрбум, энэ жил 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Үүнээс гадна техник технологийн засвар үйлчилгээ хийгдэх хугацаанаасаа хэтэрчихсэн хүлээгдэж байгаа, ажиллах боловсон хүчний хомсдол нүүрлэсэн гэхчлэнгээр түмэн асуудал дунд аймгаа гал алдуулчихгүйн төлөө зүтгэж байна. Уг нь өнгөрөгч жил хүчин чадлаа нэмэгдүүлсэн ч энэ нь асуудлыг нимгэлсэнгүй, харин ч нэрмээс болжээ. Ер нь эрчим хүчний үнийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарсан талаар мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байв. Учир нь зөвхөн ЭДЦС л гэхэд дулаан эрчим хүчээ 50 хувь, цахилгаан эрчим хүчээ 20 хувийн алдагдалтай түгээж байна.
Эрдэнэтийн ДЦС-ын гүйцэтгэх захирал Д.Бат-Эрдэнэ “Эрчим хүчний системийн өсөн нэмэгдэх хэрэглээг тодорхой хэмжээнд хангаж байна. 2021 оны есдүгээр сард 35 мВт суурилагдсан хүчин чадлыг өсгөх турбинаа өргөтгөсөн. Энэ нь өмнөх хүчин чадлаас 60 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг. Нэмэгдсэн учраас алдагдалтай ажиллаж байна. Учир нь эрчим хүчний үнэ тариф нэмэгдээгүй.
Эрчим хүчний хэрэглэгчийн тариф бага байгаатай холбоотойгоор зөвхөн манай станц гэлтгүй эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй бүх компаниуд алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдалтай байгаа учраас бид үндсэн тоноглолынхоо эх засварын ажлыг хийж чадахгүйд хүрч байна. Тухайлбал, техник ашиглалтын дүрэмд зааснаар ДЦС-ын үндсэн тоноглол зуух, турбины засварыг дөрвөн жилд нэгээс доошгүй удаа хийсэн байх ёстой байдаг.
Түүнчлэн бусад тоноглолд жил бүр засвар хийх шаардлагатай байдаг. Энэ ажил саатаж байна. Үнэ тариф бага байгаагаас гол түүхий эд хангагч Шарын голын уурхайд төлөх нүүрсний төлбөрөө өгч дийлэхгүй байна. Одоогоор 1.5 тэрбум төгрөгийн өглөгтэй байна. Үүнээс гадна ажилчдаа алдах эрсдэл бодитоор үүсчихээд байна. Эрчим хүчний үнэ тариф маш доогуур, алдагдалтай ажиллаж байгаа учраас ажилчдынхаа цалинг мөн нэмж чадахгүй байна. Өнгөрөгч жил 17 хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар мөн 17 хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарлаа” хэмээн ярилаа.
Харин Дарханы дулааны цахилгаан станцын тухайд энэ онд 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж болзошгүй байгаа аж. Учир нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар 4.4 төгрөгийн алдагдалтай гарсан байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ онд 10 тэрбумын алдагдал хүлээх магадлалтай хэмээн үзжээ.
Дарханы ДЦС-ын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “Жилээс жилд эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд засвар шинэчлэлийн ажлыг хийх шаардлагатай. Өвлийг өнтэй давах, компанийн найдвартай ажиллагааг хангахад хөрөнгө дутагдаж байна. Манай компани орлогоо өсгөж, үйлдвэрлэлийн зардлаа бууруулаад байхад л алдагдалтай гараад байна. Үүний шалтгаан нь ерөөсөө л үнэ тариф бага байгаатай холбоотой. Манайх цахилгаан эрчим хүчийг 141.9 төгрөгөөр нийлүүлж байна. Үүнийг 27.8 хувиар нэмбэл алдагдалгүй балансаа барина. Нэг каллиор дулаан эрчим хүчийг 35 мянган төгрөгөөр үйлдвэрлээд долоон мянган төгрөгөөр борлуулж байна. Эрчим хүчний тариф нэмэгдээгүйгээс ажилчдын цалин бага байгаа. Цалингаас үүдэж энэ онд 20 хүн ажлаас гарсан” хэмээв.
Эрдэнэтийн ДЦС-ын үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баттөр УИХ, Засгийн газар өөрсдийн баталсан бодлогоо хэрэгжүүлж эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх хэрэгтэй талаар онцолж байлаа. Тэрбээр “УИХ, Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний үнэ тарифыг улирал тутам нэмнэ гэсэн заалттай. Энэ бодлогоо Засгийн газар биелүүлэхгүй байна. 2021 оны гуравдугаар сарын 11-нд эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй гэдэг шийдвэр гарсан. Үүнээс болж эрчим хүчний систем дампуурлын ирмэг дээр ирж байна. Нүүрсээ худалдаж авах мөнгөгүй болж байна.
Өвлийн их ачаалал ихэссэн үед сарын нөөцтэй байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 2-3 хоногийн нөөцтэй байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Өмнөх онд манай станц 12.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ жил 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнэ тарифаа нэмэхгүй бол манай станц дампуурч байна. Үүнээс гадна Хэмнэлтийн тухай хуульд ажилчдын цалин хөлс, нийгмийн халамжийг хасна гэсэн нэг ч заалт байхгүй.
Хүндрэлтэй нөхцөл байдалд цалин бага байхаас өөр аргагүй нөхцөл байдалд орж байна. Цалин хөлс бага учраас ажиллах хүч олдохгүй байна. Боловсон хүчний бодлого маш их алдагдаж байна. Манайд тав зургаан жил ажиллаад өндөр цалинтай Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн үйлдвэр рүү, эсвэл гадагшаа явчхаж байна. Манайх 58 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг үйлдвэр.
Ажилчдын цалин 10 хэдэн тэрбум төгрөг байдаг. Хамтын гэрээгээр цалинг 10 хувь нэмчихээд, таван хувийг нь чадахгүй гэж байна. Бид ажил хаялтын өмнөх анхааруулах цугларалтыг дөрөв хоногийн өмнө хийсэн. Манайд тулгарч байгаа энэ асуудлууд бусад эрчим хүчний байгууллагуудад ч ижилхэн байна. Цалингаа нэмэх талаар зургаан сарын өмнөөс шаардлага хүргүүлсэн. Гэтэл төлөөлөн удирдах зөвлөл шийдэхгүй, зохицуулах хороо шийднэ гэсэн. Зохицуулах хороо нь Засгийн газар мэднэ гэсэн. Засгийн газар нь УИХ мэднэ гээд тамын тогооны үлгэр шиг яваад байна. Манай станц зогсвол Эрдэнэт хөлдөнө. Хэрэглэгчдийн үнэ тарифыг нэмэх боломж бий” хэмээв.
Шарын гол ХК-ийн захирал Б.Мэндсайхан: Эрчим хүчний нүүрсний үнийг барьснаас хоногт 60 сая төгрөгийн алдагдалтай ажилласан
Эрдэнэтийн ДЦС-ын нийт зардлын 55 хувийг эрчим хүчний нүүрсний зардал эзэлдэг бол Дарханы ДЦС-ын нийт зардлын 44 хувийг эзэлдэг аж. Дээрх хоёр үйлдвэр нүүрсээ Шарын голын уурхайгаас авдаг. Тэгвэл Шарын голын уурхайд мөн л хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, “Шарын голын уурхай Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 12 хувийг дангаараа нийлүүлж байна. Хойд бүсийн эрчим хүчний ганц уурхай бол манайх. Эрдэнэт, Дарханы, Хөтөлийн дулааны цахилгаан станцуудаас гадна Эрдэнэт үйлдвэрийн ДЦС зэрэг газруудад нүүрсээ нийлүүлж байна. Жилд нийт 1.4 сая тонн нүүрс нийлүүлдэг.
Бид өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ныг хүртэл тэг зогсолт хийсэн. Гол шалтгаан нь түлшний өрөө дарж чадаагүйгээс тэг зогсолт хийсэн. Үүний шалтгаан нь 2020 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний нүүрсний үнийг 44,500 төгрөгөөр тогтоосон. Тухайн үед нэг литр дизель түлшний үнэ 1600 төгрөг байсан. Өнгөрөгч долоо, наймдугаар сард сард 4000 төгрөгт хүрсэн. Манай уурхай хоногт 23 мянган литр түлш хэрэглэдэг. Одоогийн түлшний үнэ тухайн үед үнэ тогтоосон түлшний үнийн зөрүүг бодоход хоногт 60 сая төгрөгийн алдагдалтай ажилласан.
Энэ бол сардаа 1.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна гэсэн үг” хэмээн Шарын гол ХК-ийн захирал Б.Мэндсайхан ярьсан юм. Эрчим хүчний салбар 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан талаар Эрчим хүчний яамны Хяналтын хороон дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулсан юм.
Тэрбээр “2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд эрчим хүчний салбар 168 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа гэсэн судалгаа гарсан. Энэ бол цахилгаан дулааны эрчим хүчний тариф өөрчлөлт ороогүйтэй холбоотой. 2019 оны долдугаар сараас хойших гуравхан жилийн хугацаанд хэрэглэгчдийн цахилгаан дулааны тарифт өөрчлөлт ороогүй. Энэ хугацаанд валют 18 хувиар өөрчлөгдсөн. Түүнчлэн үйлдвэрлэгчдийн үнийн индекс 38, хэрэглэгчийн хэрэглээний үнийн индекс 28 хувиар нэмэгдсэн. Мөн түлш шатахууны зардал өссөн. Ийм нөхцөл байдлаас шалтгаалаад цахилгаан эрчим хүчний нэгжийн өртөг 224 төгрөг болсон. Харин хэрэглэгчдэд 175 төгрөг. Өртгөөсөө 49 төгрөгөөр буюу 28 хувь доогуур үнээр цахилгаан эрчим хүч худалдаж байна.
Үүний зөрүүгээс нүүрсний уурхайнууд, эрчим хүчний станцууд, төмөр замын тээвэр алдагдалтай байна” хэмээн танилцуулсан. Бодитоор үүсчихсэн энэхүү хүндрэлийг давахын тулд яамны зүгээс эрчим хүчний үнийг нэмэх аж. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Улстөрч хүний хувьд би сайд болоод салбарт жаахан юм хийснийхээ дараа үнэ нэмье гэж бодож байсан. Харамсалтай нь ажил авангуутаа үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд орлоо. Би наймдугаар сарын 30-ны өдөр томилогдсон.
Томилогдоод салбарынхантайгаа уулзахад “Та гоё юм яриад хэрэггүй. Хөгжлийн талаар дурсаад ч хэрэггүй. Нэн тэргүүнд энэ тарифыг л жаахан нэмэгдүүлээд өг. Дараа нь хөгжлийн тухай ярья. Тарифыг л нэмэгдүүлээд өг” гэж бүх түвшинд хэлсэн. Энэ байдлаараа явбал магадгүй энэ өвлийг давах ч ирэх жилээс тогтой байх эсэх асуудал үүсч эхэлж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй байгаа учраас салбарын ажилчдын дийлэнх нь төрийн үйлчилгээ авч чадахгүй болчихсон. Нийгмийн даатгалын шимтгэлийн эх үүсвэрийг тулгамдаж байгаа асуудалд зарцуулчихсан учраас тэр. Нэн ялангуяа 2020, 2021, 2022 онд ковидын үед энэ салбар байж боломгүй их нөөцийг шавхаж гаргасан. Тиймээс бид хүнд хэцүү шийдвэр гаргана. Хийхээс өөр арга алга. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлнэ. Ахуйн хэрэглээний цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй.
Аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээ 500 кВт цаг зарцуулбал 14 хувиар, үүнээс дээш байвал 28 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах гэж байгаа. Уул уурхайн компаниуд, криптовалют олборлодог, архи үйлдвэрлэдэг, арилжааны банкууд, үүрэн телефоны оператор 200 мянган кВт бол 28 хувь, түүнээс дээш хэрэглэвэл 38 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр хэрэгжүүлэх болчихоод байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс төсвийн байгууллагуудын цахилгаан, дулааны тарифыг 28 хувиар нэмэгдүүлнэ.
Дэлхийн хөгжингүй орнууд ахуйн хэрэглээний тариф өндөр үнэтэй байдаг, ажлын байр бий болгодог жижиг дунд үйлдвэрүүдэд тарифын хөнгөлөлт үзүүлдэг. Манайд эсрэгээрээ байна. Бид энэ удаад зөв зүйл хийх гээд явж байгаа юм биш. Аргагүйн эрхэнд л хэрэгжүүлэх гэж байна. Энэ салбарыг тараагаад явуулчихгүйн тулд л ийм арга хэмжээ авах гэж байгаа юм. Үнийг нэмснээр 280 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө орж ирэх болов уу гэсэн тооцоо байна. Хэрэглэгчид төлж чадахгүй ч юмуу, асуудал үүсвэл энэ хэмжээнээс багасна.
Багануур 33000 төгрөгөөр зарж байгаа. харин өртөг нь 46800 төгрөг. Шивээ-Овоо 29000 төгрөгөөр зарж байгаа. Өртөг нь 48400 төгрөг байна. Энэ мэтээр алдагдлууд их байна. Зөвхөн нүүрсний үнийг нэмэхэд 113 мянган төгрөг болох хамгийн наад захын шаардлага үүснэ. Багануурын уурхайгаас ТЭЦ-4 рүү нүүрсээ төмөр замаар тээвэрлэж ирэхэд нэг тонныг 6800 болж байна. Төмөр замынхан “Нүүрс зөөснөөс болж бид ихээхэн алдагдалд орж байна” гэсэн хүсэлт, шахалтыг бидэнд их ирүүлж байна” гэв
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Zochin [192.82.81.122] 2022-10-26 03:46:26
Ehleed une nemsen jagsaaltaa garga daa tendees byh zuil todorhoi kharagdana daa
Зочин [192.82.64.158] 2022-10-26 03:03:28
Эрчим хүчний салбар дээрээсээ доорхоо хүртэл авилгал хахууль шд . Зуслангийн том том хауснууд өвөлжингөө гэрэл тог нь асаалттай байдаг ихэнх нь цахилгаанаар халаадаг гэдэг тэгээд тогны мөнгөө шударга төлдөг үү гэдэг нь асуудалтай . Эрчим хүчний үнийг нэмэх биш харин ч хөнгөлөх хэрэгтэй шд . Төрд шургалсан хулгайч луйварчид нь хулгай луйвараа хийхээ больчих тэгэхэд л болно иргэд өөр юм хүсээгүй шд төрөөс. ЖДҮ, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Хөдөлмөр эрхлэлтийн сан , ХАА-г дэмжих сан , Агаарын бохирдлыг бууруулах, Хөгжлийн банк гээд явж өгнө ..... бүр цөлмөж болох бүгдийг цөлмөсөн байнашд МАН-АН нийлж байгаад. МАН - АН -ыг үтэр тараах хэрэгтэй . Энэ нам дараагийн сонгуульд өрсөлдөх эрхгүй.
Зочин [202.131.254.60] 2022-10-26 02:18:06
Эрчим хүчний үнийг хэдээр ч нэмсэн хэрэггүй болов уу. Эрчим хүчний авилгачид бүгд хэвээрээ л байгаа ш дээ. Хувааж аваад л гударцгаах байх даа.
Зочин [202.9.46.206] 2022-10-26 02:02:57
Наад станцаа дэлбэлчих.
Зочин [202.126.94.205] 2022-10-26 01:16:54
Эхлээд ДЦС УБЦТС УБЦД зэрэг газруудад төрийн аудит оруулах хэрэгтэй Эрчим хүчнийхэн намар бүр иймэрхүү сенсаци дэгдээж монопольдож үнээ өсгөдөг тэр хирээр өөрсдийнх хэрэглээ цалин шагнал монголд байхгүй томорч байгаа Сүлжээнд ажилд орох гэж 10 саяаас дээш авилга өгдөг ,ороод шархаа хурдан нөхдөг талаар яригддаг Хамгийн үнэтэй машин техникийг эд нар хэрэглэж хамгийн олон орон сууц ,оффис бариулж байгаа нь ч нууц биш шүүү
Зочин [202.70.44.46] 2022-10-26 05:22:30
2019 оноос хойш үнэ нэмэгдээгүй. 1 шихэрг талхны чинь үнэ энэ хооронд 2 дахин нэмэгдчихсэн байгаа биз.