Их Британи Улс гар тээшинд шингэн тээвэрлэхийг хориглодог заалтыг цуцална
Нисэх онгоцоор зорчигчдын гар тээшинд шингэн зүйл авч орохыг хориглодог нийтлэг заалт Их Британид тун удахгүй хүчингүй болох төлөвтэй байна. Өндөр технологийн 3D сканер нэвтрүүлснээр дээрх төрлийн хориг хязгаарлалт 2024 оны дунд үе гэхэд цуцлагдахаар байгааг "Би Би Си" Британийн эрх баригчдаас иш татан мэдээлсэн байна.
Шинэ төхөөрөмжийг нэлээд өмнө суурилуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас хойшилсон юм байна. Одоогийн байдлаар нисэх буудлын шалгалтаар орж байгаа зорчигчдын гар тээшинд 100 мл-ээс илүүгүй шингэн зүйл байхыг зөвшөөрдөг, гэхдээ тухайн шингэнийг тунгалаг гялгар уутанд ороож, бусад ачаа тээшнээс тусад нь сканерийн туузан дээр ил тавьж шалгуулдаг журам үйлчилдэг. Гэхдээ нэг хүнд 1 литрээс илүүгүй шингэн оногдохоор байх ёстой байдаг аж.
Энэ журмыг 2006 онд буюу Британийн цагдаагийнхан уух шингэн бүхий лонхонд дэлбэлэх төхөөрөмж нууж орох замаар 10 хүртэл онгоцонд дэлбэрэлт үйлдэхээр төлөвлөж байсан гэмт хуйвалдааныг илрүүлсний дараа баталсан байдаг. Улмаар ийм хязгаарлалтыг дэлхий даяар мөрдөх болсон түүхтэй юм байна.
Харин одоо хэрэглээнд нэвтрүүлэх шинэ төрлийн сканер нь эмнэлгийн компьютер томографын аппараттай ижил, тээшин доторх бүх зүйлсийг илүү тодорхой 3 хэмжээст дүрсээр харах боломж олгодог байна. Ийм сканеруудыг 2017 оноос Лондоны Хитроугийн олон улсын нисэх онгоцны буудалд туршиж эхэлсэн. “Саяхнаас ийм төхөөрөмжийн тоог нэмэх замаар тус нисэх буудлын 3-р терминалын аюулгүйн бүсийг тэлж өргөтгөсөн. 2024 оны дунд үеэс өмнө бүх нисэх буудлын төхөөрөмжийг бүрэн шинэчилж дуусгах товыг Тээврийн яамнаас тогтоож өгсөн” гэж Хитроу нисэх буудлын гүйцэтгэх захирал “Таймс” сонинд ярьжээ.
Энд мэдээлснээр ийм шинэ өөрчлөлтийн талаар нисэх буудлууд Зул сарын баяраас өмнө зарлахаар зэхэж буй юм байна. АНУ-ын хэд хэдэн нисэх буудалд мөн хэдийнэ ашиглаж эхлээд байгаа энэ шинэ технологийн ачаар Их Британийн онгоцны буудлууд дээрх үзлэгээр орох үед үүсдэг урт дараалал эрс багасна гэж эрх баригчид найдаж байна.
Ирландын Шанноны нисэх буудалд мөн энэ жилээс уг шинэ технологи нэвтэрснээр 100 мл шингэний зөвшөөрлийн журам үйлчлэхээ больсон байна. Үүний ачаар зорчигчдын шалгалтаар ороход зарцуулдаг цаг хоёр дахин багассаныг буудлын зүгээс мэдэгджээ.
Энэ ташрамд дурдахад, дэлхий даяарх зорчигч тээврийн урсгал өнгөрөгч есдүгээр сард цар тахлаас өмнөх үеийн 73 хувьд хүрсэн гэсэн Олон улсын агаарын тээврийн холбооны сүүлийн мэдээ байгаа юм.
Сэтгэгдэл