АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар сармагчны цэцгийн оношлуурт зөвшөөрөл олгожээ
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ сармагчны цэцгийн вирусээр халдварласан байж болзошгүй хүмүүсээс цуглуулсан сорьцоос уг вирусний ДНХ-г илрүүлдэг “Roche” компанийн оношлуурт яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг мягмар гарагт олгожээ. Швейцарын компанид бүтээсэн оношлуур нь мөн ХДХВ, гепатит B, C вирусийг илрүүлдэг байна. Хүнс, эмийн чанарын хяналтын газрын мэдээлснээр, ийнхүү оношлох лабораториудад тодорхой шалгуур тавих ажээ.
Энэ он гарсаар дэлхийн 100 орчим улс оронд сармагчны цэцэг өвчний ойролцоогоор 80 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд наймдугаар сард ийм тохиолдлын тоо оргил үедээ хүрснээсээ хойш буурах болжээ. АНУ-д энэ онд халдварын 28 мянга гаруй тохиолдол илэрч, хоёр хүн нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан хэвээр байгаа юм.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл