К.Фүмио, Ши Жиньпин нар Бангкок хотноо уулзана
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт буюу өнөөдөр Бангкок хотноо хэлэлцээ хийнэ. Япон, Хятадад "хамтран ажиллах олон боломж байгаа боловч шийдэгдээгүй олон асуудал байна" гэж К.Фүмио өмнөх өдөр нь сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр удахгүй болох уулзалт нь Токио, Бээжингийн хооронд үр бүтээлтэй, тогтвортой харилцааг бий болгоход хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтын үеэр К.Фүмио Ши Жиньпинд Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэж магадгүй. Японы Ерөнхий сайд Тайванийн асуудлаар байр сууриа илэрхийлж, асуудлыг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг уриалж магадгүй гэж эх сурвалжууд үзэж байна. Ши Жиньпин 2020 оны хавар Японд айлчлах төлөвтэй байсан боловч цар тахлын улмаас айлчлал хойшлогдсон юм. Токио Хятадын даргын айлчлалд онцгой ач холбогдол өгч байсан бөгөөд энэ үйл явдал хоёр орны харилцаанд шинэ эрин үеийг нээх ёстой гэж Абэ удаа дараа мэдэгдэж байсан билээ.
К.Фүмио, Ши Жиньпин нарын удахгүй болох уулзалт хоёр орны харилцаанд нэлээд хурцадмал асуудлууд үүсээд байгаа үед болох юм. Тэдгээрийн нэг нь Япон, Хятадын хооронд газар нутгийн маргааны сэдэв болоод буй Зүүн-Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арлыг тойрсон зөрчил юм.
Түүнчлэн Тайванийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал Японы эрх баригчдыг түгшээж байгаа юм. Долоодугаар сард Японы Батлан хамгаалах яам “Цагаан ном”-доо БНХАУ тус арал дээр десант буулгах бүрэн хэмжээний ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна, Тайваньд учирч болзошгүй аюул заналыг “онц өндөр” гэж үнэлж, цэргийн хүчний салбарын хүндийн төв Бээжин рүү шилжсэнийг онцолсон байна. Японы Ерөнхий сайд, БНХАУ-ын дарга хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард уулзсан бөгөөд тухайн үед Хятадын удирдагч Японы Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Абэ Шинзотой хэлэлцээ хийж байв.
Сэтгэгдэл