Дэлхийг шинэ хүйтэн дайнаас хамгаалахыг уриалав
Дэлхий шинэ хүйтэн дайны байдалд орж, хэдэн хэсэгт хуваагдах ёсгүй гэж Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсын Бали аралд эхэлж буй “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлэхдээ мэдэгдлээ. "Бид дэлхийг хэдэн хэсэгт хуваах ёсгүй. Бид дэлхийг ээлжит хүйтэн дайн руу гулсан орохыг зөвшөөрөх ёсгүй" гэж тэрбээр мэдэгджээ. Ж.Видодо үгийнхээ ихэнх хэсгийг индонез хэлээр хэлсэн боловч энэ хэсгийг англиар хэлсэн байна. Индонезын Ерөнхийлөгч Украин дахь мөргөлдөөнийг шууд дурдалгүйгээр дайныг зогсоох хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
"Бид бүгд зөвхөн ард түмнийхээ өмнө төдийгүй дэлхийн бүх ард түмний өмнө хариуцлага хүлээдэг" хэмээн тэрбээр тэмдэглэв. “Ийм нөхцөлд хариуцлагатай байна гэдэг нь бид дайныг зогсоох ёстой гэсэн үг юм. Хэрэв дайн дуусахгүй бол дэлхий дахин цааш хөдлөхөд хэцүү байх болно. Хэрэв дайныг зогсоохгүй бол одоо үе болон хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээхэд бидэнд хэцүү байх болно" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хорин орны удирдагчдын уулзалт Бали аралд өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 16-нд дуусна. Уулзалтад оролцогчид хүнс, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, дижитал өөрчлөлтийн үйл явц болон эрүүл мэндийн салбарын асуудлуудыг хэлэлцэх юм. “G20”-ийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжлахаар гадаадын 2000 гаруй сэтгүүлч хүрэлцэн иржээ.
Сэтгэгдэл