Газрын тосны үнэ унажээ
Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвт шинжээчид санаа зовних болоод байгаа энэ үед газрын тосны үнэ мягмар гарагт огцом унажээ. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн газрын тосны хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.33 ам.доллар буюу 4.15 хувиар унаж, 76.93 ам.долларт хүрсэн бол Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх үнэ 3.81 ам.доллароор /4.43 хувь/ буурч, 82.1 ам.долларт хүрсэн байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, улмаар газрын тосны эрэлт буурах вий гэдэгт сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгчид санаа зовних болжээ. Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр, 2023 онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орох эрсдэлтэй байгааг цохон тэмдэглээд, энэ он өнгөрсөн жилээс “хүндхэн” өнгөрөх төлөвтэй байгааг сэрэмжлүүлсэн юм.
Үүнээс гадна АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч байгаа нь ч мөн газрын тосны үнэд нөлөөлж байна. Мягмар гаргийн арилжаагаар голлох зургаан валютын эсрэг ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс 0.95 хувиар өсөж, 104.5070 нэгжид хүрчээ.
Сэтгэгдэл