ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ТОРГОХ ШИЙТГЭЛЭЭС 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРИЙН САНД ОРУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр 2022 оны гуравдугаар улирлын дүн мэдээллийг анилцууллаа.
Тодруулбал,
Монгол Улсын шүүхээс 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 20.8 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.
Үүнээс:
- Улсын тэмдэгтийн хураамж 10.4 тэрбум
- Торгох ял 9.2 тэрбум
- Зөрчлийн хэрэгт торгох шийтгэлээс 1.1 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Улсын хэмжээнд анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 1,503 шүүх хуралдаанд 1,524 иргэдийн төлөөлөгч оролцсон байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 10,443 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1,775 хэргээр буюу 20.5 хувиар өссөн. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 1,743 хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 169 хэргээр буюу 10.7 хувиар өссөн дүнтэй гарчээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 16.7 хувь нь давж заалдах шатны шүүхээр хянагдсан. Хяналтын шатны шүүх тайлант хугацаанд 133 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 7.6 хувийг эзэлж байгаа юм.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах хэрэг өссөн дүнтэй гарчээ. Үүнд:
- Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан 18.2%
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 29.9%
- Дээрэмдэх 49.6%
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 36.3%-аар тус тус өссөн байна.
Ял шийтгүүлэгчдийн дотор 30-34, 35-аас дээш насны ял шийтгүүлэгчдийн тоо 60.6 хувийг эзэлж байгаа юм. Гэм буруутайд тооцсон нийт 12,493 хүн байна. Эдгээрээс
- Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ 119 буюу 1%
- Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 20 буюу 0.2%
- Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн 367 буюу 2.9%
- Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн 1,069 буюу 8.6%
- Нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1,308 буюу 10.5%
- Хорих ялаар 2,083 буюу 16.7%
- Торгох ялаар 6,173 буюу 49.4%
- Зорчих эрхийг хязгаарлах ялаар 1,354 буюу 10.8%-аар тус тус шийтгүүлсэн хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл