Мадрид хотод эсэргүүцлийн жагсаал боллоо
Ням гарагт Испанийн нийслэл Мадрид хотод олон арван мянган нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд болон тэднийг дэмжигчид төв талбайдаа гарч жагсаал цуглаан зохион байгууллаа. Тэд анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд илүү олон мэргэжилтэн хэрэгцээтэй байгааг эрх баригчдаас шаардсан байна.
Жагсагчид Мадридын консерватив бүс нутгийн засгийн газар нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог аажмаар татан буулгаж байгааг мөн эсэргүүцэж байгаа юм байна. Энэ нь хувийн хэвшлийг дэмжсэн алхам гэж тэд үзсэн байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагаан өмсгөл өмссөн байсан учраас "цагаан түрлэг" гэж нэрлэсэн уг жагсаалыг нэрлээд "Мадрид олон нийтийн эрүүл мэндийн төлөө босож байна" гэсэн уриан дор нэгджээ.
Өнгөрсөн даваа гарагаас тус бүс нутагт хэсэгчилсэн жагсаал эхэлсэн бөгөөд Мадридын бараг 5,000 гаруй эмч мэргэжилтнүүд арваннэгдүгээр сарын 21-нд бүх нийтийн ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгджээ. Жагсаалыг холбогдох холбоод, үйлдвэрчний эвлэл, зүүний үзэлтэй улс төрийн намуудаас уриалсан гэж олон улсын хэвлэлүүд дурдсан байна.
Тус улсын Ардын намын Исабель Аюсо тэргүүтэй Мадридын бүс нутгийн засгийн газар сүүлийн жилүүдэд, ялангуяа COVID-19 тахал 2020 онд эхэлснээс хойш эмнэлэг, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төвүүдийн боловсон хүчнийг хангаж чадахгүй байна гэх шүүмжлэлд өртсөн байна. Гэвч тэрээр боловсон хүчний хомсдол байгааг үгүйсгэж, эсэргүүцлийн жагсаал, ажил хаялтыг ирэх онд болох хотын болон бүс нутгийн сонгуулийн өмнө зүүний намууд зохион байгуулсан ажил гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Харин жагсаал зохион байгуулагчид Мадрид бол нэг хүнд ногдох орлогоороо Испанийн бүс нутагт тэргүүлдэг боловч эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэг хүнд ногдох хамгийн бага мөнгө зарцуулдаг бүс нутаг гэж хэлжээ. Тэд Мадридын эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулсан 2 евро тутамд нэг нь хувийн хэвшилд ордог гэдгийг ч мөн шүүмжилжээ.
Сэтгэгдэл