80 настай М.Макконнелл Сенатын танхимын БНН-ын бүлгийн даргаар улиран сонгогджээ
АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Бүгд найрамдах намын /БНН/ бүлгийн даргаар Митч Макконнелл лхагва гарагт улиран сонгогджээ. Сенатын танхим дахь БНН-ын бүлгийн даргын албыг олон жил хашиж буй Кентукки муж улсын сенатч М.Макконнелл Флорида муж улсын сенатч Рик Скоттыг 37-10 саналын харьцаагаар ялсан байна. Өдгөө 80 настай М.Макконнелл уг албанд улиран сонгогдсондоо баяртай байгаагаа “Twitter” хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Ардчилсан намынхны /АН/ хувьд Сенатын танхимд олонхын байр сууриа хадгалах төлөвтэй байна.
Харин завсрын сонгуулиар бүх 435 гишүүнийг сонгодог Төлөөлөгчдийн танхимд аль нам хяналтаа тогтоох нь тодорхойгүй хэвээр байна. БНН-ынхан одоогоор 217 суудалд ялалт байгуулснаар олонх болоход ердөө нэг суудал дутуу байгаа бол АН-ынхан 207 суудал аваад байгаа бөгөөд үлдсэн 11-д нь аль нам ялалт байгуулах нь тодорхойгүй байна. Мягмар гарагт Төлөөлөгчдийн танхимын БНН-ынхан одоогийн цөөнхийн бүлгийн дарга Кевин Маккартийг танхимын дараагийн даргын албан тушаалд нэр дэвшүүлжээ. Харин ирэх хоёр жилд Конгрессын доод танхимын АН-ын бүлгийг хэн даргалах нь одоогоор тодорхой болоогүй байна. Шинэ Конгресс 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр анхны хуралдаанаа хийнэ.
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.221] 2022-11-17 07:37:34
Монгочуудын хувьд аль бараг нөгөө ертөнцөд илгээх нас байна даа. Монголчууд 60 хүрээгүй байхад хөгшин өвгөн, эмгэн гээжд эхэлнэ.