К.Фүмио, Ж.Байден нар Вашингтонд уулзана
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Цагаан ордонд нэгдүгээр сарын 13-ны өдөр уулзана гэж тус ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мягмар гарагт мэдээлжээ. “Ерөнхийлөгч Байден Японы үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратеги хийгээд энэ онд “Долоогийн бүлэг”-ийн орнуудыг даргалж буйг нь бүрэн дэмжиж байгаагаа нотолно” гэж К.Жан-Пьерийн мэдэгдэлд дурдсан байна. К.Фүмиогийн хувьд Цагаан ордонд хийсэн анхны айлчлал энэ болох юм.
“Хоёр орны удирдагчид АНУ-Японы эвсэл түүхэнд байгаагүйгээр хүчирхэгжсэнийг цохон тэмдэглэж, угтаж буй оныхоо түншлэлийн чиг шугамыг тодорхойлох болно” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ.
Япон улс үндэсний аюулгүй байдлын гурван үндсэн баримт бичгийг саяхан шинэчлэн боловсруулсантай холбогдуулан К.Фүмио, Ж.Байден нар Япон-АНУ-ын эвслийн тогтоон барих, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл