БНЭУ ОХУ-аас үргэлжлүүлэн нефть худалдан авна

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэг улс өөрийн эрчим хүчний хэрэгцээг эн тэргүүнд чухалчлах болно. Энэ үүднээс Оросоос нефть худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн байр сууриа нотолсон байна. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар Нью-Делид 2 өдрийн айлчлалаар очсон германы ижил түвшний сайд Анналена Бербоктой хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд ингэж мэдэгдсэн байна. “Европын орнууд өөрсдийн эрчим хүчний хэрэгцээг эн тэргүүнд авч үздэг атлаа Энэтхэгээс өөрийг шаардаж байгаа нь зөв биш” гэж Жайшанкар сайд хэлжээ.

Энэтхэгийн тухайд, сая ЕХ болон Долоогийн бүлгийн орнуудаас Оросын нефтийн үнэд тогтоосон баррель тутамд 60ам.доллароос илүүг төлөхгүй байх үнийн дээд хязгаарыг мөрдөх үүрэг хүлээгээгүй. Даваа гарагаас хэрэгжиж эхэлсэн энэхүү үнийн дээд хязгаар нь Москвагийн цэрэг дайны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулах ашигт малтмалын орлогыг хязгаарлаж, бас оросын нефть дэлхийн зах зээлд гарахгүй болох нөхцөлд үнийн хөөрөгдөл үүсэхээс зайлсхийхийг оролдож байгаа Өрнөдийн арга хэмжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд энэхүү үнийн хязгаарын тухайд ямарваа тайлбар хийлгүй, гагцхүү ЕХ-ны орнууд Энэтхэгээс хавьгүй их хэмжээний ашигт малтмал Оросоос авдаг гэдгийг дурджээ. Оросын нефтийн үнэ хямд учраас Энэтхэгт ашигтай гэдгээр Энэтхэгийн албаныхан Оросоос нефть худалдаж авч байгаадаа зөвтгөж байна.

Эрчим хүчний түүхий эд нийлүүлэлтийг хянадаг “Вортекса” платформоос иш татан “Пресс траст ов Индиа”-д мэдээлснээр, өнгөрөгч 10-р сард гэхэд Энэтхэгийн Оросоос авсан нефтийн импорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, ОХУ Энэтхэг рүү хоногт гаргадаг нийлүүлэлтээрээ тус улсын хамгийн том нефть нийлүүлэгч улс болжээ. Дээрээс нь Энэтхэг, Оросын удирдагчид ойр нягт харилцаатай, Москвагийн эсрэг өрнөдийн хоригуудыг Нью-Дели өнөө хэр дэмжээгүй байгаа.

Энэтхэг, Германы Гадаад яамны сайд нар тэрчлэн, хоёр улсын хоорондын худалдааг төрөлжүүлэх, Орос Украины дайнаас болж дэлхий нийтэд учирч байгаа үр дагаврууд, ашигт малтмалд суурилсан эрчим хүчийг халах чиглэлд хамтран ажиллах зэрэг асуудлуудаар санал солилцжээ. Герман улс Энэтхэгийн Европ дахь хамгийн том худалдааны түнш орон, мөн германы 1700 гаруй компани Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ улс руу оруулдаг германы хөрөнгө оруулалтын зонхилох хувь нь тээвэр, цахилгаан тоног төхөөрөмж, барилга, худалдаа, автомашины салбарт чиглэдэг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.