БНТУ Сири, Ирак дахь Курдын зэвсэгт бүлэглэлүүдийн баазуудыг агаараас бөмбөгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Турк улсын Истанбул хотод халдлага үйлдсэний хариуд хөрш Сири, Ирак дахь Курдын зэвсэгт бүлэглэлүүдийн баазуудад агаараас цохилт өгч байна. Туркийн эрх баригчид 7 хоногийн өмнө Истанбулд болсон халдлагатай холбогдуулан 60 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. Анкара уг халдлагыг Курдын хөдөлмөрчний нам үйлдсэн гэж буруутгаж байгаа ч тус нам халдлагад ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгээ мэдэгдээд байна.

Туркийн батлан хамгаалахын сайд Сири, Иракийн хойд нутагт агаараас цохилт өгч, Курдын хөдөлмөрчний намын салбар гэгддэг Курдын зэвсэгт бүлэглэлийн баазуудыг устгасан гэж мэдэгджээ. Мөн батлан хамгаалахын сайд нь сая явуулсан бөмбөгдөлт амжилттай болсон, цаашид Туркийн ард түмний аюулгүй байдалд заналхийлсэн хэн ч байлаа гэсэн хариуцлага тооцох болно гэж мэдэгджээ. Тус улсын батлан хамгаалах яам агаарын довтолгоог Эф-16 сөнөөгч онгоц болон агаарын дроноор өгч байгааг харуулсан дүрс бичлэгийг хэвлэл мэдээллээр үзүүлсэн байна. Турк улс НҮБ-ын дүрмийн 51-р заалтын дагуу өөрийгөө хамгаалах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд энэ ажиллагааг эхлүүлсэн гэж батлан хамгаалах яам нь тайлбарлажээ. Туркийн арми агаараас 25 удаа бөмбөг хаясан, агаарын бөмбөгдөлтөд 31 хүн амь үрэгдсэнээс Курдын зэвсэгт бүлэглэлүүдийн гишүүд багтсан гэж Сири дэх хүний эрхийн байгууллагаас мэдэгджээ.

Харин Сирийн Курдууд Туркийн агаарын довтолгоонд энгийн иргэд амь үрэгдсэн талаар мэдээлжээ. Өнгөрсөн 7 хоногт Истанбулын жуулчны гудамжинд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 6 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан. Турк энэ халдлагыг Курдын хөдөлмөрчний намын салбар бүлэглэлүүд үйлдсэн гэж үзэж байгаа. Турк болон Өрнөдийн орнууд Курдын хөдөлмөрчний намыг алан хядагч байгууллагын жагсаалтад оруулсан байдаг.

Харин Курдын хөдөлмөрчний нам Сирийн ардчилсан хүчний далбаан дор Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд Америктай холбоотон болж оролцож байжээ. Курд үндэстний энэ нам 1984 оноос хойш турк улсаас тусгаар тогтнохын төлөө тэмцэл хийж байгаа. Курдууд болон Туркийн хоорондын тэмцлийн улмаас 10 гаруй мянган хүн амь үрэгдсэн гэж үздэг юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.