Японы Ерөнхий сайд АНУ-д айлчлахаар төлөвлөж байна
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр АНУ-д ирэх оны нэгдүгээр сард айлчлахаар төлөвлөж байна гэж Японы Засгийн газрын эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ. Айлчлалыг нэгдүгээр сарын 7-9-ны орчимд хийхээр товлож байгаа бөгөөд энэ нь К.Фүмиогийн хувьд Ерөнхий сайдын албыг өнгөрсөн оны 10 дугаар сараас хашиж эхэлснээсээ хойш Вашингтонд хийх анхны айлчлал болох ажээ. Ерөнхий сайд мөн нэгдүгээр сарын дундуур Швейцарын Давос хотод болох олон улсын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Европын орнуудаар хийх айлчлалаа төлөвлөж байгаа гэж эх сурвалжууд хэлжээ. Тэдний мэдээлснээр, Токио, Вашингтоны засаг захиргаа мөн Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын “2+2” хэлбэрийн аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээг Вашингтон хотноо нэгдүгээр сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөж байна.
БНАСАУ баллистик пуужинг урьд хожид байгаагүй олноор харваж, тэр дундаа 10 дугаар сарын эхээр Японы бүлэг арлуудын дээгүүр 2017 оноос хойш анх удаагаа пуужин харваад байгаа энэ үед Япон АНУ, БНСУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа ажээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа Хятад улс тус арлын эргэн тойронд томоохон цэргийн сургуулилалт хийснээс хойш Тайваньтай холбоотой хурцадмал байдал мөн нэмэгдсэн байна. К.Фүмио мөн Япон улс ирэх оны тавдугаар сард Хирошима хотод “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахыг Ж.Байденд уриалах төлөвтэй байна гэж эх сурвалжууд ярьжээ. Япон, АНУ-ын удирдагчид хамгийн сүүлд энэ сарын эхээр Камбожид болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, Европт айлчлах үеэрээ К.Фүмио Давосын чуулган уулзалтад эдийн засгийн бодлогынхоо талаар илтгэл тавьж, “Долоогийн бүлэг”-ийн бусад орнуудад айлчлахаар төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл