Саудын Арабад БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн төв бий болно
Эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор Саудын Арабын нутаг дэвсгэрт БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн төвийг байгуулна гэж тус улсын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман Аль Сауд мэдэгдлээ. "Эр-Рияд, Бээжин эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна" гэж сайд онцлон хэлээд энэ зорилгоор “Саудын Арабын нутагт Хятадын аж ахуйн нэгжүүдийн бүс нутгийн төв байгуулна гэж нэмж хэлсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, "Хятадтай хийж буй Саудын Арабын хамтын ажиллагаа дэлхийн газрын тосны зах зээлд тогтвортой байдлыг хадгалахад хувь нэмэр оруулжээ". Саудын Араб "эрчим хүчний эх үүсвэрээр хангах асуудалд Бээжингийн найдвартай түнш хэвээр байх болно" гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
Албан ёсны мэдээллээр, энэ оны наймдугаар сард Саудын Араб Хятадад нийлүүлсэн газрын тосны хэмжээгээрээ ОХУ-ыг ардаа орхисон байна. БНХАУ-ын Гаалийн удирдах газрын мэдээллээс үзвэл, наймдугаар сард Саудын Араб тус улсад нийт 6.8 тэрбум ам.долларын өртөг бүхий 8.48 сая тонн газрын тос нийлүүлжээ. Саудын Арабын эрчим хүчний сайд дээрх мэдэгдлийг Хятадын дарга Ши Жиньпиний Эр-Риядад гурван өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай мэдээлэлтэй зэрэг шахам хийсэн юм.
Энэ өдрүүдэд Хятадын удирдагч Саудын Арабын хаан болон Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын удирдагчидтай уулзаж, Хятад-Арабын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Эр-Риядад удахгүй болох уулзалтад Арабын 30 орон, байгууллагын удирдагчид уригджээ.
Айлчлалын үеэр Хятад, Саудын Арабын стратегийн түншлэлийн харилцааны баримт бичигт гарын үсэг зурахаас гадна, хоёр улсын урт хугацааны хөтөлбөрүүд болох Саудын Арабын “Алсын хараа 2030” хөтөлбөр, Хятадын "Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Хятад-Саудын Арабын дээд хэмжээний уулзалтын үеэр мөн 29 тэрбум гаруй ам.долларын 20 гаруй урьдчилсан хэлэлцээр байгуулахаар төлөвтэй байна.
Сэтгэгдэл