Истанбул хотын төвд бөмбөг тавьсан байж болзошгүй этгээдийг баривчилжээ
Туркийн цагдаа нар ням гарагт Истанбул хотын Бейоглу дүүргийн Истикляль гудамжинд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй хүнийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгджээ. Түүний мэдээлснээр, Бейоглу дүүрэгт бөмбөг тавьсан этгээдийг Истанбулын аюулгүй байдлын газрын ажилтнууд баривчилсан байна. Террорист халдлагын ул мөр Сири рүү хөтөлж байгааг нотлох баримт байгаа бөгөөд Туркийн эрх баригчид террорист байгууллага гэж үздэг бүлэглэлүүд үүнд оролцсон байж магадгүйг Сойлу онцолжээ. Түүний хэлснээр, одоогоор халдлагыг үйлдэхэд оролцсон байж болзошгүй 20 гаруй хүнийг баривчилсан байна.
“Бидний тооцоолсноор, халдлага үйлдэх тушаал Кобанигаас ирсэн бол халдлагыг үйлдэгч нь Афринаас ирсэн” гэж тэрбээр хэлжээ. Кобани болон Африн нь Курдийн ажилчны нам (КАН), Сири дэх курдүүдийн "Өөрийгөө хамгаалах ардын хүчин" үйл ажиллагаагаа явуулдаг, Сирийн хойд хэсэгт оршдог хотууд юм. "Дэлбэрэлтийн ард эдгээр байгууллага байгааг бидний дүгнэлт харуулж байна" гэж сайд нэмж хэлсэн байна.
Ням гаргийн үдээс хойш Истанбул хотын Бейоглу дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй, жуулчид олноор очдог Истикляль гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн шархаджээ.
Истанбул хотын захирагч Али Ерликая твиттер хуудсандаа мэдээлснээр, 50 хүн эмнэлгээс гарсан бөгөөд 31 хүн эмчийн хяналтад байгаа бол эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн таван хүний хоёрынх нь биеийн байдал хүнд хэвээр байгаа аж.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг хэрэгт террористуудын ул мөр байгаа гэж өмнө нь мэдэгдсэн. Тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октай дараа нь мэдэгдэхдээ, тэсрэх бөмбөгийг эмэгтэй хүн тавьсан гэжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Zochin [84.189.81.88] 2022-11-14 08:57:53
Umhii laliin shadhintanguudaas muu muuhai buhen gardag hudlaa shashin yariad arhi dars uuhgui gesen murtluu arhi darsnaasaa door nugel hiij amidardag muuhai humuus emegtei huniig dord uzsen zavaan humuus