Их Британид инфляц 41 жилийн дээд түвшинд хүрчээ
Их Британид инфляцын түвшин энэ оны 10 дугаар сард 11.1 хувьд хүрч өссөнөөр сүүлийн 41 жилийн дээд түвшинд хүрснийг лхагва гарагт танилцуулсан статистикийн мэдээлэл харууллаа. Их Британийн Засгийн газар эрчим хүчний төлбөрт дэмжлэг үзүүлэх багц танилцуулсныг үл харгалзан хий, цахилгааны үнэ инфляцын түвшин өсөхөд хамгийн их нөлөө үзүүлсэн гэж Үндэсний статистикийн товчоо /ONS/ мэдээлжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийн үнэ ойролцоогоор 130 хувиар өссөн бол цахилгааны үнэ 66 орчим хувиар өссөн гэж тус товчооны ахлах эдийн засагч Грант Фитцнер ярьж байна. Хүнсний үнийн өсөлт мөн инфляц өсөхөд нөлөөлжээ.
Эрчим хүч, хүнсний үнэ нэмэгдэж байгаа нь өндөр орлоготой өрхүүдтэй харьцуулахад нийт зардлынхаа ихэнх хувийг тэдгээрийг худалдан авахад зарцуулдаг бага орлоготой өрхүүдэд илүү нөлөөлж байгааг тайланд онцолсон байна. “Эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг дахин өндөр түвшинд хүргэсэн ч дээд цэгтээ хүрч байгаа шинж тэмдгүүд ажиглагдаж байна. 2023 онд инфляц нэг оронтой тоонд хүрч буурна гэж төсөөлж байна” гэж Их Британийн Аж үйлдвэрийн холбооны эдийн засагч Алпеш Палежа хэлжээ.
Сэтгэгдэл