ИРГЭДЭД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙЧДЫГ БАРИВЧЛАВ
Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 2021 оноос хойш 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид олж илрүүллээ.
Тодруулбал, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “У” гэгч “Д”, “Б”, “М”, “С” нартай бүлэглэн орон нутагт барилгын ажил хийхээр, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн айл өрхүүдийг судалж алт, мөнгө болон үнэт эдлэл зэргийг хулгайлан үнэт эдлэлийн ченжүүдэд худалдан борлуулж байсан нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөргөний шүрэн толгой, 15 ширхэг хөөргөний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлийг хураасан бөгөөд дээрх этгээдүүд хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргээс олсон орлогоо хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх замаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан байна. Мөн тээврийн хэрэгсэл худалдан авч, гэр бүлийн гишүүдээ гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Zochin [202.126.89.83] 2023-01-05 22:53:36
Hulgaichdiin huruug ni tsavch tair!! Muu buzriin hulgaichdiin
Зочин [114.137.146.250] 2023-01-05 16:48:40
Овоо булдруунууд юм даа.