БНСУ-д сансрын автомат жолоодлогот хөлөг хөгжүүлэх төв нээгджээ
БНСУ-д дахин ашиглах боломжтой сансрын автомат жолоодлогот хөлгийн хөтөлбөрийг хөгжүүлэх судалгааны төвийн ажлыг албан ёсоор эхлүүллээ. Сөүлийн үндэсний их сургуулийн дэргэд нээгдэж буй тус төвийн гол үүрэг бол дахин ашиглах боломжтой сансрын автомат жолоодлогот хөлгүүдийн технологийг судлах, хөгжүүлэх явдал юм.
Өмнөд Солонгосын Зэвсэглэл худалдан авах газар /DAPA/ ирэх зургаан жилд энэ зорилгод 27 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус төвийн ажилд 14 их, дээд сургуулийн 240 гаруй мэргэжилтэн оролцох юм байна. Мөн “Korea Aerospace Research Institute”, “Hanwha Aerospace Co.” зэрэг БНСУ-ын дөрвөн том компани төсөлд оролцож байгаа ажээ.
Ийм төв нээх нь БНСУ-ын дэвшилтэт сансрын технологийг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг юм. БНСУ сансрын аппаратаа 2032 он гэхэд Сар луу, 2045 он гэхэд Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байгааг Ерөнхийлөгч Юн Сок Ёл 11 дүгээр сард мэдэгдсэн. Ирэх жил тус улсад NASA-тай төстэй Үндэсний сансрын агентлаг байгуулагдах төлөвтэй байна. Сансар судлалын хөтөлбөрийг өргөжүүлэх нь Юн Сок Ёлын сонгуулийн өмнөх амлалтуудын нэг юм.
Сэтгэгдэл