Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэй суллагджээ

Aдмин / Гадаад мэдээ

Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулчдын нэг гэгддэг Ана Монтес АНУ-ын шоронд 20 гаруй жил хоригдсоны эцэст суллагдсан талаар “The Washington Post” сонин мэдээлжээ. Өдгөө 65 настай Монтесийг биеэ зөв авч явсан тул хугацаанаас өмнө сулласан аж. Тэрбээр Техас муж улсын Форт-Ворт дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэхийн баазын шоронд хоригдож байсан байна.

Монтес АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газарт шинжээчээр ажиллаж байхдаа 20 шахам жил Куба улсын талд тагнуул хийжээ. 2001 онд баривчлагдсаных нь дараа түүнийг Кубад явуулж байсан АНУ-ын тагнуулын бараг бүх ажиллагааг илчилсэн гэж эрх бүхий байгууллагууд мэдэгдэж байв. Монтес АНУ-д баривчлагдаж байсан тагнуулууд дундаас хамгийн "аюултай", Америкийн тагнуулын албаны түүхэн дэх хамгийн их хэмжээний хохирол учруулсан тагнуулуудын нэгд тооцогддог аж.

Хүйтэн дайны үеийн бусад алдартай тагнуулчдаас ялгаатай нь Монтес өөртөө санхүүгийн ямар ч ашиг олох зорилгогүйгээр зөвхөн үзэл суртлын шалтгаанаар Кубад тусалсан гэдгийг Америкийн прокурорууд хүлээн зөвшөөрч байжээ.

Пуэрто-Рико гаралтай Монтес 2002 оны гуравдугаар сард хэргээ хүлээжээ. 2002 онд түүнд Америкийн дөрвөн тагнуулчийг илчилсэн, асар их нууц материал задруулсан хэргээр 25 жил хорих ял оноосон байна. Тухайн үед Кубын эрх баригчид Монтесийг тус улсын тагнуулын албанд мэдээлэл өгдөг байсныг хүлээн зөвшөөрч, нууцын зэрэглэлтэй мэдээллийнхээ төлөө ямар ч төлбөр аваагүй гэдгийг онцолж байв. Шоронгоос суллагдсаныхаа дараа Монтес таван жилийн турш хараа хяналтад байх бөгөөд интернэтийн хэрэглээг нь мөн хянана. Түүнд засгийн газарт ажиллах, гадаадын тагнуулуудтай зөвшөөрөлгүй холбоо тогтоох, уулзахыг хоригложээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.