ХБНГУ болон БНФУ-ын удирдагчид уулзаж, хэлэлцээ хийлээ
ХБНГУ-ын Канцлер Олаф Шолц болон БНФУ-ын Ерөнхий сайд Елизабет Борн нар баасан гарагт Берлин хотноо уулзлаа. Тэд эрчим хүчний салбарт үүсээд буй хямралыг даван туулах арга замын талаар хэлэлцэж, мөн бусад олон салбарт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү уулзалт нь эрчим хүч, батлан хамгаалах, аж үйлдвэрийн бодлого зэрэг гол асуудлаар Франц-Германы харилцаанд үл ойлголцол үүссэн гэсэн мэдээлэл хэдэн долоо хоног хэвлэлээр цацагдсаны дараахан болж байна. ХБНГУ БНФУ руу цахилгаан эрчим хүч экспортолж, хариуд нь хийн нийлүүлэлт авч байгаа бөгөөд уулзалтын үеэр хоёр тал цаашид энэ салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцон, хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан талаар мэдээллээ.
Баасан гарагийн уулзалтын үеэр Германы Канцлер Олаф Шольц Франц, Герман хоёр улсын харилцаа "ойр бөгөөд баялаг" байдгийг онцлоод, Европын холбооны цаг уурын бодлогыг хамтдаа урагшлуулах зэрэг олон салбарт нягт хамтран ажиллаж байна гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Мөн энэ үеэр Олаф Шолц Ираны уран баяжуулах үйл ажиллагааг дурдаад, Европын холбооны зорилго бол тус улсыг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх хэвээр байгааг онцоллоо. Тэрбээр Ираныг цөмийн бөмбөгтэй болохоос сэргийлэх, мөн зэвсгийг зөөвөрлөх пуужинтай болохоос татгалзах хүртэл бүхий л алхмыг хийх болно гэдгийг онцгойлон тэмдэглэсэн байна.
Харин БНФУ-ын Ерөнхий сайд Елизабет Борн "Манай хоёр орны найрамдалт харилцаа хамгаас чухал бөгөөд олон сорилтыг даван туулж ирсэн. Цаашид ч олон асуудлын ард хамтдаа гарч чадна гэдгээ аль хэдийн нотолсон юм" гэж хэлээд хоёр улс Европын холбооны гол түлхүүр байж, Европыг урагш "алхуулах" олон чухал шийдлийг хамтдаа гаргаж чадна гэдгээ илрэхийлжээ.
Сэтгэгдэл