“Twitter”-ийн олон ажилтан ажлаасаа гарах төлөвтэй байна
Америкийн “Twitter” нийгмийн сүлжээний компанийн шинэ эзэмшигч Илон Маск “олон цагаар шаргуу ажиллах” эсвэл ажлаасаа гарах шаардлагыг ажилтнууддаа тавьсантай холбоотойгоор олон зуун ажилтан ажлаа орхих төлөвтэй байна. Ажлын байрны нөхцөлийн талаар судалдаг “Blind” хавсралтын явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, 180 ажилтны 42 хувь нь ажлаасаа гарах замыг сонгосон гэдгээ хэлжээ. Энэхүү хавсралт нь ажилтнуудыг ажлынх нь цахим шуудангийн хаягаар баталгаажуулан нэрээ нууцлан мэдээлэл өгөхийг зөвшөөрдөг байна.
Харин санал асуулгад оролцогчдын дөрөвний нэг нь ажилдаа “үлдэх” сонголтыг “дурамжхан” хийсэн хэмээн хариулсан бол ердөө 7-хон хувь нь “үргэлжлүүлэн ажиллана” гэсэн хариулт өгчээ.
Үүнээс гадна И.Маск зарим шилдэг ажилтантай уулзаж, ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг ятгаж байгаа талаар “Twitter” компанийн нэгэн ажилтан болон саяхан ажлаасаа гарсан ч хамтран ажиллагсадтайгаа холбоотой байгаа өөр нэгэн ажилтан мэдээлсэн байна. Хэдийгээр “Twitter”-ийн хэдэн ажилтан компанидаа үргэлжлүүлэн ажиллах замыг сонгосон нь тодорхойгүй байгаа ч И.Маск ажилчдынхаа тэн хагасыг, тэр дундаа өндөр албан тушаалтнуудыг яаравчлан халж, олон цагаар шаргуу ажиллахад онцгой анхаарал хандуулан тогтсон хэв маягийг өөрчилж байгаатай холбоотойгоор зарим ажилтан ажилдаа үлдэх дургүй байгааг дээрх тоо харуулжээ.
Сэтгэгдэл