Японы инфляц 40 жилийн дээд түвшинд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Японы хэрэглээний суурь инфляц 10 дугаар сард 3.6 хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж “Kyodo” агентлаг засгийн газрын мэдээллээс иш татан уламжилжээ. Энэ нь Японы Төв банкны зорилтот 2 хувийн түвшнээс ихээхэн давсан үзүүлэлт юм. Тус банкны тэргүүн Курода Харүхико инфляц тогтвортой байхгүй, иймээс мөнгөний бодлогод яаралтай өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.

Японы үнийн өсөлтийг тусгасан гол үзүүлэлтэд шатахууны үнэ багтдаг боловч хурдан мууддаг бүтээгдэхүүний үнийг оруулдаггүй, учир нь ийм бүтээгдэхүүний үнэ хэт хүчтэй хэлбэлздэг байна. Яг энэ индексээр Японы Төв банк инфляцын зорилтот түвшинг тогтоодог. Есдүгээр сарын инфляц эдгээр барааны үнийг оруулсан тооцоогоор 3.7 хувьтай гарчээ. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэр болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн, мөн иенийн ханш мэдэгдэхүйц суларсантай холбоотойгоор Японд инфляц дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Үнийн өсөлтийн хурдац мөн хэрэглээний татварын хэмжээ өссөний улмаас инфляцын хөөрөгдөл бүртгэгдэж байсан 2014 оны хурдцыг давжээ.

Японд дөрөвдүгээр сараас хойш үнэ хурдацтай өсөж байгаа юм. Тодруулбал, амархан мууддаг бүтээгдэхүүний үнийн индексийг оруулаагүй тодорхойлсон үндсэн инфляц дөрөвдүгээр сард 2 хувийг давж, 2.1 хувьтай тэнцсэн байна. Тавдугаар сарын инфляц мөн ийм хувьтай гарсан бол зургаадугаар сард 2.2 хувь, долоодугаар сард 2.4 хувь, наймдугаар сард 2.8 хувь, есдүгээр сард 3 хувь болж өссөн байна.

Инфляц долоо дахь сардаа дараалан Японы Төв банкны зорилтот түвшнээс давсан бөгөөд тус банк 2 хувийн тогтвортой инфляцад хүрэхийн тулд мөнгөний хэт сул бодлого баримталж, зах зээлийг идэвхжүүлэх зорилгоор бодлогын хүүг хасах түвшинд байлгаж байгаа юм. Энэ нь иенийн ханш сулрах гол шалтгаануудын нэг болж буй. Учир нь үнийн хэт өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөдөг Барууны орнуудтай хүүгийн зөрүүгээс болж доллароор илэрхийлэгдэх хэрэгсэлд хөрөнгө оруулах нь илүү ашигтай болдог байна. Баасан гаргийн өглөөний байдлаар нэг ам.доллартой тэнцэх иенийн ханш 140.37-140.38 түвшинд байна.

Инфляц зорилтот хэмжээнээс нь давж, иенийн ханш унасан нь сөрөг хүчин болон хүн амын зарим хэсгийн шүүмжлэлд өртөх шалтгаан болж байгаа хэдий ч Японы Төв банкны удирдлага хэт зөөлөн бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэж, цар тахлын дараа тус улсын эдийн засаг сэргэх хурдац Өрнөдийнхөөс удаан байгааг онцлон тэмдэглэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.