Дэлхийн хамгийн том, идэвхтэй галт уул дэлбэрлээ
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Мауна Лоа хэд хоногийн өмнөөс дэлбэрч, халуун лаав ойр орчмын хот тосгод руу хүрэх магадлалтай байгааг АНУ-ын холбогдох албаныхан сэрэмжлүүлсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Тухайн үед иргэдийн оршин суудаг тосгоноос хол зайтай байсан ч лаав улам ихээр оргилж, Хавайн Их арлын зүүн, баруун хэсгийг холбодог гол замд ойртон ирснийг мэдэгдлээ. Хэдэн арван жилийн турш хүмүүс Хавайн галт уулсаас урсаж буй лаавын урсгалыг зам, орон сууц, дэд бүтцээс өөр зүгт чиглүүлэхийг оролдсоор иржээ. Гэвч энэ оролдлого төдийлөн үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй юм.
Ойрын өдрүүдэд Мауна Лоа галт уул дахин идэвхжиж халуун лаав, үнс нурам тургиж эхэлсэн байна. Одоогийн байдлаар лаавын урсгалын чигийг өөрчлөх ямар нэгэн үр дүнтэй ажил хийх болов уу хэмээн ард иргэд найдан хүлээж байна. Гэвч хүмүүс ийм их хэмжээний лаавын урсгалыг өөрчилж байсан түүх ховор гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ.
Лаавын урсгалын чиглэл, хурд зэрэг нь газар нутгийн тогтцоос хамгийн их шалтгаалдаг байна. Мөн тус бүсийн оршин суугчид байгаль дэлхий тэр дундаа Хавайн галт уул, галын бурхан Пелед хөндлөнгөөс нөлөөлөх нь сүсэг бишрэлийн үүднээс төдийлөн таатай биш гэж үздэг байна. Гэхдээ тус галт уулын лаавын урсацыг өөрчлөхөөр аль 1881 оноос эхлэн удаа дараагийн ажлууд зохион байгуулагдаж байсан юм.
Тухайлбал, 1881 онд лаавыг зогсоох залбирлын өдрийг албан ёсоор зарлаж, түүнээс 50 жилийн дараа Хавайн галт уулын ажиглалтын төвийг үүсгэн байгуулагч Томас Жаггар лаавын урсгалыг таслахын тулд уулын дээр бөмбөг дэлбэлэхийг санал болгож байсан удаатай. Мөн үүнээс гадна дэд хурандаа Жорж Паттоны удирдлага дор 20 жижиг хэмжээний тэсрэх бөмбөгийг онгоцоор уулын дээрээс унаган дэлбэлж байсан түүхтэй юм байна.
Гэвч энэ нь эсрэгээрээ лаавын урсгалыг улам түргэсгэх болсон гэж АНУ-ын Геологийн албаны геологич Ховард Стернс ярьжээ. Тиймээс одоогийн байдлаар лаавын урсгалыг өөрчлөх арга төдийлөн авч хэрэгжүүлээгүй байна. Хэрвээ лаав хурдны замыг давж гарвал 2018 онд өөр замууд мөн лааванд хучигдан сүйдэж дахин тэр хэсгийг шинээр барьж байсантай адил төстэй арга хэмжээ авч шинээр сэргээх болов уу хэмээн албаныхан ярилаа. Мөн Хавайн мужийн иргэний хамгаалалтын газрын захирал Талмадж Магно лхагва гарагт хэлэхдээ тус муж энэ талаар авч хэлэлцсэн ч урсгалыг өөрчлөх тодорхой ажил төлөвлөгөөгүй гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл