Жозеф Байден: Завсрын сонгуулийн үр дүн АНУ-ын гадаад, дотоод бодлогыг өөрчлөхгүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хоёр жилд болдог завсрын сонгуулийн санал тоолох үйл ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар Конгрессын доод танхим төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам олонх болох төлөвтэй, харин дээд танхим Сенатад Ардчилсан нам олонх болж магадгүй байна. Одоо АНУ-ын Аризона, Невада мужуудын тойрогт нэр дэвшигчдийн саналын зөрүү маш ойрхон, энэ 2 тойрог Сенатын танхимд аль нам хяналтаа тогтоохыг шийдвэрлэх төлөвтэй болжээ. АНУ-ын ерөнхийлөгч Байден завсрын сонгуулийн дүн одоогийн засаг захиргааны гадаад дотоод бодлого, тэргүүлэх чиглэлийг өөрчлөхгүй гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал, завсрын сонгуулиар АНУ-ын хууль тогтоох байгууллага конгрессын 435 суудалтай доод танхим төлөөлөгчдийн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь, 100 суудалтай дээд танхим сенатын 35 суудлыг шинээр сонгож байна. Санал тооллогын урьдчилсан дүнгээр төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдах нам 209 суудал, ардчилсан нам 191 суудал авч байна. Одоогоор 16 тойрогт Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн санал давуу яваа бол 4 тойрогт ардчилсан намын санал давуу дүнтэй байна. Сенатын танхимд бүгд найрамдах нам 49, ардчилсан нам 48 суудал тус тус, нэг тойрогт ардчилсан намын нэр дэвшигчийн санал давуу байна.

Жоржиа мужид 50 хувийн босго давах нэр дэвшигч гарахгүй бол ирэх сарын 6-нд хоёр дахь шатны санал хураалт явуулж магадгүй юм байна. Төлөөлөгчдийн танхимд 435 суудлын 218-ыг авсан нам олонх болно. Одоогоор бүгд найрамдах нам 225 суудал авах магадлалтай дүн харагдаж байна. Харин 100 суудалтай сенатад хяналтаа тогтоохын тулд 51 суудал хэрэгтэй.

Сенатыг даргалж байгаа Ардчилсан намын дэд ерөнхийлөгчид нэг саналын эрх байгаа учир Ардчилсан намд одоо 50 суудал авахад хангалттай юм. Энэ удаагийн сонгуулиар Бүгд найрамдах нам инфляцын хөөргөдлийг онилж, олон нийтийн санаа бодолд эрх барьж байгаа намын эсрэг сөрөг сурталчилгаа ихээхэн явуулсны дүнд завсрын сонгуульд үнэмлэхүй олонх буюу улаан давлагаа үүснэ гэж таамаглаж байсан. Гэвч бүгд найрамдах нам үнэмлэхүй олонхын суудал авч чадахгүй нь тодорхой болж байна.

Үүнд ерөнхийлөгч Байден сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн ч Ардчилсан нам зарим мужид ялагдал хүлээснийг хүлээн зөвшөөрч байгаа аж. Конгрессын хоёр танхимд ерөнхийлөгчийн нам хяналтаа алдвал засаг захиргааны бодлого урагшлахад ихээхэн төвөг учрах юм. Байден талархлын баярыг гэр бүлтэйгээ тэмдэглэсний дараа ирэх оны эхээр 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эсэх шийдвэрээ зарлахаа мэдэгджээ. Харин бүгд найрамдах намаас 2024 онд дахин нэр дэвших магадлалтай байгаа ерөнхийлөгч асан Дональд Трамп завсрын сонгуулийн үр дүн харсныхаа дараа ирэх 7 хоногт шийдвэрээ зарлана гэдгээ мэдэгдээд байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.85] 2022-11-12 21:34:28

Инфляци өсгөж дэлхий дахинд эдийн засгийн хямрал үүсгэдэг ардчилалаар яах юм. Галт зэвсэг худалдаалж дэлхий дахинд дайн өдөөдөг ардчилалаар яах юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.