Дэлхийн мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд хайлж үгүй болох төлөвтэй байна

Aдмин / Гадаад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн мөсөн голуудын тэн хагас нь, тэр дундаа жижиг голууд энэ зууны эцэс гэхэд хайлж үгүй болох төлөвтэй байгаа ч дэлхийн дулаарлыг тогтоон барьснаар заримыг нь хадгалж авч үлдэх боломжтой болохыг нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ. Дэлхийн 215 мянган мөсөн голын хэтийн төлөв байдлын талаарх хамгийн дэлгэрэнгүй судалгааг Америкийн “Science” сэтгүүлд пүрэв гарагт нийтэлсэн байна. Мөсөн гол хайлснаас үүдэн далайн түвшин нэмэгдэх, цэвэр усны нөөц хомсдох тул ийм үр дагавраас сэргийлэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь чухал ач холбогдолтой болохыг судлаачид онцлон бичжээ.

Судалгаагаар бодлого боловсруулагчдад чиглэл болохын тулд дэлхийн дулаарал мөсөн голуудад хэрхэн нөлөөлөхийг тодорхойлохдоо дэлхий цельсийн 1.5 хэм, 2.0 хэм, 3.0 хэм, 4.0 хэмээр дулаарах дөрвөн хувилбарыг гаргасан байна.

Ослогийн их сургуулийн судлаач, судалгааг ахлан явуулсан Регина Хок, агаарын хэм нэмэгдэх тусам голууд улам хурдацтай хайлж, устаж үгүй болно хэмээгээд, энэ өсөлтийг бууруулж чадвал төдий чинээгээр мөсөн гол үгүй болохоос сэргийлж чадна гэв. Дэлхийн улс орнууд Парисын гэрээгээр тохиролцсончлон дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтдоо хүрсэн ч 2100 он гэхэд дэлхийн мөсөн голуудын 49 хувь нь хайлж үгүй болно гэж судлаачид тооцоолжээ.

Жижиг мөсөн голууд эхэлж хайлах тул энэ нь дэлхийн мөсөн бүрхүүлийн массын 26 орчим хувьтай тэнцэнэ. Цаашлаад дэлхий 2.7 хэмээр дулаарахад Төв Европ, Канадын баруун хэсэг АНУ, Шинэ Зеландын мөсөн гол ерөнхийдөө бүхэлдээ хайлж үгүй болох тооцоо гарчээ. Харин Европын Альп, Кавказ, Андын нуруу, мөн АНУ-ын баруун хэсэг зэрэг харьцангуй цөөн мөсөн голтой бүс нутгууд энэ зууны эцэс гэхэд аль ч хувилбараас үл хамааран ерөнхийдөө бүх мөс нь хайлна гэж Р.Хок хэллээ.

“Бодлого боловсруулагчдаас их зүйл хамаарна”

Дэлхийн температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс цельсийн 4 хэмээр нэмэгдэх хамгийн таагүй хувилбараар бол Аляскагийнх шиг том мөсөн голууд хайлж, энэ зууны эцэс гэхэд бүх мөсөн голын 83 хувь нь устаж үгүй болно.

Жуулчид АНУ-ын Аляска муж улсын Палмер хотын ойролцоох Матануска мөсөн голыг үзэж сонирхох аяллын үеэр мөсөн дээгүүр алхаж буй нь /2022 оны долоодугаар сар/

Мөсөн голууд хайлснаар далайн түвшин улам нэмэгдэнэ. Р.Хокийн тайлбарлаж буйгаар, судалж буй мөсөн голууд нь дэлхийн бүх мөсөн давхаргын ердөө нэгхэн хувийг эзэлж байгаа бөгөөд Гренланд, Антарктидын мөсөн давхаргатай харьцуулахад хамаагүй бага байна. Гэсэн хэдий ч мөсөн голууд өнгөрсөн 30 жилийн хугацаанд далайн түвшнийг Гренланд, Антарктидын мөсөн давхаргыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдүүлжээ.

Дэлхийн цельсийн 1.5 хэмийн дулаарал нь далайн дундаж түвшнийг 9 см-ээр нэмэгдүүлэх бол 4.0 хэмээр дулаарвал 15 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр 9-15 см-ийн хооронд тийм ч их зөрүү байхгүй мэт боловч судлаачид далайн түвшин нэмэгдэхээс илүүтэй хүн төрөлхтөнд улам их гарз хохирол дагуулах далайн шуурганы давтамж ихсэхэд санаа зовниж байна.

Үүний сацуу мөсөн голууд хайлж үгүй болох үзэгдэл нь манай гаргийн хоёр тэрбум гаруй хүний ундны усны эх үүсвэрт нөлөө үзүүлнэ. Ийм голууд нь зуны улиралд бороо их ороогүй, халуун үед усны хомсдолыг нөхдөг гэж Р.Хок ярилаа. НҮБ-ын уур амьсгалын асуудал эрхэлсэн судлаачдын гаргасантай харьцуулахад илүү бүрхэг гэж үзэж болох судалгааны төсөөллүүдийг мөсөн гол бүрийн массын олон арван жилийн ажиглалт, компьютерийн загварчлалыг ашиглан тооцоолжээ. Р.Хокийн хэлснээр, хүн төрөлхтөн дэлхийн дулааралтай дорвитой тэмцсэнээр мөсөн голын хайлж устаж үгүй болох явцыг сааруулж удаашруулах боломжтой бөгөөд бодлого боловсруулагчдаас их зүйл хамаарах ажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.