“Их-20”: Ши Жиньпин, Жо Байдентай биечлэн уулзана
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн талаарх асуудлуудад анхаарлаа хандуулан ажилладаг “Их-20”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали хотноо даваа гарагт эхэллээ.
Энэ үеэр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй биечлэн уулзана гэж Цагаан ордон мэдээллээ. Энэ нь Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших Жиньпинтэй уулзаж байгаа анхны биечилсэн уулзалт болох юм.
Учир нь Барак Обамагийн Засгийн газарт дэд ерөнхийлөгч байхдаа Байден Хятадад айлчилснаас хойш Ши Жиньпинтэй уулзаагүй. Харин ерөнхийлөгч болсноосоо хойш таван удаа утсаар болон цахимаар ярилцсан байна. Энэ удаагийн уулзалтаар тэд Украинд үүссэн хурцадмал асуудал, Тайванийн газар нутгийн маргаан, Хойд Солонгосын нөхцөл байдал, худалдаа гэсэн өргөн хүрээнд хэлэлцэхээр болжээ.
Энэ талаар Жо Байден “Би Ши Жиньпинийг, Жиньпин ч намайг маш сайн мэднэ.Ирэх хоёр жилийн хугацаанд бидэнд юу хамгийн чухал болоод бид улаан шугамны яг хаана нь зогсож байгаагаа мэдэх боломжтой” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Харин саяхан бүрэн эрхийн хугацаагаа сунгасан Хятадын удирдагч Ши Жиньпинийн тухайд Аргентин, Франц, Сенегалын ерөнхийлөгчтэй уулзана гэдгийг Хятадын төрийн хэвлэл мэдээлээд байна.
Хонгконг, Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцсон, АНУ Хятадын технологийн компаниуд хориг тавьсан зэргээс үүдэн сүүлийн хэдэн жилд Америк, Хятадын харилцаа эрс муудаад байгаа юм. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсан нь энэ байдлыг улам хурцатгасан. Тодруулбал, түүний айлчлалын дараа Хятадын Засгийн газар Тайванийг өөрийн арал хэмээн зарлаж, арлын ойролцоо агаарын болон тэнгисийн цэргийн сургуулилт хийсэн нь олон улсын анхаарлыг ихээр тасан юм. Тиймээс энэ уулзалтаар хоёр орны харилцаанд эерэг өөрчлөлт гарна гэж найдаж байгаа талаараа Цагаан ордон мэдээлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл